Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол, Оросын харилцааны түүхэн жимээр аялаарай

Монгол Улс, ОХУ-ын төрийн архивуудад хадгалагдаж буй 100 гаруй баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино гэх мэт ховор содон бүтээлүүдээс бүрдсэн “Их Октябрь-Монгол, Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа” үзэсгэлэн Архивын ерөнхий газарт баасан гаригт нээгдлээ. Монголд орчин цагийн архивын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэнд ирснээр та бүхэн 1917-2017 оны хоорондох 100 жилийн түүхийн жимээр аялах боломжтой. Тухайлбал, эхний хэсэг буюу 1917 онд аваачих “галт тэргэнд” сууснаар Орос оронд мандсан Октябрийн хувьсгалын үзэл санаа Монголд нэвтэрсэн арга хэлбэр, түүний нөлөөгөөр манайд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл хэрхэн өрнөж, МАН байгуулагдсан тухай хийгээд 1945 оны бүх нийтийн санал асуулгаар монголчууд тусгаар тогтнолоо баталгаажуулан, улмаар 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн үйл явцтай танилцана. Удаах хэсэгт Монгол Улсад шинжлэх ухаан, соёлын байгууллагууд бий болоход Оросын ард түмэн хэрхэн дэмжиж, “эрийн цээнд” хүргэн, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхуулсныг, хоёр орны архивын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны түүхэн замналыг баримт бичиг, гэрэл зургаар тоймлон харуулжээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Архивын ерөнхий газар, ОХУ-ын Архивын агентлагаас хамтран гаргасан гурван боть номын нээлт болсон бөгөөд анх удаа олон нийтийн хүртээл болгож буй дээрх баримтуудын дунд урьд нь хойд хөршийн архивт “нууц” гэсэн тэмдэгтэй хадгалагдаж байсан 29 сурвалж материал багтжээ. Тодруулбал, Улаанбаатар хотод А.С.Пушкиний нэрэмжит орос хэлний дээд сургуулийн салбар байгуулах тухай ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн захирамж болон БНМАУ-ын Соёлын хөгжлийн тухай ЗСБНХУын ЭСЯ-наас гаргасан улс төрийн захиа, БНМАУ-ын Үндэсний атлас зохиох тухай ЗСБНХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч А.П.Александровын ЗХУКН-ын Төв Хороонд бичсэн захидал гэх мэт хоёр улсын соёл, шинжлэх ухааны харилцааны түүхэн үе, хөгжлийг дэлгэрэнгүй судлахад чухал ач холбогдолтой сурвалжууд байгаа аж. Үзэсгэлэн ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.