Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гал сөнөөгчдөөр самар түүлгэж, олсон орлого хэний халаасанд оров оо

Онцгой байдлын алба гэж хэмээх хүний төлөөх үйлсэд зүтгэдэг, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг эгэл залуус олон. Хэдхэн хоногийн өмнө Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд 17 хүн сураггүй болоход тэд л үүргээ гүйцэтгэж, хүйтэн нөхцөл, хөр цасан дунд шуурхай ажиллан, өндрөөс унаж, цасанд дарагдсан 17 хүний цогцсыг олж, ар гэрийнхэн, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн билээ.

Энэ үед аврагч залуусыг архи уусан гэх мэтээр зарим уулчин хэвлэлээр муулж л байна лээ. Хүйтэн нөхцөлд, хээрийн нэмэгдэл бага зэрэг хэрэглэх нь зүй ёсны шаардлага биз. Улс орон, иргэдийн аюулгүй байдлын төлөө олон аавын хөвгүүд тангараг өргөж, түүндээ ч үнэнч байж амь нас, эрүүл мэндээрээ хохирч буй тохиолдол нэг бус.

Үүний тод жишээ бол Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг унтраахаар нисдэг тэрэгтэй яваад амиа алдсан шүхэрч-гал сөнөөгчид. Борооноор нисгэх тушаал өгсөн, тус албыг удирдаж байсан хүмүүсээс хариуцлага хүлээсэн нь үгүй.

Хоёргүй сэтгэлээр залуус албандаа ийнхүү үнэнчээр зүтгэж байхад удирдаж буй албан тушаалтнууд нь тэдэнд зориулах ёстой хөрөнгө мөнгийг нь идэж, хууль хяналтын байгууллагын хаалга татах болсон тохиолдол нэг бус.

Аврагч, гал сөнөөгч залуусынхаа нэрийг ашиглаж, дарга, удирдах албан тушаалтнууд нь халаасаа зузаалах, эгэл жирийн алба хаагчдад зориулах хөрөнгө, техник хэрэгслийнх нь тендерээс мөнгө унагах зэргээр онцгүй үйлдэл гаргасаар буй. АТГ-аас яам, агентлагуудын үйл ажиллагааг шалгаж, удирдах албан тушаалтнуудыг нь байлцуулан дүнгийн хурал хийж байгаа.

Үүний хүрээнд ОБЕГ-т ажилласан дүнгээ хууль сахиулах байгууллагынхан хэлэлцсэн юм. Тэр хурлын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй удирдах албан тушаалтнуудын хууль зөрчсөн үйлдлүүдийг хамт олных нь өмнө дэлгэсэн юм. Хууль зөрчсөн ноцтой үйлдэл гаргачихаад, ажлаа хийсээр байгаа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй “том хамгаалалт”-тайнх гэж үзэх хүн олон байна.

ЯЛ ЭДЭЛЖ БУЙ АЛБАН ТУШААЛТАНДАА ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨС ШИЛЖҮҮЛЭХ ЭРХ БИЙ ГЭЖ ҮҮ

Онцгой байдлын алба, түүний бие бүрэлдэхүүнтэй холбоотой гомдол, мэдээлэл, ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсэхийг шалгуулах, албан хаагчдаас мөнгө хурааж байгаа тухай, төсвийн хөрөнгө хувьдаа завшдаг, иргэдийг хууль бусаар нүүлгэн шилжүүлсэн, торгууль хасаж бичсэн, мөн үүний хариуд мөнгө зээлсэн, хандивын тоглолтын билет албан хаагчдад шахаж байгаа зэрэг гомдол АТГ-т 2015-2017 оны хооронд хамгийн олон иржээ. Олон хүн ажилладаг байгууллагад элдэв тоглолтын билет шахах явдал бол ердийн үзэгдэл гэнэ. Цэрэг, цагдаа, онцгой байдлын алба ялгаагүй бүгд л шахааны билетийн “бай” болдог.

Галын аюулгүй байдлын хууль, дүрэм зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ногдуулсан торгуулийн хэмжээгээ танил тал, найз нөхдөөрөө дамжуулдаг ч юм уу, ямар нэг ашиг сонирхлын үүднээс бууруулж авах явдал ч дунд шатны албан тушаалтнуудад нь байдаг гэх юм билээ.

Тухайлбал, АТГ-ынхны татан авч шалгаж буй гомдол дунд галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгохдоо шатахуун түгээх станцуудад 30.000-300.000 төгрөг хураан авч, хувийн дансанд мөнгийг нь хийлгээд олгодог байсан олон удаагийн, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа аж.

Аврах, гал сөнөөх ажилд хамгийн түрүүнд ордог ахлагч цолтой албан хаагчдынх нь цалин 700 000 орчим төгрөг байдаг. Тэднийхээ цалингаас мөнгө хураасан тухай гомдол ч АТГ-т нэлээд олон ирсэн гэнэ. ОБЕГ-ын харьяа Хангалт, үйлчилгээний ангийн албан хаагчдаа үндсэн ажлаас нь гадуур барилга дээр ажиллуулж, амралтын өдөр амраагаагүй атлаа илүү цагийн мөнгө ч олгодоггүй байсан.

Ингэж ажиллаж байхад нь хийн торх дэлбэрсний улмаас нэг ахлагч хөлөө гэмтээснийг хууль хяналтын байгууллагынхнаас нууцлаад өнгөрснийг бид өнгөрсөн есдүгээр сарын 27-ны дугаарт гарсан “Онцгойгийн дарга нарын онцгүй үйлдэл үргэлжилсээр…” нийтлэлдээ бичсэн билээ. Энэ асуудлыг ч АТГ-ынхан хөндөж, “Албан хаагчдаар ажлын байрны тодорхойлолтоос өөр (барилгын ажил гэх мэт) ажил хийлгэж, олсон орлогыг юунд зарцуулдаг нь тодорхойгүй байна” онцолж байв.

Тэгвэл онцгой байдлын албаны орон нутгийн хэлтсийн удирдах албан тушаалтан алба хаагчдаараа самар түүлгэж, мөнгийг нь хувьдаа завшсан тохиолдлыг ОБЕГ-ынхан АТГ-ынхнаас нууцлаад өнгөрсөн байгаа юм. Бидний авсан мэдээллээр Зүүнхараа дахь аврах, гал унтраах ангийн албан хаагчдаас мөнгө авч, хувийн дансандаа хийлгэж ашигладаг, ажил хийх нэрээр самар түүлгэж, олсон орлогыг нь хувьдаа ашигладаг байсан тухай гомдлыг АТГ-ынхан татан авч хянасан байна.

Гэтэл ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалтын албаны үйл ажиллагаа нь хангалтгүй, зөрчлийг нь арилгуулаагүйгээр үл барам, зөрчил гаргасан ангийн захирагчийг хот руу шилжүүлэн томилсон байжээ. Албан хаагчдаас мөнгө татдаг, аж ахуйн ажил хийлгэж мөнгө олуулчихаад түүнийг нь хувийнхаа дансанд байршуулан ашиглаж буй үйлдэл бол яах аргагүй, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл.

ОБЕГ-ынхан авлигын шинжтэй ийм үйлдлийг мэдсэн атлаа хав дарсан нь Авлигын эсрэг хуулийн 8.1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн байгаа юм.

Энэ бүгдээс гадна ОБЕГ-ын удирдлага нь албан тушаалын хэрэгт гэм буруутай нь тогтоогдон хорих ял шийтгүүлж, хоригдож буй хүнд 9.5 сая төгрөгийн тэтгэмж олгохоор тушаал гаргах гэж байжээ. Тус газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням Хан-Уул дүүргийн нутагт баригдах гал унтраах 65 дугаар ангийн барилгын гүйцэтгэгчээр “Говь гурван сайхан” ХХК-ийг шалгаруулахаар урьдчилан амлаж, 20 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутай хэмээн гурван шатны шүүх үзээд, таван жил нэг сар хорих ял ногдуулсан.

Тэрбээр хорих ангиас ОБЕГ-ын удирдлагад “Чийгтэй орчинд ял эдэлж байгаа учраас яс сийрэгжин, шүд унаж байна. Тиймээс унасан шүдэндээ суулгац хийлгэх хагалгаанд орох эмчилгээний зардалд 9.5 сая төгрөгийн тусламж үзүүлнэ үү” гэсэн хүсэлт ирүүлсэн аж. Үүнд нь үндэслэн байгууллагын удирдлага мөнгө гаргах тухай тушаалын төсөл боловсруулах чиглэлийг албан тушаалтнууддаа өгөөд байх үед нь АТГ-ын ажлын хэсэг шалгалт хийж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах гэж байсан үйлдлийг нь таслан зогсоосон юм байна.

ХУУРАМЧ АКТ ҮЙЛДЭН САНГИЙН ЯАМАНД ХҮРГҮҮЛЖ МӨНГӨ ГАРГУУЛЖЭЭ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй гурван хүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд 2016 оны наймдугаар сарын 1-нд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгасаар өдий хүрч байна. Энэ хэргийг “Маш нууц” хэмээх ангилалд оруулсан ч тэнд нууцлаад байх зүйл огт үгүй гэдгийг олон эх сурвалж баталж байв. Түүнийг нь ч бид 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд “ОБЕГ-ын удирдлагуудын онцгүй явдлууд” нийтлэлээрээ хүргэсэн билээ.

ОБЕГ-т ажилласан дүнгээ АТГ-ынхан хэлэлцүүлэх үеэр ч хошууч генерал Т.Бадрал найзынхаа “Орем трейд” гэх компанитай байгуулсан хэд хэдэн гэрээ нь хууль бус үйлдлийг мэдээлсний дотор улсын нууцад хамааруулаад, түүнд холбогдох хэрэгт “Маш нууц” гэсэн тамга даруулчихсан, машин авах тендерийн тухай ч дурджээ.

Тагнуулын байгууллагаас 2016 оны гуравдугаар сарын 11-нд нээлттэй тендер зарлах зөвлөмж өгсөөр байхад “Аврах ажлын тусгай зориулалтын байлдааны автомашин” гэж нэрлэсэн “Газ Вепрь” маркийн автомашин худалдан авахаар болжээ. Ингээд 2016 оны тавдугаар сарын 25-нд найзынхаа “Орем трейд” компанитай шууд гэрээ байгуулан 957 сая төгрөгөөр автомашин авахаар болсон байгаа юм.

Шилдэг ханган нийлүүлэгч гэх өргөмжлөлтэй “Орем трейд” ХХК-ийнхан зах зээлийн үнээс 25-30 хувиар илүү үнээр бараа нийлүүлэх санал өгсөн ч гүйцэтгэгчээр шалгарсан аж. Мөн аврах ажлын зориулалттай “Газель” маркийн автомашин нийлүүлэгчээр бас л энэ компани шалгарсан бөгөөд дээрх машинуудыг нь Монголд оруулж ирээгүй байхад нь буюу 2015 оны долдугаар сарын 17-нд бараа хүлээн авсан тухай хуурамч акт үйлдэн, Сангийн яаманд хүргүүлж, “Орем трейд”-д тендерийн үнэ болох хоёр тэрбум гаруй төгрөг олгуулсныг нь АТГ-ынхан энэ хурлын үеэрээ онцолсон.

Харин тэр компанийн шинэ гэж нийлүүлсэн, зах зээлийн ханшаас хэт өндөр үнэтэй автомашинуудын дунд 1988 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн автоцистерн байжээ. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр ОБЕГ, улсын нөөц хэмээх том байгууллагад танил тал, ар өврийн хаалгатай бол “хог” ч нийлүүлээд хэдэн төгрөг тоншиж болох мэт.

Нууцлах шаардлагагүй “ГАЗ Вепрь”-үүд

АТГ-ын ажлын хэсгийнхэн ОБЕГ-ын 2015-2017 оны нууцад хамаарахаас бусад тендерийн материал, тухайлбал, тендерийн үнэлгээний хорооны бичиг баримт, үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл, Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийг судлан танилцахад дээрх шиг олон зөрчил, эрх мэдэл, албан тушаалаа ашигласан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан гэнэ.

“Орем трейд”-ээс шууд гэрээгээр авсан хоосон “Газель”-ууд

Хязгаарлагдмал тендер шалгаруулахдаа захиалагч буюу ОБЕГ-ын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлдэггүйг тогтоосон байна. Тухайлбал, энэ хуулийн 52.1.12-т заасныг зөрчин, цахим хуудсандаа тендерийн урилгаа нийтлээд сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах заалтыг хэрэгжүүлдэггүй, сонгон шалгаруулалтыг хоёр удаа хүчингүй болгоод, санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдээс буюу анх гэрээ байгуулсан, илтэд дэмжиж байсан аж ахуйн нэгжтэйгээ шууд гэрээ байгуулсан гэх мэдээлэл ч энэ үеэр сөхөгдсөн юм. Үүний тод жишээ нь дээрх “Орем трейд” гэнэ.

Тендерийн нөхцөлд заасан аврах ажиллагааны машин ийм байх ёстой аж

Үүнээс гадна 2016 онд зарласан тендерийн 10 дугаар багцын эхний удаагийн сонгон шалгаруулалт амжилтгүй болсон аж. Хоёр дахь удаагаа зарлахад “Best shoes” ХХК шалгарсан байна. Сангийн яамнаас уг компанийг шалгаруулсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн ч ОБЕГ-аас “Тухайн багцад заасан өвлийн гутал нийлүүлэх санал, загваруудаас “Best shoes” ХХК-ийнх чанартай байсан” гэж тайлбарласан байгаа юм. Улмаар хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтаа хүчингүй болгоод, дээрх компанитай шууд гэрээ байгуулчихаж.

Энэ мэтээр хууль зөрчсөн үйлдэл нэлээд олон байгаа гэнэ. Түүгээр зогсохгүй худалдан авах ажиллагаагаа зөв төлөвлөөгүй, ажил гүйцэтгэх хугацааг нь тулгаснаас гал сөнөөгчдөдөө хэрэгтэй, түймрээс хамгаалах хучлага авах ажил оройтсон байгаа юм. Ингэхдээ бас л шууд худалдан авах гэрээ байгуулжээ. Тодруулбал, галаас хамгаалах хучлага худалдан авахдаа тавдугаар сард гарсан гал түймрийн гамшигтай холбогдуулан авсан гэж баримт бүрдүүлсэн боловч тухайн оныхоо сүүлчээр буюу ес, арваннэгдүгээр сард авсан байгаа юм.

Иймэрхүү хууль зөрчсөн үйлдэл ОБЕГ-ын удирдлага нь гаргаад буйг хууль сахиулах байгууллагынхан тогтоосоор атал нөгөөдүүл нь хээв нэг ажлаа хийж, төсвийн хөрөнгийг идэж, шамшигдуулах боломжоор хангаад байгаа нь шударга ёсонд нийцнэ гэж үү. Онцгой байдлын салбар бол Шадар сайд Ө.Энхтүвшингийн эрхлэх асуудалд хамаардаг. Тиймээс энэ хууль зөрчсөн үйлдлүүдийг нь эргэж нэг нягталж, хариуцлага тооцох шаардлагатай бол гол хийх ажил чинь бус уу, Шадар сайд аа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “Гал сөнөөгчдөөр самар түүлгэж, олсон орлого хэний халаасанд оров оо

  • ЗОЧИН says:

    генерал Д.БАДРАЛ НЬ МАН-ЫН ЕРӨНХИЙ ДАРГА М.ЭНХБОЛДЫН БАРУУН ГАР ТӨДИЙГҮЙ НАМЫН ТОМООХОН САНХҮҮГ ОЛЖ ӨГДӨГ, ИЙМД АТГ-ЫН ДАРГА ЭНХЖАРГАЛ ДАРГЫН БАЙГАА ҮЕД ХЭН Ч ЗӨРЧИЛ ДУТАГДАЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛОМЖГҮЙ ТУЛ ЭНЭ ҮГЭЭ ЭНХБОЛДОДОО Л ХЭЛ ОЛОН НИЙТЭД БҮҮ МЭДЭЭЛ ТЭНЭГЭЭ ЯГ ХҮЛЭЭЖ АВААЧ

  • ЗОЧИН says:

    ШАДАР САЙД ЭНХТҮВШИН ЯГ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ХАРАГДААЧ, М.ЭНХБОЛД, ЭНХСАЙХАН ГЭЖ БАТ БӨХ ХАМГААЛАЛТУУД БАС, АТГ ШАЛГААД СААТУУЛАХ ГЭХЭД НЬ НАМЫН ДАРГА НЬ ГЕНЕРНЛ ХҮНИЙГ БАРИЬЧЛАХ ГЭЛЭЭ ГЭЖ БОЛИУЛЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ, М.ЭНХБОЛДДАРГЫН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮД ИЙМ Ч УЧИР ЭНЭ ТӨРД НҮҮР БАРДАМ ДАНАЛЗАЖ БАЙГАА

  • зочин says:

    ШАДАР САЙД ЭНХТҮВШИН БОЛ БАДРАЛ ГЕНЕРАЛД БАГАДАНА, ШАДАР САЙДААР АЖИЛЛАЖ БАЙХ ХУГАЦААНДАА ГЕНЕРАЛЫН НЭР ТӨР СҮР ДУУЛИАНААР НЬ АЖИЛЛАВАЛ ИХ ЮМ. ЭНЭ НЬ САЯ ЗАВХАН АЙМГИЙН ГАМШГИЙН БАЙДАЛ ДЭЭР ХАРАГДСАН БАС НОТЛОГДСОН ГЭСЭН. ШАДАР ЯМАР Ч ЭРХ МЭДЭЛГҮЙ ӨРӨВДМӨӨР БАЙСАН ГЭСЭН.ЦААШИД ТИЙМ БАЙХ НЬ ОЙЛГОМЖТОЙ

  • Зочин says:

    Бадралаа чам шигийм юманд соц нийгмийн үед генерал байтугай ахлах дэслэгч ч цол олгохгүй байсан юм. Нам дагасан нохдууд жирийн офицеруудын очих албан тушаалыг дээрэмдэхээр ийм юм бололгүй яахав

  • Зочин says:

    Энэ өнөөдөр сонины энэ сэтгүүлч ОБЕГ-ын Бадрал генералд өстэй юм шиг байгаа юм.Эсвэл өстнүүдийнх нь найз байх. Тэрнээс юм байгууллагаа өөд татчих гээд зүтгэж байгаа хүнийг дандаа ингэж боорлоод байна гэдэг байж боломгүй. Лав л сонссоноор тэр вест шөүсийг тендерт шалгарсанд нь ажилчид нь таатай л ханддаг юм билээ. Чийг татдаггүй гуталтай болсон гээд. Бусдыг нь даанч мэдэх юм алга. Гэхдээ нэг сэтгүүлч байнга Онцгойгийнхны муу муухайг ухаж бичдгийг бол гайхаа л байгаам

  • ddd says:

    Гал сөнөөгчдөөр самар түүлгэж, олсон орлого хэний халаасанд оров оо2017/11/08 5 сэтгэгдэл Онцгой байдлын алба гэж хэмээх хүний төлөөх үйлсэд зүтгэдэг, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг эгэл залуус олон. Хэдхэн хоногийн өмнө Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд 17 хүн сураггүй болоход тэд л үүргээ гүйцэтгэж, хүйтэн нөхцөл, хөр цасан дунд шуурхай ажиллан, өндрөөс унаж, цасанд дарагдсан 17 хүний цогцсыг олж, ар гэрийнхэн, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн билээ.Энэ үед аврагч залуусыг архи уусан гэх мэтээр зарим уулчин хэвлэлээр муулж л байна лээ. Хүйтэн нөхцөлд, хээрийн нэмэгдэл бага зэрэг хэрэглэх нь зүй ёсны шаардлага биз. Улс орон, иргэдийн аюулгүй байдлын төлөө олон аавын хөвгүүд тангараг өргөж, түүндээ ч үнэнч байж амь нас, эрүүл мэндээрээ хохирч буй тохиолдол нэг бус.Үүний тод жишээ бол Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг унтраахаар нисдэг тэрэгтэй яваад амиа алдсан шүхэрч-гал сөнөөгчид. Борооноор нисгэх тушаал өгсөн, тус албыг удирдаж байсан хүмүүсээс