Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АРИЛЖААНЫ ТАГНУУЛ

Хагас зуун жилийн өмнөх арилжааны компаниудын сөргөлдөөн ЗХУ болон АНУ хоорондын тагнуулын дайнаас ялгаагүй шахам байлаа. Ажилтан эл­сүүлэх, хахуульдах, технологи, нууц баримт бичиг хулгайлах, далдуур чагнах гээд хүйтэн дайны тухай киноноос л орчин үеийнхэн илүүтэй мэдэж авсан аргуудыг бизнест идэвхтэй ашигладаг. 

Өрсөлдөөнөөс үүдэлтэй тагнуулын тухай анхны баримт XIV зууны сүүлч үед хамаардаг. Тэгэхэд Германы худалдаачин, хожмоо Евро­пын банкны анхны ордныг үүсгэн байгуулсан Фуггерийн гэр бүл удирдагчдад зориулсан “Мэдээллийн эртний гар бичмэл” гаргаж эхэл­жээ. Энэ нь шийдвэр гаргахдаа харгалзан үзэ­хийг зөвлөдөг улс төрийн болоод арилжааны мэдээллийн түүвэр аж. 

Дашрамд хэлэхэд, хоорондоо өрсөлдөж буй компаниуд, хүмүүс болон нийгэмлэгүүд урьд нь ч бие биенээ ажигладаг байсныг тааварлахад амархан. Аливаа хэлэлцээ, бүр арьсыг улаан буудайгаар солиход ч үнээ буулгахгүй байх гэсэн хүсэл анхны овог аймаг худалдааны харилцаанд орсон цагаас хойш арилжааны мэ­дээлэл авах эрмэлзлийг төрүүлжээ. Алимны лангууны худалдагч туслах залуугаа илгээж, хөрш гудамжны наймаачин хэдээр зарж буйг тандуулдаг. 

Гэхдээ бизнесийн тагнуул гэдэг нэр томьёо XIX зуунд л үүсчээ. Ричард Миллар Девенс “Арилжаа, бизнесийн онигооны нэвтэрхий толь” номдоо улс төр, эдийн засгийн мэдээллийг шуурхай цуглуулж, боловсруулсны ачаар давуу талыг олж авах цогц аргыг тодорхойлон бичсэн аж. Эл аргыг банкны эзэн Генри Фюрнест ашигласан гэдэг.

Бизнесийн тагнуул буюу өрсөлдөөний тухай мэдээлэл цуглуулах ажил үйлдвэрлэл, эдийн засаг, мэдээллийн дүн шинжилгээний техно­логийн хөгжлийг мөн өөрчилжээ. Хамгийн оргил үе нь ХХ зуун. Өрсөлдөгчийнхөө үйл ажиллагааг урьдчилан таах, зах зээлийн нөх­цөл байдлыг мэдрэхийн тулд компаниуд олон нийтийн дунд санал асуулга явуулахаас эхлээд өрсөлдөгчийнхөө ажилтныг хахуульдах, эсвэл дарамтлах, хувийн харилцаа тогтоох, амин яриа өрнүүлэхээс аваад тусгай техник ашиглах, мөрдөгч хөлслөх гээд байж болох бүх аргыг ашигладаг байв. 

1956 онд хатуу диск зохион бүтээсэн нь тагнах арга улам нарийсах урьтал болжээ. Их хэмжээний мэдээллийг түргэн хуримтлуулах, тэдгээрийг боловсруулах боломжийг шинэ бүтээл олгох болов. Хоёр жилийн дараа Аме­рикийн үндэстэн дамнасан технологийн IBM компанийн эрдэмтэн Ханс Петер Лун арилжаа, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн мэдээлэл хад­галах болон түгээх үйлдлийг хялбаршуулсан, бизнес дүн шинжилгээ гэсэн нэрийн дор ав­томат системийг ойлгох боломжийг өгчээ. 

Аж үйлдвэрийн тагнуул хийх нь ёс зүйд нийцэх, эсэх асуудал тэр үед хөндөгдөж бай­сангүй. Өрсөлдөгчөөс жаахан ч болов илүү гарах боломж бүрийг бизнест ашиглаж байв. Өмнөх өрсөлдөөний үеийг өдгөө “Зэрлэг Өрнөд” гэж нэрлэдэг. Энэ нь зарим талаар хүйтэн дайны үетэй холбоотой аж. Тиймээс арилжааны тагнуулын урьд өмнө байгаагүй жишээ хувийн компаниудтай бус, Засгийн газартай холбоотой байдаг гэнэ. ЗХУ болон Өрнөдийн орнууд бие биенээсээ нууц материал хулгайлахдаа бусдаас илүү чадамгайн дээр тэд хамгийн том бизнес эрхлэгчдээс ч илүү чухал мэдээлэлтэй. 

Их Британи, Францын хамтран үйлдвэрлэ­сэн, дуунаас хурдан, зорчигч тээврийн “Кон­корд” нисэх онгоцны техникийн баримт бич­гийг ЗХУ-д дамжуулж байсан Өрнөдийн тусгай албаныхны мэдээлснээр “Брунгильда” ажил­лагаа 1950-иад оны сүүлчээр эхэлжээ. Зүүн Германы “Штази” тусгай албаны дэмжлэгтэй­гээр ЗХУ Швейцарийн иргэн, 69 настай, химич Жан-Пол Супертийг хахуульдан, элсүүлэв. Их Британи, Францын мэдээлэгчдээр дамжуулан хэдэн жилийн турш тэрбээр “Конкорд”-ын хар зураг, схемийг цуглуулж, хуучин Бүгд Найрам­дах Ардчилсан Герман Улсад дамжуулж байлаа. 

Тэрбээр 1964 онд илчлэгдэх хүртлээ зүүн Германы талд ажиллаж байжээ. Баривчлагд­саныхаа дараа “Конкорд”-той холбоотой өөрийн мэдээлэгч, Зөвлөлтийн болон зүүн Германы тагнуулчдыг илчилсэн байна. Түүний хэлс­нээр Өрнөдийн нисэх онгоцны мэдээлэл дам­жуулагч, инженер Герберт Штайнбрехерийг баривчилжээ. Зарим судлаачийн таамаглаж буйгаар Францын нийслэл дэх “Аэрофлот”-ын төлөөлөгчийн газрын дарга Сергей Павлов “Конкорд”-ыг үйлдвэрлэгч “Sud aviation” ком­панийн баримт бичгийг худалдан авах гэж байгаад 1965 оны эхээр баривчлагдаж, хөөг­дөн гарсан нь Жан-Пол Супертийн өгсөн мэ­дээлэлтэй холбоотой аж. 

С.Павловыг хөөж гаргаснаар “Брунгильда” ажиллагаа дуусчээ. Зөвлөлтийн талд хэчнээн баримт дамжуулсан нь өдгөө ч тодорхойгүй хэвээр.

Францчуудаас түрүүлж анхны нислэг хийх боломжийг ЗХУ-д олгосон дуунаас хурдан, зорчигч тээврийн “Ту-144” нисэх онгоцыг бү­тээхэд “Конкорд”-ын хар зураг, схемийг ашиг­ласан байж магадгүй гэж мэргэжилтнүүд таамагладаг. Мэдээжийн хэрэг, “Ту-144” нисэх онгоцыг зохион бүтээсэн Андрей Николаевич Туполев уг таамгийг эрс няцаадаг байна.

Хамгийн гол нь Зөвлөлт, зүүн Германы тагнуулчдын ажлыг мөрдөн шалгахад оролц­сон Өрнөдийн тусгай албаныхны болгоомж­лол нь зөвхөн “Ту-144”-тэй холбоотой байсан­гүй. Зөвлөлтийн эдийн засгийн онцлогоос үзвэл иргэний агаарын тээвэрт дуунаас хурдан онгоцны эрэлт тааруу байхыг урьдчилан таамаглах боломж олгож байв. Гол асуудал нь давхар зориулалттай технологид оршиж бай­лаа. “Конкорд”-д хэрэглэсэн инженерийн за­рим шийдлийг дуунаас хурдан, хол зай туулах чадалтай, бөмбөгдөгч онгоц бүтээхэд ашиглаж болохоор гэнэ. 

Тагнуулын дуулиан дагуулсан нисэх онго­цуудын хувь заяа ч өөр өөр байв. Парисын ой­ролцоо 1973 онд болсон нисэх онгоцны үзэс­гэлэн худалдааны үеэр осол гарсны дараа “Ту-144” бараг нисээгүй. Шуудан тээсэн анхны нислэгээ 1975 онд үйлджээ. Харин 1977 онд Октябрийн хувьсгалын 60 жилийн ойг тохиол­дуулан зорчигч тээвэрлэж эхэлсэн нь ердөө долоон сар үргэлжилсэн байна. Харин чинээлэг зорчигчдод үйлчилдэг “Конкорд” 2003 он хүртэл үргэлжилсэн. Учир нь жирийн нислэгийнхээс маш их үнэтэй тасалбар нь зардлаа нөхдөг байж. 

Парист 2000 оны долдугаар сарын 25-нд болсон “Конкорд”-ын осол, есдүгээр сарын 11нд АНУ-д гарсан террорист халдлагын дараа агаарын тээврийн үйлчилгээ уналтад орсон. Улмаар 2003 оны дөрөвдүгээр сард “Их Британи, Францын иргэний агаарын тээврийн компани” “Конкорд”-оос бүрмөсөн татгалзжээ. Иргэний агаарын тээврийн хамгийн үнэтэй бөгөөд хурдан нисэх онгоц сүүлчийн нислэгээ 2003 оны арваннэгдүгээр сарын 23-нд Бристолийн чиглэлд хийсэн байна. 

“Конкорд”-ыг үйлдвэрлэгч болох Фран­ цын “Sud aviation”, Их Британийн ВАС шиг хувийн аж үйлдвэрийн компани ЗХУ-д байгаа­гүй ч тэдний мэдээллийг нь олж авахыг АНУ болон Өрнөдийн орнууд идэвхтэй хөөцөлддөг байжээ. “Тэрбум долларын тагнуулч”, хожим нь Пулитцерийн шагналт сэтгүүлч Дэвид Хоффман гэгдэх болсон Адольф Толкачев ЗХУ дахь Өрнөдийн хамгийн алдартай тагнуулч аж. 

Тэрбээр Америкийн тагнуулчтай холбоо тогтоох гэж нэлээд удаан оролджээ. 1977 оны нэгдүгээр сард хамтран ажиллах санал бүхий зурвасыг ЭСЯ-ны машины цонх руу шидсэнээс хойш жилийн дараа буюу 1978 оны хоёрдугаар сард л АНУ-ын тагнуулчид түүнтэй холбоо тогтоосон байдаг. 

Шуудангийн хайрцагны, хүний анхаарал татдаггүй инженер Толкачев америкчуудад баримт бичиг өгсөн нь АНУ-ын Агаарын цэр­гийн хүчний мэргэжилтнүүдийн хувьд ер бусын ач холбогдолтой байжээ. Америкийн Тагнуулын төв газар (ТТГ)-ын албан ёсны тайлангаас үзвэл Толкачев далд санаатайгаар хамтран ажиллах болсон. Ард түмний дайсны охин болох эхнэрийнх нь хувь заяа түүнд нөлөөлснөөр тэрбээр урван тэрслэгч гэгдэх болжээ. 

Тэрбээр хүүдээ зориулан ЗХУ-д хориотой гадаадын пянз, ном, шугам зургийн хэрэгс­лүүдийг тагнуулчдаас авдаг байсан гэнэ. Зөв­лөлтийн инженер чацарганы тос, хүн орхоо­дойн үндэс, сахлын татуурга явуулахыг хүсдэг байжээ. Эдгээрийн хариуд ТТГ Зөвлөлтийн сөнөөгч нисэх онгоцны электроник, радиоло­кацын шинэ цогцолборуудын схемийн зургийн бичил хальс авдаг гэнэ. Толкачев эхлээд сэжиг төрүүлэхгүйн тулд мөнгө авдаггүй байснаа, дараа нь америкчууд гадаадын нууц дансанд хадгалдаг шагналын мөнгөний тодорхой ху­вийг рубльд шилжүүлээд явуулахыг хүссэн байх гэж таамагладаг. Нэг захидалдаа тэрбээр буруу ханшаар бодож бага мөнгө явуулсан хэ­мээн гомдоллосон байжээ. 

АНУ руу нүүхийн өмнө Адольф Толкачев эхнэрээ орхижээ. Гэр бүлийн хүн нь эх орноо санан бэтгэрнэ гэж тэрбээр хэлсэн аж. Энэ нь буруу шийдвэр байв. 1985 онд чөлөөнд гарсан ТТГ-ын ажилтан Эдвард Ли Ховард ЗХУ руу зугтан гарч, мэдээлэгчдээ илчилсний дотор Толкачев нэрлэгдсэн байна. Тэрбээр гэм буруутайгаа хүлээж, буудуулах ял шийт­гүүлснийг 1986 оны есдүгээр сарын 24-нд гүй­цэтгэжээ. Түүний эхнэр гурван жил хоригдох байсан ч хоёр жилийн дараа суллагдсан гэнэ. Хорт хавдар туссан бэлэвсэн эхнэр нь АНУ-ын ЭСЯ-наас тусламж хүссэн ч татгалзсан хариу авсан байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.