Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цалин бус орлого бодитой нэмэгдэх тул жагсахгүй

Хэдэн өдрийн турш үргэлжилсэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт  хэлэлцээрээр нийгмийн зөвшлийн талууд 14 асуудлыг хамтарч хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон үр дүнгийн талаараа өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар болон бусад төлөөлөл хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл хүргэв. 

Хэлэлцээрт тусгасан асуудлын талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дэлгэрэнгүй танилцуулахдаа:

Энэ удаагийн нэмэлт хэлэлцээрт төрийн албан хаагчийн бодит орлого нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд хэдэн асуудлыг тусгасан байна. Тухайлбал, хэлэлцээрийн хүрээнд төсвийн байгууллагын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр 2017, 2018 онд 112,0 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулж, зарцуулалтыг нь Засгийн газраас батлах  журамд салбар салбарын хэлэлцээрээр нарийн зохицуулахаар тохиролцов. Мөн 2018 онд инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар Олон улсын валютын сантай хэлэлцэж,  улмаар ирэх оны хоёрдугаар улиралд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх асуудлаар талууд нэмэлт хэлэлцээр хийхээр болсон.

Мөн тэрээр хэлэхдээ  “Багш нарын цалин нэмэх түр хороо болон МҮЭХ-той ойлголцож, хамтарч ажиллахаар болсон.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн уулзалт, зөвшилцлийн үр дүнд өнөөдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор болсон. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй учраас урамшуулал хэлбэрээр олгох, тэр нь багш нарт шууд гарт нь очдог байхаар асуудлыг зохион байгуулахаар зөвшилцлийн хүрээнд яригдаж байна. Үүнийг салбарын яам МҮЭХ болон холбогдох байгууллагуудтай ярилцана” гэлээ.

Багш нарын цалин нэмэх шаардлагын хүрээнд Засгийн газраас шат дараалсан тодорхой арга хэмжээ  авч байгаа гэдгийг БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа тодотгов. 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад олгох шийдвэр гарсан. Энэ бол нэг удаагийн асуудал бус, ирэх оны төсөвт багшийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хийх ажлын эхлэл гэдгийг ч сайд хэллээ. Тиймээс асуудалд олон талаас нь бодитой хандаж  ажил хаялтаа зогсоож, ширээний ард сууж, асуудлыг шийдэх саналыг тавьж Багш нарын ажил хаях түр хороо болон МҮЭХ-ны удирдлагуудтай уулзалт хийсэн гэнэ. 

Түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэшлийн ур чадвар, ажлын ачаалал, үр дүн, хүлээх хариуцлага, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан эрүүл мэндийн салбарын ажиллагчдын ангилал, зэрэглэлийг 2017 онд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, спортын салбарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг  2018 онд боловсронгуй болгож, шинэчлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсон гэнэ. 

 Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлын байрыг онооны аргаар үнэлэнэ 

Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлын байрыг онооны аргаар үнэлэх замаар ангилал, зэрэглэлийг боловсронгуй болгох ажлыг ЭМЯ болон салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран хийж байгаа бөгөөд энэ ажлыг 2017 онд багтаан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг хэлэлцээрт тусгажээ. Нэмэгдэл хөлс, урамшуулалтай холбоотой Засгийн газрын тогтоолоор баталсан 7, салбарын сайдын болон хамтарсан тушаалаар баталсан 5, нийт 12 журмыг шинэчлэх замаар төрийн үйлчилгээний албан хаагчийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах үүргийг талууд хүлээхээр болж буй юм.

Төрийн албан хаагчдын ялангуяа боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд төсвийн байгууллагуудын төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагаанаас орох орлогыг ажиллагсдын цалин хөлс, орлого нэмэгдүүлэх эх үүсвэрт зарцуулах асуудлыг журамлаж, 2018 оноос хэрэгжүүлэхээр болсон нь энэ удаагийн нэмэлт хэлэлцээрийн онцлох асуудал боллоо. 

Мөн нийгмийн эмзэг, ядуу хэсгийн нийгмийн хамгааллыг дордуулахгүй байх зорилгоор  2017, 2018 оны улсын төсөвт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон “Цалинтай ээж” хөтөлбөрт 208.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэрт 136,8 тэрбум төгрөг тус тус тусгуулж, хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Орлого багатай иргэдийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг бууруулах зорилгоор 2018 онд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч,  хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг 50 хувиар бууруулах, хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 120.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх асуудал нэмэлт хэлэлцээрт тусгаж, хэрэгжүүлэхээр болсон. 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Цалин бус орлого бодитой нэмэгдэх тул жагсахгүй