Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголдоо ганцхан “Монгени”

“Монгени” цогцолбор сургуулийн нэг өдрийг сурвалжиллаа. Хамаатан ахын маань хүүхэд суралцдаг “Монгени” ерөнхий боловсролын бусад сургуулиас бүтэц, зохион байгуулалт, сургалтын агуулга арга зүй гээд олон зүйлээр арай өөр болохыг аль эрт анзаарсан ч сэтгүүлчийн ажлынхаа буянаар сая л бүтэн өдрийн турш тэнд өнжиж, тухтай танилцсан нь энэ.

“Монгени” гэдэг нь “Монгол ген” гэсэн үгийн товчлол байх” хэмээх мэдэмхийрсэн, гүехэн бодлыг минь түрүүлж уулзсан захирал багшаас авахуулаад тэнд танилцсан хүн бүрийн яриа залруулав. Угтаа “21 дүгээр зууны Монгол хүүхэд” гэсэн үгийн товчлол, агуулгын илэрхийлэл болж яваа сургууль, хамт олон аж. Нийгмийн байгуулал бүхэлдээ өөрчлөгдөөд байсан 1991 онд зах зээлийн эдийн засгийн нийгмийн боловсролын салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар зарласан уралдаанд тус сургуулийн захирал Н.Лхагвын “Монгени-21” төсөл шалгарснаар тэдний түүх эхэлсэн юм билээ.

Арваннэгдүгээр сарын 2. 08.00 цаг. “Мон­гени” сургуулийн B байр. Төрийн дуулал эгшиг­лэснээр монгенийнхний нэг өдөр эхэлдэг аж. Хүйтэн орчихсон учраас хүүхдүүд гадаа жаг­салгүй, шууд анги анги руугаа “дэгдэнэ”. Харин хүүхдээ дагуулж ирсэн эцэг, эхчүүдийг тэр бүр дотогш нэвтрүүлдэггүй бололтой. Шалтгааныг нь сонсож, шаардлагатай тохиолдолд л орохыг зөвшөөрч байлаа. 

08.15 цаг. Зургадугаар давхрыг зорив. Тэнд Экологийн боловсролын тэнхим бий. Энэ сургууль бусдаасаа нэлээд өөр болох нь их сургуульд л тэнхимийн системээр сурч бай­сан надад эндээс анзаарагдаж эхэллээ. “Мон­гени” байгалийн болон хүмүүнлэгийн ухааны сургуулиудаас бүрддэг аж. Тухайлбал, Байга­лийн ухааны сургууль нь математикийн, Эко­логийн, Эрүүл мэндийн болон Зураг төсөл, техник технологийн боловсролын тэнхим гэ­сэн мэргэжлийн багуудаас бүрддэг юм байна. Тус сургуулийг хариуцсан менежер нь Х.Цэ­вэлмаа багш. Тэд ОХУ-ын Улаан-Үд хотын “Экос” сургуультай хамтран гурав дахь жилдээ Байгаль нуурыг хамгаалах, олон улсын эко­логийн боловсролын хөтөлбөрт оролцсон гэнэ. Монголдоо өөрсдийн “Есөн булаг” зусландаа экологийн боловсролын байгалийн лабаротори, прагматик бааз байгуулжээ.

08.25 цаг. Химийн кабинет. Багш Г.Анхзаяа (Экологийн боловсролын тэнхимийн эрхлэгч) 10е ангийнхнаас шалгалт авч байлаа. Маргааш (арваннэгдүгээр сарын 3) нь сурагчдын амралт эхлэх тул бататгал шалгалт авч буй аж.

08.40 цаг. Ахлах сургууль нь кабинетийн системээр хичээллэдэг. Мэргэжлийн чиг ба­римжаа олгох лицей сургалтаас гадна мэргэж­лийн анхан шатны боловсрол олгодог онцлогтой. Технологийн боловсролын олон анги кабинет байх юм. Тухайлбал, оёдол, хоолны технологи болон техникийн зураг зүй, техни­кийн оюун сэтгэлгээ, дүрслэлийн геометр, зо­хион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх SТЕМ, ЮНИМАТ боловсролын лаборатори, техник спортын клубүүд хичээллэдэг аж. АUTO CAD программтай есдүгээр ангийнхан танилцаж байгаа нь анхаарал татав.

Монгол зургийн багш Оюун-Эрдэнэ сурагч­дын хамт үзэсгэлэнгээ гаргахаар Японыг зорих гээд завгүй. Тэд өнгөрсөн жил Хятадад үзэсгэлэнгээ амжилттай гаргаж, энэ удаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тог­тоосны 45 жилийн ойн арга хэмжээний хү­рээнд урилгаар Японыг зорих гэж буй аж. Тэдэнтэй хамт авто загварын клубийн сурал­цагч, техник, технологийн улс, нийслэл, дүүр­гийн олимпиадын аварга сурагч, багш нарын хамт гурван машинтайгаа явна. Тэд ирэнгүү­тээ “Үнсгэлжин” улсын уралдааны бэлтгэлдээ ханцуй шамлан орох гэнэ. 2016 онд тус урал­даанд оролцсон арваннэгдүгээр ангийн сурагч гранпри шагналын эзэн болсон тул илүү ха­риуцлагатай оролцох ёстой хэмээн Оюун-Эр­дэнэ багш ярьж байсан юм. Мөн тэд энэ оны  арванхоёрдугаар сард хувцас загварын бие даа­сан гала шоу хийх гэж буй юм байна.

Энэ бүхнийг хамаардаг, баялаг бүтээл бүхий тус тэнхимийг ахлан ажиллаж буй В.Мөнх­баатар багшийг хамгийн “баян” нь хэмээн тодор­хойлмоор санагдсанаа нуух юун. “Монгени”-ийнхэн техник, технологийн чиглэлээр улсдаа тэргүүлэгч байдгийн шалтгаан энэ бололтой.

09.25 цаг. Хоёрдугаар цагийн хичээл зав­ сарлав. Энэ үеэр сурагчид хөдөлгөөнт гимнас­тик хийдэг юм байна. Хөгжмийн аянд дасгал хийх хүүхдүүдийн хажуугаар зөрж, хичээлийн C байр буюу урлаг, спортын цогцолборыг зүглэв.

09.30 цаг. Урлаг, спортын цогцолбор. Би­еийн тамир, спорт, урлагийн танхим, сонгодог болон үндэсний хөгжим, бүжгийн анги, оюуны спортын кабинет, “Хөх толбо” театр, “Цэнхэр гариг” клуб, номын сан, зөв зохистой хоол зүйн төв, үзэсгэлэнгийн галлерей гээд сонирхол та­тах олон зүйл уг цогцолборт байрладаг. Үүнээс гадна байгууллагын цэцэрлэг, өдөр өнжүүлэх бүлэг энд хичээллэдэг аж.

Тус сургууль нь 2000 оноос шатрын мэр­гэжлийн анги нээн, сургалт явуулж ирсэн түүхтэй. Оюуны спортын заах аргын нэгдэлд Дэлхийн шатрын холбооны мастер хоёр, мөн холбооны шүүгч, багш-дасгалжуулагч тус бүр нэг, Монголын шатрын мастер хоёр ажиллаж байна. “Монгени”-ээс дэлхийн шатрын их мастер нэг, дэлхий, тив, Монгол Улсын удаа дараагийн аваргууд төржээ. Сургуулиараа оюуны спортоор хичээллэх уламжлал нэгэнт тогтсон аж. Өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн аварга шалгаруулах шатрын болон рубик шооны тэмцээнд тус бүр 1400 хүүхэд оролцсон байна. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын аварга шал­гаруулах тэмцээнд дүүрэг, нийслэлд удаа дараа түүчээлж, аваргын цом хүртсэн гэнэ.

09.40 цаг. “Цэнхэр гариг” клуб. Миний бие урлагийн танхим хэмээн андуурсан тус га­зарт угтаа драмын болон цахилгаан хөгжмийн сонгон хичээллэдэг аж. Бэлтгэл хийх газар­тай сургуулийн анги бүрт цахилгаан хөгжмийн хамтлаг байлгүй яах билээ гэж бодлоо. Удах­гүй, энэ сарын дундуур “Авьяаслаг монгени­чүүд”уламжлалт урлагийн наадам болох гэж байгаа тул “Цэнхэр гариг” клубт хөгжмийн нүргээн тасрахаа байжээ. 

“Цэнхэр гариг”-ийн хажууханд ширээний теннисний бөмбөг тасралтгүй ойх нь сонсог­доно. Тоног төхөөрөмжийг нь сургуулиас хан­гаж, ширээний теннисний олон улсын шүүгч Оюунгэрэл тэнд багшилдаг аж. Ширээнээ­сээ өндөргүй шахам Энхрий (долоон настай) охин багштайгаа тоглож буйг харах өхөөрдөм байлаа.

10.10 цаг. … Авьяас билэгтэй алтан ордон

Анд нөхдийн ариун хэлхээ

Мөнгөн хонхны зүрхэн цохилго

Мөрөөдөл дагуулах алсын харгуй… Ийм үг­тэй сүлд дуу нь гуравдугаар цаг буюу их зав­сарлагаар эгшиглэнэ. 

10.20 цаг. “Гоо зүйн боловсролын тэн­хим” хэмээх гойд нэртэй газар онцгой сэтгэг­дэл төрүүллээ. Урлагийн чиглэлийн хөгжүүлэх сургалт хариуцсан тус тэнхимд мэргэжлийн 20 гаруй хүн багшлах агаад ахлагч, баян хуур хөгжим барин биднийг угтсан эрхмийг Д.Чу­луун гэх аж. Тэнд л сонгодог, үндэсний болон үлээвэр хөгжим, бүжиг зэрэг урлагийн бүх төрлөөр хүүхдийн авьяас, чадварыг хөхиүлэн дэмжих, хөгжүүлэх сургалтыг албан ба албан бус хэлбэрээр зохион байгуулж байна. “Хөгж­мийн хэл бол нот. Нот бол дэлхийн хэл. Тэд дэлхийн хэлээр ярилцах чадвартай болж байна” хэмээн багш нар нь онцолж байсныг энд тэм­дэглэе. Д.Чулуун багш “Хөх толбо” театраа “Нийслэлд битгий хэл Монгол Улсад хүүхдийн театр байхгүй. Манай театрын гэрэлтүүлэг, техник хэрэгсэл, хөгжмийн тоног тохөөрөмж сайн. Ялангуяа хөгжмийн дуугаралт, аккустик маш сайн. Дуу өсгөгч гэх мэт шаардлагатай бүх л зүйл манайд бий. Дүүргийн ажлыг ч энд нугалдаг юм шүү дээ” хэмээн магтаад амжсан. Магтахгүй байхын аргагүй “Хөх толбо” театр 180 орчим хүний суудалтай аж. Тэнд тус сур­гуулиас дүүргийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх толбо” яруу найргийн наадам гурав дахь жилдээ болох гэж байна.

10.50 цаг. Эрүүл мэндийн боловсролын тэнхим. Баянгол дүүргийн хэмжээнд стандар­тын шаардлага хангасан хоёрхон спорт заалны нэг нь тэнд байна. Тус танхимд сагсан бөм­бөг, волейбол, хөлбөмбөг, хөнгөн атлетик зэрэг спортын 9-10 төрлийн хөгжүүлэх сургалт явуулдаг аж. 

11.20 цаг. B байр. Монгол хэл, уран зо­хиолын боловсролын тэнхимийнхэн өрөөндөө кофе, цай уун түр амсхийхтэй нь таарав. Тус тэнхим нь 17 багштай, бага, дунд, ахлах ангид хичээл заадаг аж.

11.50 цаг. Хүмүүнлэгийн ухааны сургуу­лийн Дорно дахины хэл зүйн тэнхим дөрөв­ дүгээр давхарт байрлах юм. Япон, солонгос, хятад хэлийг монгол багш нараас гадна тэдгээр улсын мэргэжилтнүүд заадаг юм байна. Бүх танхимд ухаалаг самбар, дэлгэц суурилуулжээ. Сурагчид япон хэлний N2, хятад хэлний 5, 4 дү­гээр түвшний мэдлэгтэй болон төгсөх боломж­той хөтөлбөрийн дагуу сургалт явуулж буй талаар тус тэнхимийн ахлагч Э.Нарангуа онцол­сон. Тэрбээр сурагчдын олонх нь одоогоор хя­тад, солонгос, япон хэлийг сонгон суралцаж буй талаар хэлж байлаа. Тус сургуульд анх эл­сэгчид дорнын дээрх хэлнээс гадна англи, орос хэлийг сонгон суралцах боломж олгодог. Тэд солонгос хэлний улсын олимпиадад олон жил эхний байруудад шалгарч буй юм билээ. 

12.15 цаг. Математикийн боловсролын тэнхимийнхэн гуравдугаар давхарт байрлах аж. Тус тэнхим 17 багштайгаас хоёр нь мэдээ­лэл зүйнх. Бага ангид найм, дунд, ахлах ангид долоон багш математикийн боловсрол ол­гож байна. Өнгөрсөн жил ажлаараа бусды­гаа тэргүүлсэн тус тэнхимийн “брэнд” нь рубик шооны сургалт аж. Уг сургалтыг зохион байгуулсан хоёр жилийн хугацаанд сурагчдын 80 орчим хувь нь шоог бүрэн эвлүүлдэг болжээ. Харин яг тэмцээний үеэр 60 орчим хувь нь л эвлүүлж байгааг тус тэнхимийн ахлагч А.Гүр дурдсан. Тус сургуулийн долдугаар ангийн сурагч рубик шооны улсын аварга шалгаруу­лах тэмцээнд оролцож, чансаагаараа есдүгээрт бичигдэж буйг багш нь бахархан ярьсан юм. Энэ тэнхимийн нэг багш 8-12 хүүхдэд шоо эвлүүлж сургадаг юм байна. Бага, дунд, ахлах ангийнхны дунд тус бүр сая төгрөгийн шагналтай тэмцээн зохион байгуулдаг болжээ. 

Мөн тус тэнхимийнхэн МУБИС-ийн Бай­галийн ухааны сургуулийн математикийн ди­дактикийн тэнхимтэй хамтарч, хүнд хичээ­лийг хөнгөн болгох, сурахыг баясал цэнгэл, баяр баясгалан болгох төсөл боловсруулж, тусгайлан заах аргачлал нэвтрүүлсэн нь ихээ­хэн үр дүнд хүрч буй гэнэ. Харин захирал Н.Лхагва “Хичээлийн хүнд сэдэв байхыг үгүйс­гэхгүй. Харин хүнд хичээл гэсэн ойлголт байх ёсгүй, Хүнд хичээл гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрвөл хэн хүнд хичээлийг бий болгоод байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Хариу нь багш бид өөрсдөө юм. Муу багш л хүнд хичээлийг бий болгодог гэж ойлгож болно. Багшлах ухааныг урлаг болгож чадсан хүнийг л сая багш гэнэ. Сурах үйл явц баясал, цэнгэл байх ёстой” хэмээн дээрх аргачлал Монго­лын боловсролын системд хувьсгал болно гэж найдаж буйгаа нуусангүй. Тус аргачлалыг энэ хичээлийн жилээс дүүргийн хэмжээнд нэвтрүүлээд буй юм байна. 

13.00 цаг. Хоёрдугаар ээлжийн хичээл эх­лэв. Нэгдүгээр ангийн таван бүлгийн сурагчид үдээс хойш хичээллэдэг аж.

13.10 цаг. Улсын стандартын дагуу түүх, нийгмийн ухаан, иргэний боловсрол, бизнес судлал, хүн-нийгэм гэсэн хичээлийг Нийгмийн ухааны боловсролын тэнхимийнхэн заадаг юм байна. Тэд энэ жилээс 1-5 дугаар ангийн су­рагч бүрийг “Төлөвшлийн дэвтэр”-тэй болгож, тангаргийн баяр хийжээ. Өмнө нь тус сур­гуулийн сурагчид “Зорилгын дэвтэр”-тэй бай­сан бөгөөд энэ удаагийн дэвтэрт “Монгени”-д суралцагчийн эрх, үүрэг, дүрэм, хориглох зүйл­ сээс авахуулаад XXI зууны дэлхийн иргэн ямар чадвар эзэмшвэл зохих талаар тусгасан байна. Дунд ангийнхан хоёрдугаар улирлын хичээл эхлэнгүүт тангаргаа өргөхөөр төлөвлөжээ.

13.45 цаг. С байр. 140 хүүхдийн суудал­тай номын сан зарим их, дээд сургуульд ч үгүй байх. Номын сантай танилцах үеэр захирал нь “Энд шалгалт, сорил авахад амар байдаг юм” гэсэн бол номын санч Л.Ариунжаргал “Хүүх­дүүд даалгавраа хийхэд тохиромжтой орчин нь манайх байдаг. Манай англи номын фонд баялаг” хэмээн сонирхуулав.

14.00 цаг. Зав гаргаж, цайны газарт нь зочиллоо. Тус сургуулийн зөв зохистой хооллох төв нь зөв зохистой хооллох боловс­ролыг бага наснаас нь олгох, эрүүл хүнс, илч­лэг сайтай хоолоор эрүүл орчинд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр бусдад үлгэр дуурайлал болохуйц, туршлагатай хамт олон аж.

15.00 цаг. B байр. “Монгени” сургуулийн инновацын албаны дарга Д.Бадамгарав багш­тай уулзлаа. Түүний удирддаг Инновацын алба сургуулийн хөгжлийн болон сургалтын шинэчлэлийн бодлого төлөвлөлт, инновац, хя­налт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, хү­ний нөөцийн бодлого хариуцаж ажилладаг юм байна. 12 хүний бүрэлдэхүүнтэй. Д.Бадамга­рав багш “Монгол хүүхдийн төрөлх эрхийг дээдэлсэн, тэдний язгуур эрх ашигт нийцсэн, чөлөөт сонголт голлосон, албадмал бус, баригдмал биш, чөлөөт сэтгэл зүйн шинэ хандлагыг төлөвшүүлэх, хүнлэг, хүмүүнлэг үйлчилгээ үзүүлэх, шинэ сургуулийн төрх бий болгох нь бидний зорилго” гэж хэлээд “Эд­гээр үг болгоны ард асар их утга агуулга бий” хэмээн инээмсэглэсэн юм. Үнэхээр ч өглөө­нөөс үд өнгөртөл тус сургуулийн өнцөг, булан бүртэй танилцсан миний хувьд түүний үг оргүй санагдсангүй. 

“Монгени” улсын стандарт буюу тогтвор­той агуулгаар 19, байгууллагын стандарт буюу хувьсах агуулгаар 56 төрлийн сонгон, клуб хичээллүүлж байна. Өөрөөр хэлбэл, зүүн тархины боловсролыг улсын стандарт, ба­руун тархины боловсролыг “Монгени”-ийн стандартаар олгож иржээ. Математикийн боловсролын тэнхимийн ахлагч А.Гүр “Манай сурагчид бүгд өөртөө итгэлтэй байдгийг би мэдэрдэг. Тэдний дунд “Энэ надаас муу” гэх эрэмбэ байдаггүй. Яагаад гэвэл манай сургууль, багш нар сурагчдаа бүх талаар нь дэмжиж ирсэн. Сурагчдынхаа авьяасыг олон талаар хөгжүүлж ирсэн учраас тухайн сурагч мате­матиктаа мундаг нь биш байлаа ч бүжиглэх, зурах зэрэгтээ илүү байх боломжтой гэсэн үг” хэмээснийг энд зориуд тэмдэглэе. Нийгмийн ажилтан нь ч “Хүүхдүүдээсээ хамгийн түрүүнд соёлтой, зорилготой, нээлттэй байдлыг мэ­дэрдэг. Манай хүүхдүүд санаагаа шууд илэр­хийлдэг” гэж байсан юм. 

Их завсарлагаанаар эгшиглэдэг сүлд дуунд нь …Монгени Монгени

Миний сургууль

Монголдоо ганцхан

Бидний сургууль гэх дахилт бий. Харин “Мон­гени” шиг сургууль Монголд яагаад ганцхан бай­гааг захирал Н.Лхагва багшаас асуухад “Хууль, эрх зүйн орчныг нь өөрчлөх хэрэгтэй. Би ажлын­хаа үр дүнг одоо л харж байна” гэж байлаа. Ирэх онд 16 дахь төгсөлтөө хийж, хоёр жилийн дараа 30 жилийн ойтойгоо золгох “Монгени” шиг олон сургуультай болог ээ, Монгол. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Монголдоо ганцхан “Монгени”

  • Анх хөдөө орон нутгаас Улсынхаа нийслэлд хөл тавихад тосч авсан хамт олон Дэндүү олон сайн сайхан сэтгэлд минь мөнхөрсөн дөө… Ахмад багш Л. Дулмаа