Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аж үйлдвэрийн салбарын гарц 2.5 их наяд төгрөгөөр өсчээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ оны эхний есөн сарын статистикийг өчигдөр танилцууллаа. 1-9 сард аж үйлдвэрийн салбарын гарц 9.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 37.4 хувь буюу 2.5 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Үүнд нүүрсний олборлолт 1.1 их наяд, хүдрийнх 802.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн. Тэгвэл 36.2 сая тн нүүрс, 5.9 сая тн төмрийн хүдэр, 2.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, мөн 960 мянган тн зэсийн баяжмал, 4.2 мянган тн молибден, 71.8 мянган тн хайлуур жонш, 60.6 мянган тн цайрын баяжмал, 14.8 тн алт олборлосон байна. Ингэснээр улсын төсөвт татвар, хураамжийн хэлбэрээр нэг их наяд төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх жилийнхээс 117 хувиар өссөн дүн юм. 

Түүнчлэн өнгөрсөн сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний газрын тосны бүтээгдэхүүний 42 хоногийн нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензиний 67, Аи-92-ийн 58, дизель түлшний 27, ТС-1 онгоцны шатахууны 21 хоногийн нөөцтэй байгаа гэнэ. Тус яамнаас шатахууны хангамж, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах чиглэлд анхаарч, Сангийн яамтай хамтран дахин хэлэлцээр хийж, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тохирсныг бууруулах, хэрэгжих хугацааг хойшлуулах талаар ОУВС-тай зөвшилцөнө гэв.

Дашрамд дурдахад, энэ оны долдугаар сараас хойш Гашуунсухайт боомт хүртэл нүүрс ачсан авто машины цуваа улам нэмэгдэж, 110 км-т хүрсэн. Одоо энэ нь 99 км урт байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдэгдлээ. Олон сар үргэлжилсэн энэ түгжрэлийг шийдвэрлэхийн тулд талууд улс төрийн шийдвэр гаргах шаардлагатайг сайд Д.Сумъяабазар онцлов. Хоногт 1500 машин урд хөрш рүү нүүрс тээвэрлэж байсан. Харин БНХАУ нүүрсний цөөн авто машин нэвтрүүлэх болсноор өдөрт ердөө 600 орчим жолооч хил нэвтэрч байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Уул уурхай хүнд үйлдвэр, Зам, тээврийн сайд нар өмнөд бүсэд ажиллахаар болжээ. Нэг өдөрт 1000 машин нэвтрүүлэх хүсэлтээ БНХАУ-ын талд уламжлах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.