Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Авраарай, хөлдөж үхэх нь”

Монголын нийслэл Улаанбаатарт оршин суудаг 3000 гаруй иргэн төр, засагтаа хандан ийнхүү аврал эрж байна. Өвөл хаяанд ирсэн энэ цагт халаалтгүй байр махны зоориноос өөрцгүй байгаа талаар Хан-Уул дүүргийн XI хорооны “Могул таун” хотхоны 2000 гаруй оршин суугч ярьж байна. Түүний зэргэлдээх “Номун виллаже” хотхоныхонд ч ижил зовлон бий. Өвөл бүү хэл, халуун зунаар халаалтгүй байранд жинддэгийг орон сууцанд амьдардаг хүмүүс мэднэ.

ХАРИУЦЛАГАГҮЙН БАЛАГ, ХОЁР КОМПАНИЙН ХЭРҮҮЛ ХӨЛДӨХ ШАЛТГААН БОЛЖЭЭ

Тус хотхоны иргэд ийнхүү хохирч буй нь “Могул скай” компанийн захирал Д.Болд гэгч анхнаасаа дэд бүтцийг шийдэлгүй орон сууцнууд барьсан, түүнийг нь Улсын комисс хүлээн авснаас эхлэн хөвөрнө. Улсын комисс бол төрийн байгууллага. Төр тамгаа дарсан учраас иргэд худалдан авсан байгаа. Тэгтэл ямар ч хариуцлагагүй хандсан тэр байгууллага өнөөдөр “хэлээ хазаад” таг дуугүй сууна. Төр, засгийнхан үүнд анхаарах буй за. Нэгэнт “но”-той баригдсан барилгуудыг төвийн дулаанд холбохыг иргэд хэдэн жил шаардсаны эцэст өнгөрсөн жил хувийн “Эм Эс Пи Ди” компанийн дулаан дамжуулах байгууламжаар дамжуулан “паартай” залгуулжээ. Тэгтэл Д.Болд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй төлбөрөө “луу унжсан” юм байна. Тиймээс нөгөөх газар нь өрөө нэхээд өдий хүртэл “гэдийчихжээ”. Товчхон тайлбарлахад ийм аж.

ХҮН НЬ ХӨЛДӨЖ, ХОТХОН НЬ ШАТАХАД ОЙРХОН БАЙНА

350 өрхтэй “Могул таун” хотхонд сүүлийн нэг сарын хугацаанд хэдэнтээ гал гарчээ. Орон гэртээ бээрэхийн эрхээр айл болгон цахилгаан халаалт залгаснаар гал хамгаалагч, цахилгааны утас нь ачааллаа дийлэхгүй шатсан. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн ням гаригт гал гарч, муу дээр муухай гэгчээр иргэд хэдэн цаг цахилгаангүй баларчээ. Ийм нөхцөл байдалд амьд явах “эрхгүй” болсон 2000 гаруй иргэний 500-600 нь бага насны хүүхэд байгааг холбогдох төрийн байгууллагынхан анхааралдаа аваасай. Өвлийн эхний сар гарахад хэдхэн хоног үлджээ. Байдал энэ хэвээр үргэлжилбэл хотхоны дулааны шугам хөлдөж, хагарах аюултай. Энэ бол техник, эд хөрөнгийн хохирол. Харин мөсөн “зооринд” эрүүл мэндээрээ хохирч буй иргэдийг яах вэ.

ГАЦААНААС ГАРАХ БОЛОМЖ БИЙ

“Хөлдүү” хотхоны СӨХ-ийнхний тайлбар­ласнаар олон жил хэрүүлийн алим болсон эл асуудлыг нэг тийш болгож, иргэдийг амар тайван, аюулгүй нөхцөлтэй залгуулах боломжтой гэнэ. Үүний тулд дээр дурдсан компанийн дулаан дам­жуулах байгууламжийг улсын өмч болгосноор хэн нэгэн дундын зуучлагчгүйгээр орон сууцнуудыг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ингэснээр зөвхөн “Могул таун”, “Номун виллаже” гэсэн хоёр хотхон бус Зайсангийн ХI хороонд баригдаж буй олон орон сууц, барилга байгууламжийн дулааны асуудлыг шийдэх эх үүсвэр бий болох юм байна. Өртэй, авлагатай гэх хоёр компанийн гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан дулаан дамжуулах инженерийн байгууламжийг өөрийн мэдэлд авахын тулд Д.Болд хэмээх “үл үзэгдэгчийн” төлбөрийн үлдэгдэл 600 сая төгрөгийг шийдвэрлэх учиртай гэсэн. Угтаа ийм “наймаа” улсад ашигтай гэдгийг мэргэжлийн зарим эх сурвалж дурдсан. Ямартай ч, нийслэлд тэр дундаа төрийн ба­тал­гаат тамга, дардастай орон сууц худалдан ав­сан иргэд ийнхүү төрдөө хандаж, үнэн байдлаа учир­лалаа. Үүнээс өмнө тэд хууль, шүүхийн байгууллага, хувийн болон төрийн өмчит газрууд гээд хандаагүй газар үлдээгүй гэсэн. Арга ядаад өөрсдийн сонгосон “илгээлтийн эзэн” болох УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид ч хандсан байна.

“Авраарай, хөлдөж үхэх нь” гэсэн тэдний үгийг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэ­лийн ерөнхий менежер Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нарт дамжуулъя. Үтэр түргэн арга хэмжээ авахгүй бол хүний амь эрсдэхгүй гэх баталгаа алга. Төр нь иргэнээ хамгаалахгүй нь гээд өвөл эргээд “явахгүй” нь лавтай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Авраарай, хөлдөж үхэх нь”