Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ФОТО: Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн тавдугаар ээлжийн цэргийн баг эх орондоо ирлээ

'

Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн цэргийн баг эх орондоо ирлээ. 

Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг нэр төртэй биелүүлээд эх орондоо газардах дайчдыг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Женнифер Галт тэргүүтэй албаныхан угтан авсан. Хатагтай Женнифер Галтын хувьд манай улсад Элчин сайдаар ажиллах бүрэн эрхийн хугацаа өндөрлөж, удахгүй эх орноо зорих бөгөөд Монголын энхийг сахиулагчдад талархал илэрхийлэхээр өвлийг хүйтнийг үл ажран инээмсэглэн зогсож байлаа. 

Цэргийн багийн захирагч, дэд хурандаа В.Чинзориг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазарт цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн тухай илтгэсний дараа энхийг сахиулагчид төрийн дууллаа эгшиглүүлсэн. 

Хошууч генерал Ж.Бадамбазар “Юуны өмнө та бүхэндээ халуун баяр хүргэе. Хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо ирсэнд баярлалаа. Ажиллагааны үеэр олсон мэдлэг, дадлага туршлагаа ажиллаж байгаа анги, байгууллагадаа бүрэн зориулаарай” гэсэн бол хатагтай  Женнифер Галт “Монгол Улс бол АНУ-ын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний том түнш. Манай хоёр улс олон салбарт хамтран ажиллаж байгаагийн дотроос Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг. Өнөөдөр өөрийн биеэр та бүхнийг угтан авч “Баярлалаа” гэдгийг илэрхийлэхийг хүссэн юм. Монгол цэргүүд бол мэргэжлийн ур чадвар сайн, олон улсад нэр хүнд өндөр, хүний эрхийг ямагт дээдэлдэг цэрэг дайчид юм. Та бүхний ур чадварт бид үргэлж итгэдэг.  Үүрэг гүйцэтгэл бүр нь өндөр байдаг учраас энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахаас гадна сургагч багш бэлтгэхэд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Та бүхэн эх орондоо, гэр бүлдээ тавтай морил” хэмээн талархал илэрхийлсэн юм. Энхийг сахиулагчдыг угтан авах ёслолын дараа тэдний сэтгэгдлийг хуваалцлаа.

Цэргийн багийн захирагч, дэд хурандаа В.Чинзориг:
-Эх орондоо хүлээсэн үүргээ амжилттай биелүүлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэндээ баяртай байна. Өмнөх цэргийн багуудын гаргасан амжилтыг буухиалж манай багийнхан нэгэн сэтгэлээр үүргээ гүйцэтгэсэн. Мэдээж ажиллагааны газар оронд цагийн байдал амаргүй байлаа. 2018 онд Ерөнхийлөгчийн сонгууль, 2019 онд парлемантын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан улс төрийн нам хөдөлгөөн, бүлэглэлүүд идэвхжиж тэр хэмжээгээр цагийн байдлууд хүндрэх эрсдэл өндөр байна. Гэсэн ч өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо ирээд дарга нараасаа талархлын үг сонсох үнэхээр сайхан байна. Хүн хариуцах хүндтэй бөгөөд амаргүй ажил байлаа. Манай цэргийн багийн 60 гаруй хувь нь ажиллагааны туршлагатай.

Дэслэгч Д.Энхбаяр:
-Зэвсэгт хүчний 338 дугаар ангид ажилладаг, ажиллагаанд анх удаа үүрэг гүйцэтгэлээ. Туршлагатай ах нар болоод удирдлагуудын өгсөн заавраар түүртэлгүй ажиллалаа. Зэвсэгт хүчинд гурав дахь жилдээ ажиллаж байна. Аав маань Сүхбаатар аймгаас намайг тосохоор ирсэн байгаа. Сүүлийн хоёр сар гэр бүлээ маш их санасан шүү. 

Ахлах ахлагч Х.Даваа-Очир:
-Халууны улирлаас хүйтний улиралд шилжихэд сонин сэдрэмж төрж байна шүү. Миний хувьд өмнө нь хоёр удаа үүрэг гүйцэтгэж байсан учраас туршлагатай байлаа. Гэхдээ ажиллагаа бүр надад туршлага, сургамжийг өгч байдаг учраас сурч мэдсэн зүйлс гэвэл их бий. Зэвсэгт хүчний 065 дугаар ангид ажилладаг. Хамт олноо, хайртай бүхнээ санасан даа. 

Сургагч ахлагч Б.Баянжаргал:
-Цэргийн баг дотроо хамгийн ахмад нь би. Манай багт 25-33 насныхан олон байлаа. Залуучуудтай ажиллахад сайхан шүү дээ. Монгол ёс заншил, түүхэн уламжлалаараа ах захаа хүндэтгэж харилцах соёл манай залууст дүүрэн байна. Эрч хүчтэй залуустай зургаан сарын хугацаанд хамт байлаа. Манай залуус бол эв нэгдэлтэй сайхан харчууд юм. Миний хувьд Зэвсэгт хүчинд 22 дахь жилдээ ажиллаж байна. Одоо Зэвсэгт хүчний 310 дугаар ангид ажилладаг. Эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.