Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Эрдэнэбат: АН-ЫГ “ЗОДСОН” БОЛГОНЫ ӨӨДӨӨС ЧУЛУУ ШИДДЭГ ЦАГ ӨНГӨРСӨН

 АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Танай нам хоёр ч бүсэд чуулга уулзалт зохион байгууллаа. Бүсийн чуулга уулзалтын зорилго юу юм бэ?

-Анхан шатаа сонсох аяны хүрээнд энэ арга хэм -жээг зохион байгуулж байна. Одоогоор хойд бүсийн чуулга уулзалтыг Архангайд, баруун бүсийнхийг Завхан аймагт хийгээд байна. 2008 онд сонгуульд оролцохдоо АН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, улс төрийн нөхцөл байдлыг гишүүд хэрхэн дүгнэж, улсын хөгжлийн гарцыг юу гэж тодорхойлж буйг сонсож байгаа юм.

Бид Монгол орныг хөгжүүлэх 10 жилийн хугацаатай 10 зөв бодлогоо тодорхойлсон. Нийгмийн бухимдал их байна. Хамтарсан Засгийн газар байгуулснаар харьцангуй тогтвортой нөхцөл бий болж, асуудлыг шийдэж эхэлж. Гэхдээ удаашралтай байна. Нийгэмд шударга ёсыг тогтоож, эрх зүйн зарим чухал шаардлагатай тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Бид хийсэн зүйлээ тайлагнаж, магтуулах гээгүй.

Сайн, муугаа ярьсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, нутгийн удирдлагын асуудлыг онцгойлж үзэх ёстой нь харагдсан. Хэт төвлөрлийг үгүй болгох, улс төрөөр дамжуулж амьдралаа бий болгодог бүлэглэлүүдийг өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлагатай болжээ. Тухайлбал, сумын Засаг даргыг ИТХ-аас нэр дэвшүүлж сонгох ёстой атал дээрээс оролцож шийдэж байна.

Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж буй нь сайн ч нийгмийн бухимдлыг дарж, эрх зүйн орчныг өөрчлөх, шударга ёс тогтоохыг орон нутаг хүсэж байна.

-Танай намаас дэвшүүлсэн 10 зөв бодлогыг хэрэгжүүлэхэд саад болж буй гол юм нь хууль эрх зүй, тогтолцоо гэсэн үг үү?

-Шинэчлэх тухай бид ярьдаг. Гэхдээ үүнийг хуучин суурин дээр хийж болохгүй. 10 зөв бодлогын хэрэгжилт бодит байдал дээр эрх зүйн орчноос хамаараад урагш явахгүй байна. Иргэний шударга нийгэм байгуулж, хууль хяналтын байгууллагыг шударга ажиллуулах, орон нутгийн засаг захиргааны нэгжийн бие даасан байдлыг хангах гэх мэт ажил үүнээс болоод хойшилж байгаа юм.

Гэхдээ дөрвөн бүсийн чуулгаа зохион байгуулсны дараа 10 зөв бодлогын дутуу зүйл дээр дүгнэлт хийгээд ҮЗХ-гоор хэлэл цэнэ. Тэр бол бүсийн чуулга уулзалтад хамрагдсан 21 аймгийн төлөөллийн санал шүү дээ. АН төрийн эрхийг барилцаж, 10 жилийн үндсэн чиглэлээ томъёолсон бол түүнийгээ хэрэгжүүлэх бодлогыг бий болгох зүг рүү явж байна. ҮЗХ-ны шийдвэрээр УИХ дахь АН-ын бүлэгт үүрэг болгож өгнө. Намын бодлого Парламент дээр хэрэгжинэ.

Өнгөрсөн жил бид хуралдахдаа Хүүхдийн мөнгийг 20.000 төгрөг болгох, Тавантолгойн ордыг ашиглаж, иргэдэд хувьцаа олгох үүрэг өгсөн. Энэ асуудал нааштай шийдэгдэж байна. -20 жилийн турш Монгол Улс шилжилтийн үеийг тууллаа. Одоо шинэ үед шилжих цаг болсон, тогтолцоогоо өөрчилье гэж ярих болсон. Бага багаар алхам хийж байна.

Таныхаар одоо энэ ажил хэдэн хувьтай явна вэ?

-20 жилийн хугацаанд бид алдсан, оносноо л ярьж байгаа. Нийгэмд бухимдал байгаа нь бидэнд алдаа бий гэдгийг харуулдаг. Засгийн газрыг хамтарч байгуулах нь зөв, буруу, сөрөг хүчин хэрэгтэй, хэрэггүй гэх мэтээр ярьдаг. Гэхдээ хоёр нам нийлээд бодлогын ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь чухал болохоос аль нэг нам, гишүүний эрх ашгийг хамгаалах нь зорилго биш.

Улс орноо хөгжлийн зөв гольдиролд оруулах эрх нь УИХ-д бий. Үүний тулд улс төрийн намууд зөв дүгнэлт хийж, зөв бодлого боловсруулах учиртай. Түүнээс биш 20 жилийн дотор ямар нэг шилжилт хийж дууслаа гэх нь гоомой дүгнэлт. Харин 20 жил ашигласан, түүхий байгаа эрх зүйн тогтолцоогоо өөрчилсөн цагт шинэчлэлийн үе дуусна. Эрх зүйн тогтолцоо хөгжилд саад болоод байна.

Ний нуугүй хэлэхэд, манай намын 10 жилийн үндсэн чиглэл 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Дээрээ асуудлыг шийдэж чадахгүй байна. Хөл хөдөлж чадахгүй бол хэчнээн шинэ хууль санаачлаад урагш явахгүй. Үүнийг л өөрчлөх нь бидний зорилго.

-Дараагийн бүсийн уулзалтууд хэзээ болох вэ?

-Зүүн бүсийн уулзалт энэ сарын 11-12-нд Сүхбаатар аймагт болно. Таван аймаг оролцоно. Дараагийнх нь долоо хоногт говийн бүсийн чуулга уулзалт Өмнөговь аймагт болно.

-Одоогоор ҮЗХ-ныхоо хурлыг товлоогүй байгаа гэсэн. Энэ сардаа багтаж хуралдах уу?

-Бүсийн уулзалтаас гаргасан саналуудаа нэгтгээд ҮЗХны хурлаа зарлана.

-ҮЗХ-ны хурлаар энэ дүгнэлтээс өөр зүйл ярих уу. Тухайлбал, АН-ын даргын асуудлыг ярина гэсэн мэдээлэл “яваад” байна л даа.

-Хэвлэлээр л тэгж шуугиж байгаа шүү дээ. ҮЗХ-г дарга сольдог хурал шиг л ойлгох юм. Дарга солиод сайхан явсан гэж би лав сонсоогүй. Бас ҮЗХ-нд намын даргыг солих эрх мэдэл байхгүй. Гишүүдийн гуравны хоёрын саналаар их хурлаа хуралдуулах эрх л ҮЗХ-нд бий. Намын даргын асуудлыг ганцхан их хурал шийднэ. ҮЗХгоор өөр ямар асуудал нэмж хэлэлцэх нь гишүүдийн эрх.

Би бодлогын чанартай зүйлээ л ярилаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АН төлөвшлийн хэмжээнд эрчимтэй явж байгаа. Юм болгон дээр орилохгүй байгаа ч биднийг “зоддог” хэвээр байна. АН “зодсон” болгоны өөдөөс чулуу шиддэг цаг өнгөрсөн. Төлөвшихийн тулд өнөөдөр бодлогоо зөв тодорхойлж, хэрэгжүүлэх тухай л ярих ёстой.

Ардчилсан хүчний холбоо бас бүсийн чуулга уулзалт зохион байгуулж байгаа. АН-ын УИХ-ын гишүүдээс уг холбооны удирдлага бүрддэг. Тэд намаа шүүмжилдэг юм билээ. АХХ бол АН-ын бүтцийн байгууллага биш, төрийн бус байгууллага. Тиймээс АН-ыг ч, бусад намыг ч, болохгүй бүхнийг шүүмжилж болно. Олон хүн хамруулахын тулд энэ цагаар бүсийн чуулгыг хийдэг нь нийтийн жишиг.

Түүнээс хоорондоо уралдаад ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа юм биш. Юмыг яаж ч мушгиж гуйвуулж болно. Миний хувьд үүнд эмзэглэх юм байхгүй. АХХ-нд манай УИХ-ын гишүүд байгааг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ тус холбоо Монгол Улсаа хөгжүүлэх талаар саналтай байдаг бол түүнийгээ ҮЗХ-н дээр хэлэг.

-АН энэ өдрүүдэд алдаа, оноогоо шүүж байна. АХХ анх байгуулагдахдаа АНын дутагдалтай зүйлийг шүүмжилж, шаардлагаа хүргүүлнэ гэж байсан. Тэд ямар нэг шаардлага Та бүхэнд тавьсан уу?

-Надад тийм асуудал ирээгүй. Би ганц зүйл хэлье. АН-д фракцууд байдаг юм. Үзэл бодлын, зарчмын зөрүүтэй байгаа, нуух хэрэггүй. Хамтарсан Засгийн газарт АН байх ёстой, эсвэл сөрөг хүчин байх ёстой гэх мэтээр тэд саналаа нээлттэй илэрхийлж байгаа. Ингэж байж бид буруу, зөвийн дэнсийг олдог. Тэгэхгүйгээр АН “Алтангадас”, АХХ гэсэн хоёр том фракцад хуваагдаад даргаа солих гээд үзээд байна гэсэн ойлголтоор асуудалд хандах нь гэнэн явдал.

АН-д 5-6 фракц бий, шуудхан хэлье. Тэд бүгд зөрүүтэй санал гаргаж, өөрийн бодлогын хэмжээнд асуудлыг ярьдаг. Дарга солихын тулд АН байдаг мэтээр төсөөлбөл том эндүүрэл. Фракцуудын байр суурийг ҮЗХны шийдвэрт хэрхэн тусгах тухай л асуудал. ҮЗХ-ны хурлыг удирдаж явуулахдаа би “Бодлогын хэмжээнд асуудлаа ярья.

Хэрэв хэн энэ намыг авч явах чадвартай, үгүйн тухай ярих бол нээлттэй. Гэхдээ олонхийн шийдлийг дагана” гэдэг. Тэр фракцуудын хэний санал хаашаа явах нь олонхийн шийдэлд тусдаг. Түүнээс биш хоёр шаантаг зүүлгээд хооронд нь байлдуулж асуудал шийддэг чанар АН-д байхгүй.

 

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.