Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амьтдад зориулсан асрах газартай боллоо

Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлтийн улмаас бэлчээрлэх газаргүй болж, тэжээлийн дутагдалд орсон зэрлэг амьтад хот руу идэш тэжээл хайн орж ирж байна. Ийм дуудлага нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд олноор ирэх болжээ. Тухайлбал, халиун буга хоёр, хортой могой зургаа, шар шувуу болон усны шувууд, начин шонхор, алтан хараацай, хэрэм, янзага, цагаан зээр, галзуурсан чоно зэрэг зэрлэг амьтан суурьшлын бүсэд орж ирсэн аж.

Харамсалтай нь, аврал эрсэн тэднийг хайрлан хамгаалж, гэмтсэн нэгийг нь эмчилж, өлдсөн заримыг нь тэнхрүүлэх тусгай зориулалтын байр манайд байхгүй. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд сайн дураараа л ийм амьтдад идэш тэжээл тавьж, байгальд нь буцааж буй. Тэгвэл их хөлийн газраас айж эмээлгүй хүн бараадан ирсэн зэрлэг амьтдыг асран хамгаалах байр барьж эхэлсэн гэх таатай мэдээ байна.

Энэ талаар Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэлээс тодруулахад “Нийслэлд орж ирсэн ан амьтдыг айлын өвөлжөө, хаваржаанд толгой хоргодуулна. Бээрсэн, өвчтэй амьтдыг эмчлэх гэхээр дусал нь хөлдөөд хүндхэн байдаг. Харин нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга амьтдыг асрах байр барих санал бидэнд тавьсан юм. “Төсөв мөнгө гэж юу ч тусгагдаагүй, гэхдээ зохион байгуулаад хийгээд өгч чадах уу” гэлээ. Мэргэжлийн анчдын холбоо, “Авралын эрэлд” компани, Амьтан, агнуур судлалын нийгэмлэг хамтран бусад газраас 13 сая орчим төгрөг цуглуулж, барилгын ажлаа эхлүүлсэн.

Амьтан байрлах 8х3 ам метрийн харьцаатай байр, тэднийг асран хамгаалах мэргэжилтнүүдэд зориулсан 3х4 ам метр хэмжээтэй байшин барьж байгаа. Энэ долоо хоногтоо багтаж барилгаа дуусгахаар шамдан ажиллаж буй. Бид хаяа зэргэлдээ амьдарч буй амьтдадаа хатуу хандаж байна. Тиймээс нийслэлд орж ирсэн ан амьтныг байгаль орчны мэргэжилтэн, агнуурзүйчид, мал эмнэлгийнхэн харж хандан, асрах байранд авчирч тэнхрүүлээд байгальд нь буцаан тавих юм.

Өчигдөр (уржигдар) л гэхэд Сонгинохайрхан дүүрэгт гурван чоно орж ирсэн байна” гэлээ.

Амьтдад зориулсан уг асрах газрыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Майхан толгойд барьжээ. Тус газрын байгаль хамгаалагч нарт уг асрах газрыг хариуцуулах гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Амьтдад зориулсан асрах газартай боллоо