Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Я.Санжмятав: Харийн улс оронд цагаачлан амьдарч байгаа сая сая хүний хувь заяа шашин, соёлын ялгаатай холбоотой

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 137 дугаар чуулган Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус чуулганд Монголын парламентын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав  “Шашин хооронд үндэсний хооронд яриа хэлэлцээ явуулах замаар соёлын олон  ургальч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд болсон нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. 

Тэрбээр хэлсэн үгэндээ, эдүгээ дэлхийн олон улс орны дотоодод, улс орнууд хоорондын зөрчил, сөргөлдөөн шашин хоорондын болон үндэсний цөөнх хоорондын маргаанаас үүдэлтэй байгаа нь Та бидний сэтгэлийг түгшээсээр байна. Аливаа улс орны дотоод зөрчил, түүнээс улбаалсан дайн дажины хөлд энгийн номхон ард иргэд өртөж, тэдний амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа талаар сүүлийн жилүүдэд олонтаа сонсож байна. Үүний улмаас эх нутгаа орхин харийн улс оронд амь зогоож, цагаачлан амьдарч байгаа сая сая хүний хувь заяа шашин, соёлын ялгаатай холбоотой нь улам бүр тод болж байна. Ийм нөхцөл байдал дэлхийн олон цэгт хүмүүнлэгийн хямрал бий болгож, урьд өмнө байгаагүй түвшинд хүний амь насыг эрсдэлд оруулж байна. Иймээс шашин, соёлын зүтгэлтнүүд энх тунх, амар амгалан амьдрахын төлөө яриа хэлэлцээ хийх талаар үргэлж анхаарал тавьж байх нь чухал юм. Тэдний энэ ажил үйлсэд эрдэмтэн мэргэд, иргэний нийгэм болон улсын байгууллагууд, түүний дотор Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөл оролцож байх нь тулгараад байгаа олон асуудлыг ард нийтэд зөвөөр мэдээлж ойлгуулах, хүмүүнлэгийн хямралыг зохицуулахад чиглэсэн олон улсын хүч чармайлтыг өргөжүүлэх ач холбогдолтой гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн олон жилийн дайн дажинд нэрвэгдсэн ард олныг гэмт халдлага, мөрдөн мөшгөлт, ялгаварлан гадуурхлаас хамгаалах, цагаачдыг сайн дурын үндсэн дээр эсэн мэнд буцааж, төрсөн газар нутагт нь эргэн суурьшуулах явдал чухлаар тавигдаж байна. Шашины нэрийн өмнөөс гэмт халдлага үйлдэх, соёлын олон ургальч үзлийг үл тэвчихийн эсрэг эв эеийг бэхжүүлж, шашин, соёлын олон янз байдлыг дэмжих зорилгоор харилцан ойлголцол, хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан яриа хэлэлцээ явуулах нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн тэрбээр Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын төлөөлөгчдийн байр суурийг илэрхийлэн, санал хураалтад оролцлоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Я.Санжмятав: Харийн улс оронд цагаачлан амьдарч байгаа сая сая хүний хувь заяа шашин, соёлын ялгаатай холбоотой

  • Завханд АН ганц ялсан. Олон хүнийг хоморголон халж зарим нь амиа хорлож, цаана нь бас ард түмэн бишгүй л хохирсон гэдэг. Завханы дотор санаатай хогийн муу Я.Санжмятавын хүмүүс албан байгууллагуудыг ч түйвээж бн. Бүх албан тушаалыг мөнгөөр, хүчээр яргалж байна.