Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СОЁЛ ТҮГЭЭГЧ “РЕПИН”-ИЙНХЭН

ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Оросын нэрт зураач И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академи төгсөгчдийг онцоллоо. Грек, Ромын уран зургийн дэг сургуулийг уламжлуулан өнөө ч дэлгэрүүлэн хөгжүүлсээр буй тус сургуулийг манай улсаас 75 жилийн түүхэнд 64 оюутан төгссөнөөс өдгөө 23 нь бүтээн туурвиж байна.

Зурагт зүүн гараас тус академид урлаг судлал, менежментээр суралцаж буй, тус академийг төгсөгчдийн Монголын холбооны тэргүүн Х.Дамдинсүрэн, уран барималч, урлаг судлалын ухааны доктор С.Бадрал, Д.Ядамсүрэн, Л.Ганболд, Н.Санчир, Г.Төмөр, З.Уянга, Д.Эрдэнэбулган, О.Пүрэвсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ө.Цэнд-Аюуш, Р.Энхтайван, Д.Энхтайван, Ц.Сүхээ, Н.Ганболд, урлаг судлалын шинжлэх ухааны доктор Ц.Эрдэнэцог.

АНХНЫ ОЮУТАН НЬ Л.ГАВАА

Монголын урчуудын эвлэлийн байгууллага дэргэдээ зураач бэлтгэх сургууль байгуулж зурж дүрслэх унаган авьяастай залуусыг хамруулсны нэг нь хожим Ардын зураач болсон Л.Гаваа юм. Төр улсын гэгээрлийн бодлогын хүрээнд түүнийг 1946 онд тухайн үеийн ЗХУ-ын Ленинград буюу Санкт-Петербург хот дахь нэрт зураач И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид илгээсэн бөгөөд театрын зураачаар мэргэшсэн залуу уран бүтээлч 1952 онд эх орондоо ирж, ажиллаж эхэлжээ. Тэрбээр ажлын гараагаа өнөөгийн УДБЭТ-ын ерөнхий зураачийн албанаас эхэлсэн бөгөөд дэлхийн сонгодог дуурь, балетыг Монголын тайзнаа ар араас нь тавихад бүхий л зураг эскизийг хийсэн, шинэ үеийн Монголыг үндэсний дуурь, балеттай болгоход бие сэтгэлээ бүрэн зориулсан соён гэгээрүүлэгч юм. 

ШИНЭ ЦАГИЙН АНХНЫ СУРАЛЦАГЧ НЬ Б.ОТГОНТҮВДЭН

Социализмын үед И.Е.Репиний академид суралцагсад улсын зард- лаар сурч байлаа. Оюутан сургах зардлыг төрөөс ЗХУ-тай бай – гуулсан найрамдалт, харилцан ашигтай гэрээ- ний хүрээнд зохицуулж байсан цаг. Социалист систем задарсантай холбоотой үүссэн нөх- цөл байдлаас болж тус академид оюутан суралгүй олон жил болсны дараа залуу зураач Б.Отгонтүвдэн хувийн зардлаар “Репин”- ийг зорьсон бөгөөд 2009-2012 онд суралцаж төгссөн. Дүрслэх урлаг хөгжсөн Монголд суралцаж байгаад очсон тэрбээр төвөггүй сурч удалгүй академийн профессоруудын сайшаалыг хүлээж сургуульдаа, соёлын томоохон хотын уран зургийн ертөнцөд байр суурьтай нэгэн болж чадсан юм. 

ТЭДНИЙ БҮТЭЭЛ БИДНИЙ АМЬДРАЛЫН НЭГЭЭХЭН ХЭСЭГ

1757 онд байгуулагдсан 260 жилийн түүхтэй И.Е.Репиний нэрэмжит академи төгсөгч монгол зураач, барималчдын урлаж бүтээсэн бүхнийг монголчууд хүртэж байдгаа төдийлөн анзаардаггүй байж болох юм. Өмнө нь хэлсэнчлэн 1980-аад оны төгсгөл хүртэлх хугацаанд Монголын тайзнаа тавьсан бүхий л дуурь, балетын тайзны зураг, засал, чимэглэл тус академийн анхны төгсөгч Ардын зураач Л.Гаваагийн оюуны бүтээгдэхүүн. Мөн энэ үеийн уран сайхны олон кинонд “Репин”- ийнхэн ерөнхий зураачаар ажилласан байдаг. “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хү- чин дор” зэрэг уран сайхны киноны ерөнхий зураачаар “Репин”-ий төгсөгч Төрийн шагналт О.Пүрэвсүх агсан ажилласан.

Түүхийн, байгалийн гээд олон тооны музей, галерейд тэдний бүтээл бий. Ном хэвлэл, зурагт хуудас, ил захидал, төр, засгийн бэлгэдэл зураг, тэмдэгтүүд, одон медаль, хөшөө дурсгал, гудамж талбайн чимэглэл гээд тэдний ур ухаан, бодол сэтгэл шингэсэн бүтээл тоолж баршгүй. Өнөөдрийн бидний мэддэг “Нарны титэм”-ийн урд орших “Эмээ, өвөө хоёр” баримал, III, IV хорооллын заагт байдаг төр, нийгмийн зүтгэлтэн Л.Энэбиш агсны хөшөө болон Говь-Алтай аймгийн төв дэх Улсын баатар холбоочин М.Жанчивын, Ерөнхий сайд асан П.Жасрайн хөшөө зэрэг нь “Репин”-ий төгсөгч уран барималч Р.Энхтайваных байх жишээтэй. Ховдод Галдан Бошигтын, Орхон аймагт УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэгийн, Улаанбаатарт төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хүрэл хөшөө босгосон уран барималч Л.Ганхуяг мөн энэ академийн төгсөгч. Ингээд нэрлээд байвал тус академийг төгсөгч монголчуудын ухаан, ур чадвар шингэсэн бүтээл туурвил оюуны хөдөлмөрийн салбар бүрт олон байх аж. 

БҮХ ТӨГСӨГЧИЙН БҮТЭЭЛ СУРГУУЛИЙН АРХИВТ БИЙ 

И.Е.Репиний академи төгсөгчдийн тухай материал бэлтгэхэд мэдэхгүйг мэдүүлж, танихгүйг таниулж тусалсан уран барималч, урлаг судлалын ухааны доктор, СУИС-ийн Дизайн, дүрслэх урлагийн сургуулийн багш С.Бадрал ажлынхаа шүүгээнээс хэд хэдэн зузаан ном товхимол гаргаж ирж танилцуулсаар байсан юм. Гадаадад хэвлэсэн, “Репин” төгсөгчдийн бүтээлээр хийсэн том гэгчийн зурагт цомогт Монголын төгсөгч Н.Аргайсүхийн 1991 онд гипсээр цутгаж бүтээсэн “Чингис хаан” баримал байхыг харлаа. 60/70/20 хэмжээтэй уг бүтээлд сүр хүчит Чингис хааныг хөмсөг атируулан морин дээр бодлогошронгуй яваа байдалтай дүрсэлжээ. С.Бадрал доктор үүнийг Орост урласан анхны Чингис хаан хэмээсэн юм. Социалист үзэл суртал дунд урлагийн төлөө сэтгэж бодож явснаа нийгмийн шилжилтийн тухайн жилд бүтээж туурвиж дээ гэсэн бодол төрснөө хуваалцахад уран барималч ах “Зураач нарт нийгэм ямар байх нь нэг их хамаагүй дээ. Урлаг л бол урлаг. Манай зураач, барималчид бол үеийн үед хүний газраас Монголоо хайгсад байсаар ирсэн. Одоо ч тийм” гэж ярьж байлаа. Мөн тэр цомогт уран барималч Б.Дэнзэнгийн “Шүхэрч Буниа” бүтээл байна билээ.

ГРЕК, РОМЫН ДЭГ СУРГУУЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭГЧИД

Дэлхийн дүрслэх урлагийн ертөнцөд өөрийн гэсэн томоохон орон зай, байр суурьтай, Грек, Ромын уран зургийн дэг сургуулийг уламжлуулан хөгжүүлэгч, зөвхөн Ардын зураач, профессорууд урлангийн зохион байгуулалтаар, туслах багштайгаар хичээл заадаг системтэй И.Е.Репиний академи төгсөгч монгол зураач, барималчдын тухай цухас сонирхоход энэ. Тус академийг 64 монгол хүн төгссөнөөс өдгөө 23 нь энх тунх байна. Тэд залуу үеийнхэнтэй мөр зэрэгцэн бүтээн туурвиж байна. Төгсөгч Н.Санчир л гэхэд нас 70 хүрсэн хэр нь зурсаар. Өнгөрсөн хавар уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж уран зураг сонирхогчдыг урин дуудаж байлаа. Дашрамд хэлэхэд, Н.Санчир мөн “Репин”-ий төгсөгч Ардын зураач Л.Намхайцэрэнгийн хүү билээ. Анхны төгсөгч Л.Гаваагийн хүү Г.Төмөр бас тус академийн төгсөгч. Ах дүү Я.Үржнээ, Я.Туяа нар мөн энэ сургуулийнх.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.