Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭХИЙН СЭТГЭЛЭЭ ДЭЛГЭЭЧ, САЙД НАР АА

Яагаад… Яагаад Монголд ийм байдаг юм бэ. “Багш нарын цалингаа нэмүүлэх гэ­сэн амьдралын бодит шаардлага дээр улс­ төржсөн “хулигаанууд” тоглолт хийж байгаа нь сүүн дээр масло хийх мэт тод мэдрэгдэж байна” хэмээн нэгэн зохиолч уржигдар нүүр номдоо илэрхийлсэн нь ортой. Нарт ертөнцөд эгнэшгүй нандин сайхан албаны эзэд маань Монголын үйлдвэрчний эвлэл хэмээх улстөрчдийн “гар, хөл” болсон байгууллагын дам болон шууд захиалгаар “Цалин нэмэхгүй бол ажил хаяна” хэмээн төр, засгийнхныг сүрдүүлж эхэлсэн нь хачирхалтай. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ХНХ-ын сайд С.Чинзориг болон Багш нарын цалин нэмэх түр хорооноос өчигдөр өглөө эртлэн хэвлэлийн­хэнд мэдээлэл хийлээ. Дээрх албаны хүмүү­сийн мэдэгдсэнээр Багш нарын ажил хаялтыг зохион байгуулж буй түр хорооноос өчигдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор болж, тохиролцсон аж. Гэхдээ зарим сургуулийн багш нар өчигдрөөс ажил хаяж эхэлсэн бөгөөд түр хорооны зүгээс сургуулиудад мэдээлэл өгч, ажил хаялтаа зогсоох хүсэлт тавьж буй гэ­нэ. Багш нарын цалин нэмэх шаардлагын хү­рээнд Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байгаа, 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөг төрийн албан хаагчдад олгохоор шийдвэрлэсэн, үүнд багш, эмч нар орж буй тул эхлээд ажил хаялтаа зогсоож, ширээний ард сууж, асуудлыг шийдэх санал тавьсны дагуу дээрх түр хороо болон МҮЭХ-ны удирдлагуудтай уулзалт хийсэн гэдгээ БСШУСын сайд Ц.Цогзолмаа мэдэгдэв. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ч “Багш нарын цалин нэмэх түр хороо болон МҮЭХ-той ойлголцож, хамтарч ажиллахаар болсон. Цаашид 2018 оны төсөвт багш нарын орлогыг нэмэгдүүлэхэд зориулж 112 тэрбум төгрөг суулгахаар ярилцаж байна. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбө­рийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй учраас урамшуулал хэлбэрээр олгох, тэр нь багш нарт шууд гарт нь очдог байхаар асуудлыг зохион байгуулахаар МҮЭХ болон холбогдох байгууллагуудтай ярилцана” хэмээн мэдэгдэв. Ц.Цогзолмаа сайдын хэлсэнчлэн “300.000 төгрөгөөс татгалзах багш нар байхгүй” тул асуудал хэсэгтээ л намжих бололтой. Итгэл үнэмшил, үзэл бодол, ажил амьдралаа, ард нь тормойж буй шавь нараа дэнчин тавьсан хэдхэн багш чанартай, гайгүйхэн өрөөсөн гутал авч өмсөх хэмжээний мөнгөөр амаа үдүүлж, бус­дыгаа “нүүр хийх” газаргүй болгож байна гэхээр хөөрхийлөлтэй. “Эдийн засаг элгээрээ хэвтлээ, улс орон даяараа бүсээ чангалахгүй бол горьгүй нь” хэмээн сэнхрүүлж асан эрх баригч намын нэгэн эмэгтэй гишүүн тэгтэл бүр “Гурван сая иргэнээ алагчлалгүй, бүгдэд нь 300.000 төгрөг тараах хэрэгтэй” гэж барьцан “попорсон”. Арай ч дээ. “ОУВС-гийн шаардлагаас болоод одоо ца­лин нэмж болохгүй байна. 2019 оноос яг нэмнэ ээ” гэдэг үг ямар агуулгатай болохыг үнэндээ сонгуулийн амлалтад молигодуулж сурсан мон­голчууд мэдэж л байгаа шүү дээ. Ингэхэд ер нь хүүхдүүдийн эрхийг, тэдний эрх ашгийг ярьдаг төрийн түшээ, төрийн албан хаагч энэ улсад байна уу. Авах гэж бөхийж байгаа нь, өгөх гэж гэдийж байгаа нь ч таарсан хүмүүс бол доо. Эмч, багш нарын цалин хийдэг ажилтай нь харьцуулахад чамламаар гэдгийг монголчууд бүгд хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэдэнд нэг удаа 300.000 төгрөг өглөө гээд амьдрал нь овойж оцойтлоо дээшлэх нь юу л бол. Харин энэ мөнгө хэрэгтэй хүмүүстээ хүрч очдог бол хамгийн чухал хөрөнгө оруулалт, хамгийн том буян биш гэж үү. 

Цалин нэмэх боломжгүй гэдгийг нь мэд­сээр байж өөдөөс нь сөрж адарсан эмч, багш нарын амыг таглах болохоор хаа нэгтэйгээс “ургаад” ирдэг 55 тэрбум төгрөгөөр адаглаад үндэсний хэмжээнд ганц байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг шиг 10 тийм барилга босгох боломжтой шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй 120 хүүхдээс таван тэрбум төгрөг харамлаад, таван жил болж байгаа түшээд төрийн албан хаагчдад 55 тэрбум төгрөг тараах тухай яриа үүсгэсэн нь олон нийтийн нүдийг “орой дээр нь” гаргав. Улсын хэмжээнд ганц байдаг сувиллын цэцэрлэгийн хүүхдүүд “Өнөр бүл” асрамжийн төвийн агаар­жуулалтгүй, стандартын шаардлага хангахгүй дөрвөн өрөөнд царайчлан хүмүүждэг гэвэл итгэх хүн хэр олон бол. Энэ хүүхдүүдийн цаа­на хувь тавилангийн хатуу хөтүүд сэтгэл нь эмтэрсэн зуу зуун аав, ээж байдгийг мэдэх үү. Томчууд шиг “Ажил хаяна шүү” гэж далайл­гах боломжгүй, гудамжинд гарч жагсаж, үгээ хэлж тэмцэж чадахгүй болохоор нь тэдний эрх ашгийг таван жил хойш тавьж байгаа хэрэг үү. 

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориул­сан усан эмчилгээ, сэргээн засах эмнэлзүйн тусгай өрөөтэй, хүүхэд хөгжлийн төв гэх мэт байгууламж бүхий дөрвөн давхар барилга уч­раас манайх 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй байгаа юм. 120-150 хүүхдийн багтаамжтай энгийн цэцэрлэгийг дунджаар хоёр тэрбум төгрөгөөр барих юм билээ. Тэгэхээр төрийн албан хаагчдад тараана гээд байгаа 55 тэрбум төгрөгөөр дор хаяж 10-12 цэцэрлэг барих бүрэн боломжтой гэсэн үг” хэмээн тус цэцэрлэгийн нийгмийн ажилтан учирлав. Жил бүр “аз дутан” цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг 2000 хүүхдийг бүгдийг нь бодохоо байг гэхэд ядаж сувиллын 10 дугаар цэцэрлэгийн барилгыг ба­рих мөнгийг шийдэж өгчихөөд дараа нь төрийн албан хаагчдынхаа аргыг ол тэгэх үү, Ц.Цог­золмаа сайд аа. Бүх мөнгөө цэцэрлэг барихад зориулаач гэж “даврах” гэсэнгүй. Ганцхан энэ цэцэрлэгийн барилгын мөнгийг ядаж шийдээд өгөөч. Бүдүүн тойм эр хүн юм болохоор цэцэр­лэгийн багш эхнэрийнхээ цалингаар ар гэрээ болгож байснаа Ерөнхий сайд “мартсан” байлаа гэхэд эмэгтэй хүний мяндсан ухаанаар төрийн жолоог залуурдах үүрэг хүлээсэн та ядаж тэгмээргүй байна. 

Яармагийн дэнжид баригдахаар долоон жил “дуншиж” буй 300 ортой эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгын дэд бүтцийг шийдэх зардлыг наад мөнгөнөөсөө гаргачихсан байхад “Яаж байгаа юм бэ” гэж Эрүүл мэндийн сайд­тай зарга хийх хүн гарахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Гэтэл яагаад эмч нар үүний төлөө жагсдаггүй, Д.Сарангэрэл сайд ганц үг ганхийж болдоггүй юм бол. “Монгол эх, хүүх­дийн эрүүл мэндийн төлөө юм аа” гээд сайд таныг учирлавал талын нэг цацсан будаа шиг тараах гээд байгаа 300.000 төгрөгөөс тань тат­галзах зүрх зоригтой эмэгтэй төрийн албан хаагч олон бий гэдэгт эргэлзэхгүй байна. Монголын үрсийг маш олон болгох төрийн бодлого гэж үнэхээр манайд байдаг л юм бол эрхэм хоёр эмэгтэй сайдад дайх хүсэлт энэ билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.