Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Би цааш нь юм ярих уу, “хэрэггүй юү”

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг томилолтын хугацаа нь дууссан тул эгүүлэн татаж, оронд нь Б.Хурцыг томилох талаар зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн, оролцсон 14 гишүүний 11 нь буюу 78.6 хувь нь дэмжлээ. Т.Аюурсайхан, Л.Болд, О.Содбилэг нар нэр дэвшигчийг дэмжсэнгүй.

Улмаар ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбогдуулан Ж.Батзандан нарын 21 гишүүний саналаар сонсгол хийхээр болов. Уг сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийг тус байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулан гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Томилгооны сонсголыг хэзээ зохион байгуулах талаар УИХ-ын удирдлагатай ярилцаж шийднэ. Гэхдээ Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө зохион байгуулах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзэж байна.

Б.Хурцыг Элчин сайдаар томилох, эсэхийг хэлэлцсэн уг Байнгын хорооны хуралдаан хурц өрнөлтэй болсон юм. Хуралдааныг хаалттай горимоор явуулах саналыг Н.Энхболд гишүүн гаргасан ч гишүүд дэмжээгүй бөгөөд ил хэлсэн үг, яриа нь тэднийг нэлээд сандаргалаа.

Гишүүн Л.Болдын асуултанд нэр дэвшигч Б.Хурцын өгсөн хариулт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг илүүтэй сандаргав бололтой. Тэрбээр хуралдааныг сурвалжилж байсан сэтгүүлчидтэй уулзан, тайлбар хийхийг хичээсэн юм. Тус хуралдааны үеэр илэрхийлсэн гишүүдийн байр суурь, нэр дэвшигчийн хариултыг хүргэж байна.

Л.Болд: -Б.Хурц бол тушаал биелүүлдэг, генерал хүн. Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. Тэдний ар гэрээс хэн уучлалт гуйх вэ. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн байдал нь маш хүнд байхад хүчээр авч явж, байцаалт авсан. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг ч мөн ажлаа хийж байхад нь дуудаж аваачаад шалгасан. Тэд маш хүнд нөхцөлд байсны эцэст тэнгэрт хальсан. Энэ хэргийг дээрээс хэн захиалсан юм бэ?

Б.Хурц: -За, уучлаарай. Ийм юмыг ил ярих болж байх шиг байна. Л.Болд гишүүн өмнө хашиж байсан албатайгаа холбоотой зүйл асуулаа, баярлалаа. Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад хоёр, гурван асуудалд орж, АТГ-т шалгуулж байсан.

Нэгдүгээрт, Хойд Солонгост зэвсэг зарах гэж 300 мянган ам.долларыг та авсан. Энэ оны зургадугаар сарын 12-нд тус улсын прокурорын байгууллага танаас 500 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг илгээсэн. Танаас болж тэнд хоёр хүн цаазлуулсан, нэг генерал ял авсан. Нээлттэй ярья. Энэ хүнээс болж “Молекул” гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. БХЯ-нд техникийн нөхцөлгүйгээр орон сууц барьсан.

Тэдний гэрт албан албан ёсоор нэгжлэг хийсэн. ГХЯ-ны барилгыг та бас тэднээр бариулсан. Та шударга хүн мөн үү. Та бид хоёр ашиг сонирхлын зөрчилтэй. Би цааш нь юм ярих уу, хэрэггүй юү. М.Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан.

Л.Болд: -Та нар алсан шүү дээ.

Б.Хурц: -Битгий тэгж гүтгэ. Тэр үед юу болсныг би мэдэхгүй. Та нар тодорхой бус юм яриад хуулийн байгууллага руу дайрдаг. Би хамт ажиллаж байсан залуучуудаа өмөөрнө шүү. За, хувийн юм ярьчих шиг боллоо, уучлаарай. Танаас болж хоёр хүн цаазлуулсан. 300 мянган ам.доллароо та төлөх ёстой шүү. Зургадугаар сарын 12-нд ирсэн бичиг нь ил байгаа. АТГ, Ц.Нямдорж сайд мэдэж байгаа.

Н.Энхболд: -Ийм болохоор л хаалттай явуулъя гэсэн юм. Горимын санал хэлье.

Л.Болд: -Горимын санал хэлье. Ийм хачин юм ярьж, улайм цайм гүтгэж байна шүү дээ. Ц.Нямдорж сайдыг бас яг ингэж гүтгэсэн. Сая түүний ярьсан асуудал ямар нэг байдлаар Хойд Солонгос, тэр дундаа зэвсгийн наймаатай холбоогүй. УИХ-ын хуралдааны протоколд ч бий. Энэ бүх хэрэг залилан байсан. Үүнийг би өөрөө хуулийн байгууллагад өгч, шалгуулсан шүү дээ.

Намайг буруутгаж, өөлөх гэсэн хандлага, захиалга байсан. Хэрэв үнэн байсан бол энэ их эрх мэдэлтэй хүмүүс нийлж байгаад намайг нөгөө ертөнц байтугай газар шилжүүлэх байсан биз. Өнөөдөр тэгээгүй л байгаа биз дээ. Тийм болохоор шүүмжилсний төлөө ингэж улайм цайм гүтгэж, нэр төрд халдлаа. Би хуулийн байгууллагад хандана.

Н.Энхболд: -Иймэрхүү нөхцөл үүсэх болов уу гэж бодсондоо түрүүнд горимын санал гаргасан. Дарга аа, эсвэл горимын санал дахин гаргаж, хаалттай хуралдъя. Эсвэл томилгооныхоо талаар л хэлэлцье. Бид асуудлаасаа халиад байна. Л.Болд хэлэх ёстой зүйлүүдээ ярьсан гэж бодож байна. Гэхдээ хаана, ямар дэгээр ярих вэ гэдэг нь тусдаа асуудал.

О.Содбилэг: -Түрүүнд горимын санал гаргасан ч нээлттэй хуралдахаар болсон. Хэлэлцэх асуудалтайгаа холбоотой зүйл ярья. Гишүүд анхааралтай хандана уу.

Ж.Батзандан: -Горимын шинж чанартай зүйл хэлэхэд хувийн болон албаны, байгууллагын нууцтай холбоотой зүйл ярихдаа УИХ хаалттай ярилцдаг. Уг нь нийтийн сонсгол явуулъя гэсэн ч байнгын хороо руу шууд хэлэлцчихээд асуудлыг жонхуу болгочихлоо. Гэхдээ хэдэн зүйл хэлье. Өнгөрсөн дөрвөн жилд МАН сөрөг хүчин байхдаа гишүүд нь хууль, хяналтын байгууллага биднийг дарамтлаад байна гэдэг байсан.

Тэгэхэд Б.Хурц АТГ-ын дэд дарга байсан. Хэрэв МАН-ынхны ярьж байсан зүйл худлаа бол Б.Хурцаас уучлал гуй. Түүнчлэн тагнах, чагнах тухайд Л.Болд гишүүний ярьж байгаа нь үнэн шүү дээ. С.Ганбаатар Ерөнхийлөгчид нэр дэвшингүүт Өмнөд Солонгосын иргэнээс мөнгө авч байгаа бичлэг гарсан. У.Хүрэлсүх Баатар хоёрын бичлэг ч байна. Энэ бүхнийг хэн хийгээд байдаг юм бэ. ТЕГ хяналт тавьж, бүртгэл хөтлөх ёстой. Энэ байдал хяналтаас гарчихсан юм уу. Д.Энхбатыг Франц, Германаас хил дамнуулан Монголд авчрахад та оролцсон.

Улмаар баригдаж, Английн шоронд хэдэн сар хоригдсон. Гэхдээ Монголын төр тагнуулчаа буцааж авчирсан. Тэр хүн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй болох нь гурван шатны шүүхээр тогтоогдсон. Төр түүний гэр бүлээс уучлалт гуйх ёстой. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг юм бэ. Та бол даалгавар биелүүлсэн хүн.

Мөн ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарын гэр бүлтэй холбоотой гомдол Өргөдлийн байнгын хороонд ирдэг. “Мандах гэдэг эмэгтэйгээс өргөдөл ирээд байна. Энэ гэр бүл чамаас болж хохирсон, хэлмэгдсэн гээд байх юм. Чи үнэнийг хэлж өгөөрэй. Нэр төрөө цэвэрлээрэй” гэж би танд хэлж байсан. Энэ талаар тайлбар сонсмоор байна. ТЕГ-ын дарга үе үе хурц мэдэгдэл хийж болдог юм уу.

Б.Хурц: -Яах вэ, хариулах уу, тэгээд.

Ж.Батзандан: -Бичгээр хариулт өгсөн ч болно. Нээлттэй сонсгол дээр ярьсан ч болно.

Б.Хурц: -За, яах юм бэ. Хариулчихъя, тэгэх үү. Гишүүд зөвшөөрөх үү. Товчхон хариулчихъя, хуулийн хүрээнд.

Я.Санжмятав: -Хэрүүл болно шүү дээ. Одоо Ц.Нямдорж сайдын талаар тайлбар хэлбэл нөгөөх нь дахиад л юм ярина. Хязгаартай хариулт хэлж, томилгоогоо л яръя. 22 гишүүн гарын үсгээ зурчихсан юм чинь сонсголоо ямар ч байсан хийе.

Т.Аюурсайхан: -Хуралдаан буруу явчихлаа. Тагнуулын байгууллагыг удирдаж байсан хүн нийгэмд ноцтой мэдээлэл хийлээ. Ийм нөхцөл, эргэлзээг тайлалгүй, шууд Байнгын хороогоор яриад явчихлаа. Тийм учраас сонсгол хийж, эргэлзээгээ тайлсны дараа уг асуудлыг ярих саналтай байна. Сонсголоо хийгээгүй байгаа учраас Б.Хурцыг дэмжих боломжгүй. Ер нь Монголын төр ийм л болчихсон юм байна.

Хэнийх нь үнэн болохыг мэдэхгүй, хүний аминд хүрчихсэн, хөрөнгө мөнгө завшсан тухай ярьдаг болжээ. Би нэр дэвшигчтэй хувийн ямар нэг харилцаа байхгүй. Нүүр тулж биечлэн уулзаж ч үзээгүй. Тагнуулын байгууллага улс төрийн зорилгоор ажилладаг болсон гэх яриа байна. Улстөрчдийн но-г нь олоод ашиг хонжоо хайдаг, бизнесийнхнийг тагнадаг, дарамталдаг, хуулийн байгууллагын удирдлагууд нь нэгээс нөгөөд шилжин томилогддог.

Энэ бүхэн ТЕГ улс төрийн зорилгоор ажилладаг юм байна гэсэн ойлголт төрүүлэх боллоо. Чухам олон нийтийн анхааралд орсон, ийм хүнийг томилох саналыг оруулж ирэхдээ Ерөнхийлөгч судалж үзсэн юм уу. Түүнтэй холбоотой яриаг байх л ёстой зүйл гэж үзсэн юм уу. Эсвэл Б.Хурцтай холбоотой мэдээллийг гүтгэлэг гэж нотолсон юм уу. Гүтгэсэн бол эргэлзээг тайлах хэрэгтэй.

Т.Тэгшжаргал (Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх): -Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу нэр дэвшигч уг үүрэгт ажлыг гүйцэтгэх боломжтой гэж Ерөнхийлөгч үзэж, зөвшилцөх санал өргөн мэдүүлсэн.

Д.Цогтбаатар (Гадаад харилцааны сайд): -Засгийн газраар хэлэлцэхийн өмнө бид зохих газруудаас мэдээлэл, тодорхойлолт авч, хуулийн хүрээнд ажилладаг. Ер нь бол Гадаад харилцааны болон Батлан хамгаалах яам, тагнуулын байгууллага аливаа мэдээллийг боловсруулан, улс орны аюулгүй байдлын төлөө бодлого гаргаж ажилладаг.

Тэгэхээр хууль, эрх зүйн хувьд ямар ч асуудалгүй бол түүнийг дэмжихгүй байх шалтгаан үгүй. Тагнуулын байгууллагыг удирдаад явж байсан хүнээс татгалзах зүйл байгаагүй учраас Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн барьсан.

Н.Номтойбаяр: -Би ч хүнд таалагдах юм асуухгүй л болов уу. Миний нэрийг хасчих, асуухаа болилоо. Бөөн хэрүүл болно, яршиг.

Я.Санжмятав: -Нэр дэвшигч хүчний байгууллагад ажиллаж байсан учраас үндсэн сэдвээс халтирчих шиг боллоо. Монгол төрийн төлөө зүтгэж л ажилласан байх. Алдаа, оноо байсан, эсэхийг цаг хугацаа харуулах биз. Харин одоо тэс өөр албанд томилогдох гэж буйгаа анхаараарай. Одоо та тушаалаар явдаг хүн биш болж байна. Олон улсын хэм хэмжээнд захирагдан, дипломат ёс зүй баримтлан ажиллахад анхаарах хэрэгтэй болов уу.

Би генерал, хуулийн, шударга хүн гэх байдлаар хандаж болохгүй. Та томилогдож явахаасаа өмнө үүссэн асуудлуудыг өөрийн биеэр тайлбарлах нь зүйтэй. Хаалттай сонсгол зохион байгуулж, нэлээд сайн ярих хэрэгтэй. Үүний зэрэгцээ та Ц.Нямдорж сайдын талаар тийм зоригтой мэдээлэл хийх байсан юм бол ядаж сайдад дэвших үед нь ярих ёстой байсан болов уу. Яаран тайлбар мэдэгдэл хийлгүй ажиллаарай. Төрийн ажил барьцаалах маягаар явах ёсгүй.

Н.Энхболд: -Америк, Франц, Японтой явуулж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогод ямархуу байр суурь эзэлж байгаа вэ. Манай улсын хувьд гуравдагч хөршийн хэмжээнд том байр суурь эзэлдэг, дэлхийд ч нөлөөтэй эдгээр улсад суух Элчин сайд нарыг төрийн эрх барих дээд байгууллага нь хэдийнэ томилчихсон.

Цаад улс нь ч тэднийг хүлээж авахаа мэдэгдээд 75-130 хоног өнгөрсөн байхад нэр бүхий Элчин сайд нарыг саатуулж байгаагийн цаад шалтгаан юу вэ. Энэ гурван улс манай чухал түншийн жагсаалтаас хасагдаж байгаа юм уу. Эсвэл Монголын төр ийм марзан болчихсон юм уу. Манай дипломатын түүхэнд ийм явдал гарч байгаагүй. Бидний дотоод дахь байр суурийн зөрүү гадаад бодлогод нөлөөлөх ёсгүй. Ажлаа аваад удаагүйг чинь мэдэж байна. Та хариултаа хэлнэ үү. Энэ талаар та Ерөнхийлөгчид юу гэж зөвлөх вэ?

Т.Тэгшжаргал: -Таны дурдсан улсууд манай чухал хөрш хэвээр, харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч байгаа. Таван Элчин сайдтай холбоотой асуудал эхнээсээ шийдэгдэж байгаа. Гадаад бодлогыг “нэг цонх”-оор хэрэгжүүлэх ёстойг Ерөнхийлөгчид зөвлөх болно.

Л.Болд: -Нэр дэвшигч нэлээд реакц үзүүлэх шиг боллоо. Энд хоёр зүйлийг залруулахгүй бол гадаад талд маш буруу ойлгогдоно. Монгол Улс Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийсэн юм шиг ойлголт үлдчихлээ. Ийм юм байхгүй. Тийм оролдлого гарсан нь үнэн. Хэдэн монгол иргэн хэсэг орос хүнтэй нийлж, Монголд хэрэглэж байсан цэргийн эд зүйлийг Орос руу буцааж байгаа нэрээр 300 мянган ам.долларын гэрээ хийсэн нь намайг сайд байхад дамжиж ирсэн.

Бид ч Сайдын зөвлөлөөр шийдсэн. Гэтэл дараа нь НҮБ-аас Оросоор дамжуулан Хойд Солонгос руу зэвсэг зарах гэж оролдож байгаа талаар мэдээлэл ирсэн. Хойд Солонгосын ЭСЯ-ныхан ч уулзсан. Уг асуудлыг бид хуулийн байгууллагад шилжүүлж, холбогдох хүмүүс нь хуулийн хариуцлага хүлээсэн. Мөнгийг нь БХЯ авсан байсан ч буцаан төлсөн. Надаас болж хүн цаазлуулсан, хохирсон мэт ойлгогдлоо. Би албан ёсоор хуулийн байгууллагад хандана. Хойд Солонгос үүнд ямар ч холбоогүйг л ойлгоорой.

О.Содбилэг: -Энэ хүнийг нэр дэвшүүлэх ямар шалтгаан байсан юм бэ. Өөр хүнийг нэр дэвшүүлэх талаар ярьсан уу?

Д.Цогтбаатар: -Манай яам судалдаг. Элчин сайдын талаар зохих бүх түвшинд ярьж байж Засгийн газраар хэлэлцдэг. Б.Хурц нь Унгар, Турк зэрэг улсад дипломат алба хашиж байсан. Өөр хүнийг нэр дэвшүүлэх талаар яриагүй гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Би цааш нь юм ярих уу, “хэрэггүй юү”

  • bitcoin says:

    ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй.Бүртгүүлээд орсны дараа SURF ADSдараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орноhttp://btcclicks.com/?r=95b2c5b7

  • Зочин says:

    Daramtlah gej oroldood bnuu, zanalhiileh gej oroldood bnuu? Ih hurliin gishuun zanalhiileld urtuud bgaam bus uu????

  • Зочин says:

    Монголын төр гэж байна уу? Эсвэл дээрэмчдийн бүлгүүд удирдаад байна уу. Энэ хүнийг байх ёстой байранд нь тавих цаг болжээ…