Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнгөрсөн 7 хоногт болсон ОНЦЛОХ үйл явдлууд

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

БАГШ НАРЫН ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯЛТ

Багш нарын цалингаа нэмүүлэх тэмцэл үр дүнд хүрч, энэ ондоо багтаан нэг удаагийн буцалтгүй тусламж болох 300 мянган төгрөгийн урамшууллыг авах болсон. Иймд 2018 он хүртэл жагсаал, ажил хаялт зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдээд байсан бол тус мэдэгдлийн дараа Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ) өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт цалин хөлсийг бодитоор нэмэгдүүлэхэд чиглэхэд дэвшилттэй шийдвэрүүд гарсан боловч цалин хөлсийг нэмэгдүүлэх эх үүсвэр болж чадахгүй хэмээн МБШУҮЭХ-ны дарга Д.Батзориг хэлсэн. 

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны багш нар дотроо хоёр хуваагдаж ажил хаяна, хаяхгүй гэсэн хоёрдмол ойлголт нийгэмд  төрүүлээд байсан. Гэтэл өнөөдөр багш нарын дийлэнх нь ажил хаялт зарлалаа. 

ДАХИН НЭГ ОФФШОРЫН “ҮҮЦ” ЗАДАРЛАА

Арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум “Paradise papers” буюу “Диваажингийн баримтууд” хэмээн нэрлэгдэх оффшорт нуугдсан 13.4 сая бичиг баримтыг илрүүлэн, олон нийтэд дэлгэсэн юм. Энэхүү баримт нь Бермудын “Appleby” хэмээх хуулийн фермээс алдагдсан бөгөөд тус ферм нь өнгөрсөн жил хакердуулснаа олон нийтэд мэдэгдсэн. Тус баримтад дэлхийн томоохон 120 мянга гаруй компани болон хувь хүний баримт бүртгэгдсэн байгаа аж. Энэ дунд Английн хатан хаан II Элизабетт, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын танхимын гишүүд, Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос, АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Вилбур Росс болон Apple, McDonald's, Yahoo, Microsoft, Facebook, Nike, Uber зэрэг компаниуд багтжээ. “Бостон” группын мэдээлж буйгаар “”Парадайз”-ын оффшор бүсэд 10 их наяд ам.долларын хөрөнгө хадгалагдаж байгаа юм. 

Баримтуудыг анх Германы “Sьddeutsche Zeitung” сонинд нийтэлсэн байна. Тухайлбал, 2017 оны аравдугаар сарын сүүлчээр Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум “Appleby” фермийг оффшор бүсэд хууль бус баримтууд нууж байгаа талаар мэдэгдсэн бол тус ферм өнгөрсөн жил цахим халдлагад өртөж, зарим баримт алдагдсан ч хууль бус үйлдэл хийгээгүй хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна. Харин баримтууд олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа “хууль бус үйлдэл гэсэн нотолгоо алга” хэмээн мэдэгдсэн аж.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ Ч ДАХИН ХОРИГ ТАВИНА ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан юм. Тус хоригийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороогоор авч үзээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.2 хувь нь дэмжсэн бол УИХ-ын нэгдсэн чуулганаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85,2 хувь нь “Хоригийг хүлээж авах боломжгүй” гэж үзжээ.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “Би бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсан. Хэрэв Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг зүйл яригдаж байгаа бол дахиад хориг тавина. Үнэхээр болохгүй болоод эдгээр хуульд хориг тавьсан юм. Сангийн сайд болсон Ч.Хүрэлбаатарын нэр дээр хориг тавьсан. Бусад сайд нарыг цаг тухайд нь, ялангуяа Ерөнхий сайдыг маш шуурхай зөвшилцөж ажилласан. Ч.Хүрэлбаатар дээр онцгой нөхцөл байгаа. Энэ хүн олон удаа УИХ-д сууж, олон удаа сайд болж байсан. УИХ дотор юу болж байгааг дээд зэргээр мэддэг хүн. 

Одоо уул уурхай эзэмшдэг буюу Тавантолгойг тойрсон хэсэг бүлэг хүмүүс энэ улсыг дахин удирдаж буйг өнөөдөр энд сууж байгаа бүх хүн мэдэж байгаа. Түүний төлөөлөл Сангийн сайд болж байгаа тул эдийн засаг, бизнесийг дэмжих бодлого дээр юу ч явахгүй. Бүх бизнесийг гацаадаг. Өөрсдөд нь орж ирэх зүйл байхгүй л бол гацаадаг. Ийм бүлэглэлийн төлөөллийг өнөөдөр дэмжээд явж байгаад харамсаад хориг тавьсан юм” гэлээ.

ЗАМЫН-ҮҮДЭД НАЙМАН НАСТАЙ ОХИН АЛГА БОЛООД 11 ХОНОЛОО

Арваннэгдүгээр сарын 2-нд алга болсон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн III ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг охиныг эрэн сурвалжлахад ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид, эрэн сурвалжлах алба, эрүүгийн цагдаагийн албаны холбогдох хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн холбогдох 510 орчим хүн охиныг эрж хайн ажиллаж байна. Эрэн хайх ажиллагаанд үр дүн өгөх мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдан авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлээд байсан ч Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс баттай эх сурвалжаас өгсөн мэдээллийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Ингэсэн ч ямар ч шинэ мэдээлэл, сураггүй 11 хонолоо.  Охиныг эрж хайх ажил улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа тасралтгүй явагдаж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Замын-Үүдэд суугаа Консулын газарт Монголын талаас уг хэргийн талаар холбогдох албан тоотыг хүргүүлснээр Хятадын холбогдох байгууллагууд энэ хэрэгт хамтарч ажиллаж байгаа.

УТААНЫ ЭСРЭГ ЭЭЖ ААВУУД ЖАГСАВ

“Утааны эсрэг ээж аавууд”  ТББ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төв байрны гадна хотын даргад хандан жагсаал хийлээ. Тэд гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэж өгөхийг шаардсан юм. Тодруулбал, ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү: Найман жилийн хугацаанд 9,9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих тус хөтөлбөрийн 1,5 их наяд төгрөг нь гэр хороололд дэд бүтэц суурилуулах, Өмнөговийн нүүрсийг Улаанбаатарт авчирч гэр хороололын айлуудад түгээх зэрэг утаатай шууд холбоотой ажилд, үлдсэн хэсэг нь хот хоорондын аялал жуулчлалын үйлчилгээний цэг барих, гүүр, нүхэн гарц байгуулах зэрэг утаатай холбоогүй шахуу ажилд зарцуулахаар байгааг “Утааны эсрэг ээж аавууд” тийм ч үр дүнтэй арга гэж үзэхгүй байна” гэлээ.

Мөн Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх хувь нь гэр хорооллоос үүдэлтэй учир гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэж, орон сууц барих замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой хэмээн үзэж буйгаа уламжилжээ. Үүнээс гадна Нийслэлийн удирдлагын төлөвлөгөөний дагуу энэ онд 5000 айлыг дэд бүтцэд холбосон байх ёстой боловч өдийг хүртэл зөвхөн газар чөлөөлөлтийн ажлаас хэтрээгүй, “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр, “Түрээсийн 6000 айлын орон сууц” зэрэг төслүүд хэрэгжих амлалт нь ч биелээгүй хэмээсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.