Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зургаан сар, 29 хоног, 13 цагийн хүлээлт

Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй.

Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газарт энхийг сахиулж буй ахлагч, офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ.

Ийнхүү долоон сар шахам хугацаанд бэлтгэн хүргэсэн реалити сурвалжилгынхаа сүүлчийн хэсгийг хүргэж байна.

2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны даваа гариг.

Улаанбаатарт цас нэвсийтэл дарж, лавсан орсоор байсан, жихүүн боловч ер бусын чийглэг, сэнгэнэсэн агаар уушгины бяд “шалгасан” энэ орой “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Афганистанаас ирэх Монголын цэргийн багийн V ээлжийн бүрэлдэхүүнийг угтахаар хүлээж авай.

Хаврын эхэн сард мордоод, өвлийн шинэдээр эх орондоо ирж буй хөвгүүдээ Монголын тэнгэр, газар санасандаа хураа харамгүй хайрласаар угтаж байна уу гэлтэй. Гэвч “Тэнгэр бүрхгээс болоод онгоц нь газардаж чадахгүй, хойшлогдох вий дээ” гэж бодохоос долоон сарын дараа эр нөхөртэйгөө, аавтайгаа, хүүтэйгээ уулзахаар 303 дугаар ангийн гадна тэсэн ядан хүлээж буй ар гэрийнхнийх нь өмнөөс санаа зовох тэр мэдрэмж үнэндээ амаргүй байсан.

Товлосон цагт тэнгэрт гэнэт хүчтэй дуу гарч, өтгөн үүлний хаанаас нь гараад ирэв гэмээр том хар онгоц доош шунган газардах агшинд хүлээлт, догдлол хэмээх нэгэн долгион дээр сэтгэлийн утас нь огтлолцож байсан олон хүний санаа амарсан болов уу.

Афганистан улсад явуулж буй энхийг дэмжих ажиллагаанд оролцоод ирсэн цэргийн багийнхныг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт тэргүүтэй албаныхан угтлаа. +26 градусаас -5 градуст, тэгээд болоогүй цасан дунд буугаад, гадаа чамгүй удаан саатсан эрчүүдийн “цөлийн шар” гэж нэрлэгддэг хагас түрийтэй гутал нь хоншоороосоо эхлэн норж, хөлийг нь хайрч буй нь илэрхий ч хашааны гадаа хүлээн зогсоо хайртай бүхнээ хэдхэн мөчийн дараа элгэндээ тэвэрнэ гэхээр энэ зэргийг ажрахгүй байх шиг.

Ямар сайндаа л цэргийн баазаас эх орон руугаа хөдлөхөөр суусных нь дараа онгоц шууд нисэлгүй тэндээ хэд эргэлдэх үед хэн нэг нь “Хүүе, энэ онгоцны нисгэгчид Улаанбаатарт цас орж байгаа гэж битгий хэлээрэй” хэмээсэн гэнэ. Мэдээлэл авахаа хүрвэл тэр байтугайг ч олоод мэдчих бүрэн боломжтойг мэддэг хэрнээ тэгсэн гэхээр хүний сэтгэл яарч дэнслэхээрээ тархийг хүртэл ухамсаргүй үг, үйлдэлд “уруу татдаг” гэлтэй.

Зургаан сар гаруй үргэлжилсэн “Аавын эзгүйд” реалити сурвалжилгын маань гол баатар, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Ч.Мөнхжанцан тэдэн дунд яваа. Зургаан сар, 29 хоногийн дараа гэрийнхэнтэйгээ уулзах гэж байгаа тэрбээр яг юу бодож байгаа бол.

Түүнтэй уулзангуутаа “Та гэрийнхэн рүүгээ утсаар ярьж, буусан гэдгээ хэлэх үү” гээд утсаа өгөхөд “Хань нь ирчихлээ. Удахгүй уулзъя” гэснээс өөр юм ярьсангүй. Яарч догдолсон гэрийнхэнд нь бол хашааны наана, цаана гэсэн өчүүхэн орон зайгаар хязгаарлуулсан дөрвөн цаг гаруйн хугацаа дөрвөн сар, магадгүй дөрвөн жилээс ч урт мэт санагдсан нь дамжиггүй.

Гэхдээ зургаан сар, 29 хоног 13 цагийн дараа гэргий, хүүхдүүдтэйгээ, ээж, ах, эгч нартайгаа уулзахдаа барьц алдаагүй монгол аавыг, цэргийн хүнийг хараад Б.Лхагвасүрэн гуайн “Далд уянга” шүлгийн

Аавыгаа морио эмээллэж байхад нь уяан дээрээ буулаа

Аав минь

Алтан нарны цуулдасыг яран байж харав

Алсын мянган толгодыг хотосхийтэл санаа алдав

Гэлээ ч

Бүтэлтэй явахын заяа түшдэг олмоо чангалтлаа үнссэнгүй

Бүүрэг түшээ юундаа жолоогоо сойтлоо үнссэнгүй

Удаан уулзаагүй хүү минь ирлээ… гэж

Унасан мориныхоо цулбуурыг газар хаядаггүй эцэг минь

Морио тушталаа үнссэнгүй… хэмээх мөрүүд эрхгүй санаанд оров.

210-аад хоногийн турш өдрийн бодол, шөнийн зүүд болсон хүү нь дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгээд ирж байхад өөрөө тосолгүй яах вэ гэж зөрүүдэлсээр ирсэн эх нь урьдын ерөөлөө гүйцээж зүүн хацрыг нь үнсэхэд тийм нэг далд уянга дотор тэмтэрсэн билээ…

“Ээж ээ, аав орж ирэх болж байна уу. Хэлээрэй, гэрлээ унтраана шүү” хэмээн гэртээ түрүүлж ирсэн хүүхдүүд “туршуул”-аасаа мэдээлэл авч байв. Аавтайгаа уулзах гэж яарсан тэдний сэтгэлийг урьд өдөр нь гэрээ хэрхэн чимж, гоёсноос шууд мэдэрч болох аж. Хэдийгээр маргааш нь нэрт дасгалжуулагч Т.Самбуугийн нэрэмжит хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд эгч дүүс оролцох ёстой байсан ч шөнө дүл болтол гэрээ гоёжээ.

Анхаа таазны гэрлэн чимэглэлийг, Оюука, Номио хоёр үсэг өрөх ажлыг, Эрдэнэбат ээжтэйгээ бусад жижиг сажиг зүйлсийг хариуцан хийсэн гэнэ. “Happy day” гэдэг үг бичих гэтэл нэг ширхэг “у” үсэг дутчихаар нь “н”-ийн нэг хөлийг “тайрч” орлуулах ухааныг М.Оюун-Эрдэнэ сийлжээ. Гэхдээ тэрбээр аавыгаа яг ирэх үед тэмцээнтэй байж таарсан тул гэрийнхэнтэйгээ тосож чадаагүй юм. Харин Ч.Мөнхжанцан дэд хурандааг дөнгөж гэртээ орж ирэх мөчид М.Оюун-Эрдэнэ тэмцээнээсээ хүрэл медаль авсан баярт мэдээ дуулгалаа.

М.Эрдэнэбат эгч нарыгаа дуурайн хүндийг өргөлтөөр хичээллэж үзмээр байгаагаа гэрийнхэндээ дуулгаж, болоо ч үгүй тэмцээнд оролцож, аавыгаа алс холоос ирэх өдөр хүрэл медаль энгэртээ гялалзуулснаа хамгийн түрүүнд авчирч үзүүлэв.

“Манайхан чинь намайг байхгүй хойгуур бөөн одон, медаль, тэмдэг авцгаасан байх шив дээ. Би бас авсан медалиудаа зүүчих үү” хэмээн хошигнох аавынхаа хоёр талыг Анхаа, Номио хоёр “өмчилж”, хүү нь ар нуруунаас нь ноцож эхэллээ. Хэзээний аавдаа эрхлэлдэж, ноололдож өссөн хүүхдүүдийн хувьд үүн шиг халуун дулаан мэдрэмж, аз жаргал үгүй биз.

11 жилийн өмнө Сьерра Леонд энхийг сахиулахаар явж байсныг нь бодоход өдгөө техник технологи хөгжсөн учраас гэрийнхэнтэйгээ долоо хоногт хэд дахин холбоо бариад, сайхан байснаа тэрбээр хуучилсан. Гэвч дэлгэцээр хараад ярилцах, ингээд бие биенээ бодитоор нь харах, тэврэх, үнэрлэх мэдрэмжийн хооронд алд дэлэм зөрүү байлгүй л яах вэ.

Түүнийг эзгүй хойгуур энэ гэр бүлд олон үйл явдал тохиосны дотор хамгийн чухал нь дунд охин М.Номин-Эрдэнийгээ БНСУ-д гүн түлэгдлийн дараах арьс нөхөх мэс засалд оруулсан явдал билээ. Манай цуврал сурвалжилгын мөрөөр оюутны болон залуучуудын дэлхийн аварга, хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүүд туслах хандивын аяныг өнгөрсөн хавар өрнүүлж, монгол түмний элгэн халуун сэтгэлээр 14 хоногийн дотор 70 гаруй сая төгрөг цуглан, охин, ээжийнхээ хамт эмчилгээнд явсныг уншигчид санаж буй биз ээ.

Дунд охин нь Солонгост хоёр дахь мэс засалдаа орж, өвдөлтөө давах гэж шүд зууж байхад Непалд том охин М.Анхцэцэг нь Азийн ААШ-ээс аваргын алтан медаль хүртэн, баяр, гуниг давхацсан тэр өдөр аавынх нь сэтгэлд хамгийн тод үлдсэн гэнэ.

Мөн бэртлийн дараах эмчилгээ болон гам барих урт хугацааны ард гарч, зургадугаар сараас бэлтгэлдээ орсон Анхаа Азийн хошой аварга болсны зэрэгцээ Танхимын болон тулааны спортын “Ашгабат-2017” наадмаас мөн алтан медаль хүртэн, саяхан Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, аавынхаа магнайг хагартал баярлуулсан билээ.

Аав, ээж, дүү гурвынхаа эзгүйд хоёр бага дүүгээ харж, халамжлахын зэрэгцээ бэлтгэлээ хийж байсан түүний хувьд өнгөрсөн зургаан сар амар байгаагүй. Эцсийн эцэст энэ гэр бүлийг халуун бүлээрээ баяр хөөртэй, дуулгах сонин сайхантай уулзах шалтгааныг бүтээхэд хэцүү цаг мөчийг сэтгэлийн хатаар даван туулсан “алтан” охины зүтгэл яах аргагүй том гавьяа байгуулсныг онцлох нь зүйтэй.

Амьдралын идэвхгүй, өмнөө тавьсан зорилгогүй хүмүүст бол зургаа, долоон сар гэдэг унтаж босоод, идэж уугаад, ажлаа хийсэн болоод, зурагт үзээд, утас ширтээд сажилж байтал өнгөрч л орхих үнэ цэнэгүй “богино” өдрүүд. Харин зорилготой, зүтгэлтэй, алс ирээдүйгээ харсан тэмүүлэлтэй хүмүүст бол юуг ч бүтээж, амжуулж болох хангалттай хугацаа байдаг ажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Зургаан сар, 29 хоног, 13 цагийн хүлээлт