Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН нэрээ сольсноор ямар эрсдэл хүлээх үү

МАХН нэр, бэлгэдэл, үзэл баримтлалаа өөрчлөх асуудлыг арваннэгдүгээр сарын 4-6- нд болох Их хурлаараа хэлэлцэх гэж буй. Мэндэлмэгцээ гуравхан жил л Монгол ардын нам нэртэй байгаад 1924 онд Монгол ардын хувьсгалт нам болсноос нь хойш 87 жил өнгөрчээ. Тус намын түүхэнд болсон сайн, муу явдал бүхэн “хувьсгалт” хэмээх нэртэй нь холбоотой. Тэгвэл нэрээ солих нь уг намд ямар эрсдэл дагуулах бол, дэмжих үгүйг зарим гишүүнээс нь сонирхлоо.

А.ЦАНЖИД /МАХН-ын ахмад гишүүн, БСШУ-ны сайд асан/:

-Нэр солих нь бэлгэдлийн чанартай үйлдэл. Ингэлээ гээд бүх зүйл солигдож өөрчлөгдчихгүй. Гэхдээ дэлхийд хувьсгалт гэсэн үг орсон нэртэй нам цөөн байна, нэрээ солъё гэсэн яриа 1990 оноос хойш гарсан юм. Онц их хурал “Цаг нь болоогүй байна” гэж үзээд больсон. Тэрнээс хойш янз бүрийн шалтгаанаар хойшлуулсаар ирсэн. Ер нь нэр сольсонд дургүйцээд сонгуулиар манай намд санал өгөхгүй хүмүүс ч гарах л байх. Ялгаагүй саналаа өгдгөөрөө өгөх хүн ч байна. Аль нь давамгайлахыг одоо хэлэх боломжгүй. Гэхдээ нэр солих нь бэлгэдлийн чанартай ч шинэчлэлийн нэг хэсэг л дээ. Аливаа бэлгэдэл тухайн улсаа, байгууллагыг илэрхийлж, бусдаас ялгадаг. Тэгэхээр бас тодорхой ач холбогдол гарна.

С.БЯМБАЦОГТ /УИХ-ын гишүүн/:

-Нэр солих тухай олон жил ярьж байгаа. Миний хувьд нам нэрээ өөрчлөх хэд хэдэн үндэслэл бий гэж үздэг. Монгол ардын нам гэсэн анхны нэрээ сэргээх боломжтой. Нам анх байгуулагдахад байсан нэрээрээ л явах хэрэгтэй. Ингэснээр ямар нэг эрсдэл, сөрөг нөлөө гайгүй байх. Нөгөө талаар нэр солигдсоноор л тэр нам шинэчлэгдчихгүй. Үйл ажиллагаа, бодлого, үзэл баримтлалаа ч ярих ёстой.

 

Д.ОДБАЯР /УИХ-ын гишүүн/: -Намын нэрийг солих үйл явц өрнөөгүй байна. Анх байгуулагдахдаа авсан нэрээ л сэргээе гэж ярьж байгаа. Мэдээж энэ яарч шийдэх асуудал биш. Юуны өмнө нийт гишүүний саналыг авч, олон нийтэд хэрхэн нөлөөлөхийг судлах учиртай. МАХН бол зуун зуунд танигдсан нэр. Үүнийг өөрчилж болох юм л гэж байгаа. Намын гишүүдийн олонх “болно” гэж үзвэл асуудлыг шийднэ. Надад бол тодорхой бодол бий. Эхлээд олонхийн байр суурийг сонсох ёстой гэж үзэж байна. Нэр сольсноор хэлбэр талаасаа өөрчлөлт гарна. Гэхдээ эцсийн дүнд үйл ажиллагаа, нийгмийн захиалгыг биелүүлэх ямар бодлого явуулах нь вэ, хуулиа дээдлэх, улс орны хөгжлийг тэргүүндээ, хувийн эрх ашгийг дараа нь тавих зэрэг нь чухал.

Н.ОТГОНБАЯР /Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны залуу гишүүн/:

-Ажил, амьдралынхаа замд хүчинд автан, нэрэн дээрээ “хувьсгалт” гэдэг үг нэмчихсэн болохоос биш анхнаасаа л МАН байсан. Тийм болохоор ургийн овгоо хольж сольдоггүйтэй адил уугуул нэрээ сэргээх гэж буйг нь дэжинэ.

Ш.САЙХАНСАМБУУ /УИХ-ын гишүүн/:

-Улс төрд орж ирээд байдлыг ажиглаж, сонгогчидтойгоо ажиллахад нэр их чухал юм байна. МАН гэж 1921 онд байгуулагдаад 1924 онд хувьсгалт гэдэг үг нэмсэн. Үүгээрээ хүний чихэнд хоногшчихсон. 87 настай Гончиг гэдэг хүний нэрийг Дондог болгож өөрчилнө гэвэл тэр мэдээж дургүйцнэ. Тиймээс намын Удирдах зөвлөл, удирдлагын хүрээнд яриад л нэрээ сольчихож болохгүй. Зөвхөн МАХН-ын 150.000 гишүүнээс гадна манай намыг дэмждэг олон түмний саналыг авах ёстой. Намын удирдлага залуу хүмүүс байна, зоригтой алхам хийж буй нь зөв.

“Хэрэв нэр солиод нам сонгуульд ялагдвал хариуцлагаа хүлээнэ” гэдгээ У.Хүрэлсүх мэдэгдсэн. Гэхдээ хариуцлага гэж юу юм. Ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа өгчихөөд л тааваараа алхана гэвэл энэ хариуцлага биш. Хэрэв сонгуульд ялагдчихвал МАХН түүхээс арчигдана, МАН гэдэг нэр ч байхгүй болно. Их хурал дээр би үгээ хэлнэ. Бас Социнтерн зэрэг олон улсын байгууллагад дахин нэр хүнд олж авах нь амархан ажил биш. 2000 онд бөөн юм болж, Гончигдорж гуайгаар яриулж байж элссэн. Монгол ардын нам гээд ороод ирэхээр ардчиллын талынхан нь хүлээж авах ч юм уу, үгүй ч юм уу. Улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвадаг нэр зүүвэл яах вэ. Нухацтай хандах хэрэгтэй. Их хурал болтол аймаг аймгаар явж судалгаа хиймээр байна.

С.Туул

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.