Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТӨРИЙН ТЭЭГЛҮҮР

Монголд төрийн ажлыг саадгүй, шуурхай явуулахад чөдөр тушаа болдог олон хүчин зүйл бий. Бусдын ажилд хэр зэрэг тээг садаа болно, тэр хэрээр өөрсдийгөө их сайн, бас их ачаалалтай ажиллаж байна хэ­мээн сэтгэдэг албан тушаалтнууд, түүнийг нь өөгшүүлдэг тогтолцооны гажгаас үүдэлтэй хүнд суртал энэ улсыг яаж “идэж” буйг хэдхэн жишээгээр эш татъя. 

“ХЯМГАДСАН НЬ”

Элсэн тасархай орчмын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг хэрхэн бууруулах вэ гэдэгт солонгосчууд Газар зүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтран төсөл хэрэгжүүлэхээр болж, урьдчилгаа мөнгөө бараг хоёр сарын өмнө Монгол руу шилжүүлжээ. Гэтэл “Төрийн сан” хэмээх “түлхүүр” нь олд­доггүй түгжээтэй авдарт өнөөх нь орсноор тэндээ таг гацаж орхисон аж. Сангийн яамны­хан “Сайдын гарын үсэгтэй тушаал гарахаас нааш 16 сая төгрөгийг чинь гаргаж өгөх ямар ч боломжгүй” хэмээн хууль журам яриад тас зөрүүлдэх нь тэр. Ингээд манай эрдэмтэд га­даад түншлэгчдийнхээ нүүрийг харах “арга­гүй” болсон ч олгой хагаравч тогоондоо гэг­чээр асуудлыг өөрсдөө яаж ийгээд зохицуулан, монгол, хятад, солонгос судлаачдын хамтарсан анхны хурлаа өнгөрсөн баасан гаригт Худалдаа, аж үйлдвэрийн танхимд хийлээ. Гадаадын найман судлаачийг “Continental” зочид буу­далд байрлуулах, хурал зохион байгуулах мөн­гөө босгох гэж үйлээ үзсэн тэд маргааш Эл­сэн тасархай руу явна. Унаа хөлслөх, бензин шатахуун, очоод байх байр савны мөнгө гээд дахиад өчнөөн асуудал босож ирэх нь мэдээж. Гэвч гадаадынхны хувьд төлөвлөсөн ажил л бол ажил учраас нэгэнт зориод ирчихсэн хүмүүсийг буцаалтай биш, болгохоос өөр зам манайханд үгүй. 

“Бид ямар татвар төлөгчдийн мөнгийг авч хэрэглэх гээд байгаа биш. Төслийн шугамаар орж ирсэн мөнгийг төлөвлөгөөнийхөө дагуу зарцуулах гэхээр хөдөлж өгдөггүй, ажил уядаг утгагүй тогтолцоог халмаар юм. Коммунист Хятадад хүртэл ийм байдаггүй. Төслийн удир­дагчдадаа жижиг карт өгч явуулаад, зарцуу­лалтыг нь хаанаас, яаж ч хянадаг юм, ажил дуусахаар өнөөхөө хураагаад авдаг” хэмээн ярих Цөлжилтийн судалгааны төвийн эрхлэгч, доктор А.Хауленбек өнөөдөр дахиад л Сан­гийн яамныхныг царайчилна. Хямгадна гээд хүний, өөрийн ялгаагүй хамаг мөнгийг Төрийн санд аваачиж түгждэг, 16 сая төгрөгийн төлөө тушаал гарган, Сангийн сайд нь өөрийн биеэр гарын үсгээ мутарладгийг бодохоор жигтэйхэн их сахилга баттай, авлига хээл хахуульгүй улс баймаар юм, манайх. Тийм биш болохоор л адаглаад сайдын цаг завыг өмнөөс нь “хайрлах”, хэдэн зуун тушаал бичин хаягдаж буй цаасыг хүртэл харамлах сэтгэл төрөөд байгаа юм. 

“ХЭМНЭСЭН НЬ”

Улс орны эдийн засаг доройтлоо, бүх ша­танд, бүх салбарт хэмнэлтийн бодлого ба­римтална гээд өнгөрсөн хоёр жилийн турш пижигнэв, бид. Тэгсэн “будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр гадаадад мэргэжил дээш­лүүлэхээр магистр, докторантурт явж буй ажилтнуудынхаа оронд 2019 он хүртэл хүн авч болохгүй гэсэн УИХ-ын тогтоол бас гарсан гэнэ. Энэ шийдвэр ШУА-ийн хүрээлэнгүүдийн удирдлагыг ихэд эгдүүцүүлж байгаа бөгөөд БСШУСЯ-нд эхнээсээ албан тоот хүргүүлжээ. Сайдыг нь эрх мэдлийнхээ түвшинд үүнийг ямар нэг байдлаар зохицуулж өгөхийг тэд аминчилсан байна. Тэгэхээс ч өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Гадаадын их, дээд сур­гуулийн тэтгэлгээр мэргэжлээ дээшлүүлэх бо­ломжийг өөртөө бий болгосон хүмүүсийг “2019 он хүртэл оронд чинь хүн авч болохгүй учраас эндэх ажлыг хэн хийх вэ. Чи хүлээж бай” гэж болохгүй биз дээ. Нөгөөтэйгүүр, ажлаасаа гарч, өөр зүйлд хүч сорих бодолтой нэгэн байлаа гэхэд “2019 он хүртэл хүлээж бай л даа” гээд зүв зүгээр цалинжуулаад байж байх хэрэг үү. Тэтгэвэрт гарч байгаа хүний оронд өөр ажилтан авахгүй гэсэн бол нэг хэрэг. Польшид усан хангамжийн чиглэлээр суралцаад ирсэн, англи, орос, польш хэлтэй чадварлаг бүсгүй иймэрхүү наад захын зааг ялгааг олж хараагүй шийдвэрийн уршгаар 2019 он хүртэл ажилтай золгох, эсэх нь тодорхойгүй болжээ. 

ХИЙДҮҮЛСЭН НЬ

Засаг, төрийн байдал ороо бусгаа байх зуур ажил хийдүүлж, олон түмнийг хохироосон явдал өнгөрсөн гурван сарын дотор хэчнээн гарсныг мэдэхгүй. Ямартай ч сурагчдын сурах бичиг хэвлэх, нийлүүлэх ажил хугацаанаасаа оройтсоныг хэвлэлийн компанийнхан лав үүн­тэй холбон тайлбарлаж буй. Есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-ны хооронд тө­рөөс худалдан авах бүх сурах бичгийг хэв­лэж, нийлүүлнэ гэсэн гэрээг БСШУСЯ, хэв­лэлийн компаниудтай байгуулах байсан ч газар, хэлтсийн дарга нар нь гарын үсэг зурж баталгаажуулах гэсээр байтал долоо хоног өн­гөрчихсөн тухай “Адмон” компанийн захирал Р.Энхбат хэлсэн. Хоног хугацаа яваад байсан тул арга буюу яамнаас “Гарын үсгээ зураагүй ганц нэг хүн байгаа ч танай компани сурах бичиг хэвлэх ажлаа эхэлж байж болох уу” гэсэн хүсэлт тавьсан аж. Төрийн албатуудын хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас болж хүүхдүүд номгүй удаж болохгүй тул хувийн хэвшлийнхэн харин ч өөриймсөг загнан, гэрээ энэ тэр гэлгүйгээр сурах бичгээ хэвлэж эхэлжээ. Тэгсэн тулдаа сурагчид өдгөө номтойгоо золгож эхлээд буй. Засаг даргынхаа гарын үсэгтэй захирамж гарахыг хүлээсээр байтал аймагт нь хэрэгжих гэж байсан гадаадын хөрөнгө оруулалттай, ундны усны эрүүл ахуйн холбогдолтой маш чухал төсөл цуцлагдсан тухай нэгэн танил минь хуучилсан билээ. “Засаг, төр хаашаа ч эргэж магадгүй, түр хүлээзнэж бай” гэсэн тэр Засаг даргын үгнээс манай өнөөгийн түшээдийн дүр төрх бэлхнээ харагдах мэт.

“ХЯНАСАН НЬ” 

Төрийн хяналт, шалгалтыг явуулдаг гааль хэмээх “саатуулах байр” Монголд бас бий. Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэ­сэн тангарагтаа хэтэрхий “үнэнч” манай хил, гаалийнхан дээр яам, тамгын газруудын янт­гар албатууд нэмэгдчихээр далайлт нь ч, буулт нь ч сүртэй гэж юу гэх вэ. Энэ далайлт байгаа оноогүйн улмаас иргэд, аж ахуйн нэгжийг хөлдөө чирсэн тохиолдол өчнөөн. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын бу­цалтгүй тусламжаар, эсвэл гадаад, дотоодын сайн санаат хүмүүсийн хандиваар ирж буй эм­нэлгийн голдуу тоног төхөөрөмж, элдэв бараа бүтээгдэхүүнийг Монголын хилээр нэвтрүүлэх гэж бөөн юм болдог жишиг хэдийнэ тогтсон. Өнгөрсөн жил Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын эмч нар ирж, зүрхний хүнд хэлбэрийн гажигтай 15 хүүхдэд үнэгүй мэс засал хийх гэтэл тэдний авчирсан хагалгааны багаж хэ­рэгсэл, эм эмнэлгийн хэрэгслүүдийг манай хил, гаалийнхан хураагаад авчихсан билээ. 

Буцалтгүй тусламжаар Монголд нийлүүл­сэн тэрбум гаруй төгрөгийн үнэтэй аппарат гаалийн агуулахад хагас жил зэвэртлээ хэвтсэ­ний эцэст арайхийн очих ёстой эздэдээ хүрсэн нь мөн л тэдний “хичээл зүтгэлийн” үр дүн. Гаалийн тухай хуулийн 38.1.2-д “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг гаалийн татвараас чөлөөлнө”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.4-д “Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг НӨАТ-аас чөлөөлнө” гэж цагаан дээр хараар бичсэн байтал ийм үед гаалийнхан “Татваргүй оруулах боломжтой гэсэн бичгээ Сангийн яам­наас авчир” гэж тавлана. Нөгөөдүүл нь боло­хоор “Энэ тохиолдолд НӨАТ-аас чөлөөлнө гэж байхгүй. Та нар татвараа төлөх л ёстой” гэxчилэн яаж ийгээд шалтаг олж буцаахаа мэд­нэ. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Монголд гарцаагүй хэрэгтэй, ус, хөрсний иж бүрэн шинжилгээ хийдэг, 200 мянган ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг манайхан төс­лийн шугамаар Европоос оруулж иртэл яг ийм шалтгаанаар гаалийн агуулахад хоёр сар гаруй түгжсэн байх юм. Эцэст нь манайхан өнөө гадаадынхнаасаа дахин “бадар барьж”, татварын мөнгийг нь шийдүүлэн, саяхан тоног төхөөрөмжөө гаргаж авчээ. Хяналт ихдэхээрээ юунд хүргэдгийн наад захын жишээ энэ. 

Нэг нэгнийхээ ажилд гох дэгээ тавьдаг, тээг садаа болдог энэ монгол зан уу.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “ТӨРИЙН ТЭЭГЛҮҮР

  • Anita says:

    зээл! зээл !! зээл !!!Та амьдралынхаа туршид боломжийн зээлийг олгодог нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлийн компанийг хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх хэлбэрийг санал болгодог. Банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэсэн зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйл болгохын тулд энд байгаа шигээ бүү хараарай. Бид санхүүгийн тусламж 2 хувьтай хувь хүмүүс, компаниудад зээл олгодог. Нийгмийн хамгааллын дугаар шаарддаггүй, зээлийн шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай. Бид энэхүү тусламжийг үзүүлэхийг хүсч байна. Бид танд найдвартай, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байгаадаа баяртай байна.Дараа нь и-мэйл илгээхдээ (anitagerardloanfirm@gmail.com) доорх хаягаар илгээнэ үү