Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн эмнэлэг, амаржих газрууд ХЕПА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй боллоо

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 11 байгууллагад 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах эдгээр эмнэлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд болсон юм.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцлоо. Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил болон 0-5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдэд уушги, зүрх судасны эмгэг үүсэхэд сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Түүнчлэн гадаад орчны агаараас илүү дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тул ХЕПА шүүлтүүр бүхий уг агаар цэвэршүүлэгч нь ихээхэн үр дүнтэй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан энэ үеэр онцолсон юм.

Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах энэхүү төхөөрөмж нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажиллах хүчин чадалтай ажээ. Агаарын бохирдол ихтэй, мөн удирлын чанартай Томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлж байгаа энэ үед агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй болсноор эдгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт 50 мянган хүүхдийн эрүүлжих нөхцлийг бүрдүүлэх юм байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тус үйл ажиллагааны үеэр “Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед эцэг, эхчүүд маань өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь зайшлгүй шаардлагатай. Ялангуяа гадаад орчны бохирдлоос илүүтэй дотоод орчны агаарын чанарыг сайжруулах асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар судалгаа хийсэн. Үүний үр дүнд дөрвөн зөвлөмж гаргасан байна.

Нэгдүгээрт нь, насанд хүрэгчид болон хүүхэд багачууд өдрийн цагийн 10 орчим хувийг ажил, сургууль, цэцэрлэгтээ ирж очих замд буюу гадаа өнгөрүүлдэг. Энэ хугацаандаа агаарын бохирдол болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зориулалтын амны хаалтыг тогтмол хэрэглэх хэвших. Эцэг эхчүүд болон эмч, багш нарын хувьд хүүхэд багачуудад амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвшүүлэх тал дээр сайтар анхаарах хэрэгтэй. Ингэснээр агаарын бохирдлоос тодорхой хэмжээнд өөрсдийгөө болон үр хүүхдээ хамгаалж, амьсгалын замын элдэв өвчлөлд өртөх эрсдэл буурна.

Хоёрдугаарт нь, хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад зайлшгүй анхаарах ёстой. Тэр тусмаа ХЕПА шүүлтүүр бүхий уг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ажиллаж, сурч байгаа орчин төдийгүй гэр, орон сууцандаа хэрэглэхийг зөвлөж байна.

Гуравдугаарт нь, манай орны нөхцөлд хүйтний улиралд агаарын бохирдол буюу утаа, амьсгалын замын халдвар, Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэх хандлагатай байдаг. Ханиад томууны хувьд, утаанаас шалтгаалж нэмэгдэж байгаа хэрэг биш юм. Энэ бол вирүсийн гаралтай өвчин. Өвчлөгсдийн 80 орчим хувийг хүүхэд эзэлдэг, хүйтний улиралд хүндрэх эрсдэлтэй учраас бид Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж хүүхдийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дотоод агаарын чанарыг үе шаттайгаар сайжруулах ажлын хүрээнд агаар цэвэршүүлэгч 200 төхөөрөмжийг тодорхой тасгуудад хуваарилж өглөө.

Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг агаарын бохирдол ихтэй бүсэд байрладаг дүүргийн эмнэлгүүдийн хувьд энэ нь маш чухал ач холбогдолтой юм. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулснаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, хүүхдийн эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөх боломж бүрдэж байна. Цаашид энэхүү ажлыг шат дараатай хэрэгжүүлж, эмнэлгийн бусад өрөө тасалгааны дотоод орчны агаарыг сайжруулах тал дээр арга хэмжээ авна. Мөн цаашид агаар цэвэршүүлэгч суурин төхөөрөмжийг хүртэл эмнэлгүүд дээр байрлуулахаар төлөвлөж байгаа” хэмээн ярилаа. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Хүүхдийн эмнэлэг, амаржих газрууд ХЕПА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй боллоо