Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Хурцыг БНСУ-д суугаа элчин сайдаар томилох асуудлыг хойшлууллаа

УИХ-ын пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг хэлэлцэхээр товлосон. Харин тус хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай хэлэлцүүлгийг хойшлуулав. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал”-ын дагуу томилолтын хугацаа нь дууссан Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Баасанжавын Ганболдыг эгүүлэн татаж, оронд нь Батын Хурцыг томилуулах тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь буюу 78.6 хувь нь дэмжсэн.

Харин чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны лхагва гарагийн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүний эрхтэй холбоотой асуудал хөндөгдсөн. Үүнийг тодруулах шаардлагатай тул Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөхийг хойшлуулах горимын саналыг Улсын Их Хурлын Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар  гаргав. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 49 гишүүний 63.3 хувь нь дэмжиж, 2017 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөхийг хойшлуулав. 

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ “Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд би сууж чадаагүй. Орой зурагт үзсэн чинь миний нэрийг хавчуулсан байна. Тодруулбал, Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайд байхдаа зэвсгийн наймаа хийж, 300 мянган доллар нэхэмжилсэн бичиг ирж, үүнээс болж Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан. Харин үүнийг Ц.Нямдорж сайд мэдэж байгаа гэсэн байсан. Тэгэхээр нь Хойд Солонгосоос ирүүлсэн гэх тэрхүү бичгийг хайлгасан. Гэвч тийм бичиг ирээгүй байна. Өчигдөр л анх удаа тийм бичиг гэж сонслоо. Энэ бүхнийг тодруулах хэрэгтэй. Эхний ээлжинд гишүүдийн нэр төрд халдсан асуудлыг цэгцэлж, нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Тусгай хяналтын дэд хорооны гишүүдээ соль. Мөн намайг Эрдэнэт үйлдвэрт 42 сая ам.доллар шахсан гэж мэдэгдсэн. Үүнийг шалгаж, нэр төр цэвэрлэж өгөхийг шаардаж байна. Тиймээс өнөөдөртөө томилгооны асуудлыг хойшлуулах саналыг дэмжиж байна” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.