Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын “нөхөрлөл” утааны бизнесийг зогсоож чадах уу

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганыг Төрийн ордны Их танхимд өчигдөр зохион байгууллаа. Их танхимын хойморт Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй зэрэгцэв. Монголын төрийг жолоодохоор сонгогдсон хийгээд томилогдсон хоёрын нөхөрлөл сүүлийн үед ихээхэн “зузаарсан”-ыг монголчууд анзаарч байгаа.

Тэдний хамтран зохион байгуулсан анхны том ажил утааг бууруулах санаачилга байлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гамшгийн хэмжээнд хүрсэн гэж нэгэнт хүлээн зөвшөөрсөн агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлага ямар арга хэмжээ авч буй болон иргэний нийгмийн төлөөлөл, судлаачдын байр суурийг сонсохоор оролцогчид Их танхимд сандал үлдээхгүй шахам дүүрчээ.

Х.Баттулга чуулганыг нээж хэлэхдээ “Бид хамгийн их мэддэг болон мэддэггүй сэдвээрээ чуулж байна. Утааны тухай олон жил ярьсан. Гэвч шийдлийг нь олоогүй байна. Иймээс утаа мэддэг мөртлөө мэддэггүй сэдэв” гэж онцлов. Мөн тэрбээр “Утаагаа шийдэж чадахгүй, Улаанбаатартаа эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэхгүй бол бид улс орноо удирдаж чадахгүй. Утаагаа шийдсэний дараа улс орноо хөгжүүлнэ. Утааны тухай олон жил ярьсаар байгаад бизнес болгож хувиргасан. Өнгөрсөн хугацаанд ямар их мөнгийг юунд зарцуулсныг энэ чуулганаар ярих байх” гэсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх “Бидэнд утааг багасгах хөтөлбөр, эрх зүйн орчин хангалттай бий. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дулааны цахилгаан станцаас бусад хэрэглэгч түүхий нүүрс түлэхийг хориглож, агаарын бохирдлыг 2025 он гэхэд 50 хувиар бууруулах зорилт тавьсан.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд зоригтой шийдэл, бодитой ажил хэрэгтэй. Хүн бүхэнд, хүүхэд бүрт эрүүл агаар, цэвэр орчинд ажиллаж, амьдрах, өсөж торних боломж олгохын төлөөх үйлсэд хамтран зүтгэе” гэлээ.

Утааг бууруулахын тулд 2008-2016 онд төсвөөс 147 тэрбум төгрөг, олон улсын хандивлагчдын 60 сая ам.доллар зарцуулжээ. Үүнийг бүрэн шаталттай зуух, түлш, гэрийн дулаалга, үүдний гонх гэр хорооллын айл өрхөд тараахад, нам даралтын зуухыг шинэчлэх, төвлөрсөн дулаанд холбох, эко автобус, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх туршилт, судалгаа хийх зэрэгт зарцуулжээ. Гэвч агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж, хүлцэх хэмжээнээс 9-34 дахин хэтрээд байгаа.

Уг төслүүд утааг бууруулахад хувь нэмэр оруулаагүй, хэрэгжүүлсэн компаниудад нь бизнесийн ашиг өгсөн гэдэгтэй чуулганд оролцогчид санал нэгдэж байв. Энэ үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч агаарын бохирдлоос шалтгаалж, жилд 6.5 сая хүн нас барж буйг мэдээлэв. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл агаарын бохирдлоос үүдэж, амьсгалын зам, зүрх судасны өвчлөл хоёр дахин нэмэгдсэн, цаашлаад урагт нөлөөлж, хавдар үүсгэх шалтгаан болж байгааг дуулгалаа.

Жирэмсэн эх зулбах, ураг амьгүй төрөх тохиолдол нэмэгджээ. Түүнчлэн амьсгалын замын эмгэгтэй хүүхдийн тоо эрс өссөн байна. Тэрбээр “Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулж чадвал эрүүл мэндэд зарцуулах хөрөнгө 66 сая ам.доллароор багасна” гэв.

Улаанбаатарын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын 220 мянган яндан үүсгэж буй гэсэн судалгаа бий. Тэгвэл утааны 10 хувийг 330 мянган автомашин, зургаан хувийг нь нам даралтын 3400 зуух “үйлдвэрлэж” байгаа аж. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 21 мянган өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэж, халаагуур суурилуулах, нам даралтын 71 зуухыг инженерийн шугам сүлжээнд холбохоор ажиллаж байгаагаа танилцуулав.

Гэлээ ч утаа бууруулахад дорвитой нөлөөлж чадахгүйг тэрбээр тэмдэглэсэн юм. Агаарыг хамгийн ихээр бохирдуулж буй яндангийн тоог цөөлөх нь утаа бууруулах хамгийн бодитой арга хэмжээ болно гэж чуулганд оролцогчид үзэж байв. Яндангийн тоог цөөлөхийн тулд гэр хорооллыг орон сууцжуулах, Улаанбаатарын төвлөрлийг багасгах, нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоох шаардлагатай аж.

Чуулганд “Утааны эсрэг аав, ээжүүд” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Пүрэвхүү Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт хийсэн дүн шинжилгээг танилцуулсан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд 2017-2025 онд 9.9 их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний найман их наяд гаруй төгрөгийг нь утааг бууруулахад ямар ч нөлөөгүй төсөл, арга хэмжээнд зарцуулахаар тусгасныг тэрбээр шүүмжлэв. Тиймээс Засгийн газарт хөтөлбөрөө дахин боловсруулах санал тавилаа.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганаас гаргасан зөвлөмж

1. Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд:

  • Агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга нь барилгажилт гэдгийг хүлээн зөвшөөрч, ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх
  • Агаарын бохирдлыг бууруулахад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлага, оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах
  • Нийслэлийн төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх, нүүлгэн шилжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  • Хөдөө орон нутагт шилжин суурьшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн хөдөлмөр, бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих, урамшууллын механизмыг бий болгох

2. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Дулаан алдагдлыг багасгаж, айл өрхөөс гарах утааны хэмжээг бууруулах зорилгоор үндэсний үйлдвэрийн материалаар гэр, байшингаа дулаалах
  • Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх хугацааг үргэлжлүүлж, цахилгаан халаагуурын технологийг нэмэгдүүлэх арга хэмжээг дэмжих
  • Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологи үйлдвэрлэх, худалдан авахад банк, санхүүгийн байгууллагууд болон “Ногоон зээлийн сан”-гаас дэмжлэг үзүүлж, хүү багатай зээл олгох
  • Түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах, угаасан нүүрсний хувьд бохирдлыг 60 хувь хүртэл бууруулах боломжтой тул нүүрсийг угааж хэрэглэх ажлыг яаралтай эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх
  • Агаар бохирдуулагчаас авах татварыг нэмэх, “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулж татварыг төвлөрүүлэх, бохирдлыг бууруулах ажилд зарцуулах
  • Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой арга хэмжээнд зарцуулах
  • Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/107 дугаар тушаалаар баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, шинэчлэх

3. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Зах зээлд бэлэн байгаа 42 мянган айлын орон сууцыг төр худалдан авч, гэр хорооллын айл өрхөд ипотекийн зээл, түрээсээр эзэмшүүлэх
  • Орон сууцны найман хувийн ипотекийн зээлд гэр хорооллын айл өрхийг хамруулах, 30 хувийн урьдчилгааны асуудлыг тэдэнд ашигтайгаар зохицуулах
  • Гэр хорооллыг дэд бүтэцжүүлж инженерийн шугам сүлжээгээр хангах, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй “Сервис центр” зэрэг төслийг эрчимжүүлэх
  • Гэр хорооллын орон сууцжуулалт, дахин төлөвлөлтийг нийслэлийг нүүлгэн шилжүүлэх, дагуул хотуудыг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхтэй уялдуулах

4. Нийслэлийн төвлөрлийг сааруулах хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг баталж, хөдөөг үйлдвэржүүлэх, ажлын байраар хангах
  • Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг төрөөс баталгаатай хангах зорилгоор нийслэлийг нүүлгэн шилжүүлэх талаар УИХ-аас шийдвэр гаргуулах
  • Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хийх тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад заасан Налайх, Багануур, Багахангай, Хөшигийн хөндий, Эмээлт-Аргалантын дагуул хот, Гачуурт, Өлзийт, Туул, Био-Сонгино, Партизан-Жаргалантын дагуул тосгоныг хөгжүүлэх арга хэмжээ авах
  • Нийслэлээс их, дээд сургуулиуд, төмөр зам, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөлт хийх, “Богдхан” төмөр зам тавих ажлыг эхлүүлэх
  • Хот байгуулалтын эрдэм шинжилгээний институт байгуулах
  • Монгол Улсын “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулж, УИХ-аар батлуулах
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын “нөхөрлөл” утааны бизнесийг зогсоож чадах уу