Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол, Украины үндэсний олимпын хороо хамтарч ажиллана

Монголын үндэсний олимпын хороо, Монголын хөнгөн атлетикийн холбооны урилгаар олимпын нэг, дэлхийн арван удаагийн аварга, Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч, Украины үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, тулгууртай харайлтын домогт тамирчин Сергей Назарович Бубка манай улсад айлчиллаа. Монголд хоёр дахь удаагаа айлчилсан түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга “Алтан гадас” одонгоор шагнасан. Тэрбээр хоёр өдөр үргэлжилсэн айлчлалынхаа хүрээнд Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй уулзан, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Энэ үеэр Монголын спортын “цагаан ордон”-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Олимпизмыг эх орондоо улам хөгжүүлэх, тамирчдынхаа амжилтыг ахиулахын тулд спортын салбарт дэлхийд манлайлж буй орнуудтай хамтран ажиллах, харилцан туршлага судлах зорилготой ажиллаж байна, бид. Үүнийхээ дагуу Украины олимпын хороотой хамтран ажиллах гэрээ байгуулж буйдаа олзуурхаж байна. Украинчууд гимнастик, тулгууртай харайлт зэрэг цөөнгүй спортын төрлөөр дэлхийд өнгөлдөг. Үүний сацуу Монголд шинээр хөгжиж байгаа зарим спортоор дэлхийд алдартай. Тэднээс суралцах зүйл бидэнд их бий. Тус улсад мэргэжилтэн бэлтгэх, украин дасгалжуулагчдыг урилгаар эх орондоо ажиллуулах, хамтарсан бэлтгэл хийх зэрэг төрөл бүрийн арга, хэлбэрээр хамтран ажиллах боломжтой” хэмээн онцлов. 

Мөн түүнээс Налайхад барьж буй тартан замын ажлын явцын талаар тодруулахад “Ерөнхийдөө тартан зам тавих ажил дуусаж байна гэж хэлж болно. Одоогоор 80 гаруй хувьтай байна. Бид урин, дулаан болохоор буюу ирэх хавар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хөнгөн атлетикийн спортынхон бэлтгэлээ базаах зориулалтын замтай болсноор тамирчдын амжилт, ур чадвар ахихад ташуур болох нь гарцаагүй” гэлээ.

Энэ үеэр С.Бубкатай цөөн хором ярилцлаа. 
-Юуны өмнө “Алтан гадас” одонгоор шагнуулсан танд баяр хүргэе. 
-Баярлалаа. 2014 онд Монголд анх удаа айлчлахад хэдхэн өдрийн дотор ажил маань сайхан бүтсэн. Бүр хөдөөгүүр аялан, нүүдэлчин ахуйтай танилцах боломж гарсан шүү. Мэдээж түүнийгээ ашиглан, малчны хотонд очиж, тэр ч бүү хэл морь унасан. Украинд очихдоо тэр тухайгаа ойр дотнынхондоо ярихад их сонирхсон шүү. Энэ удаа төрийнхөө томоохон шагналаар намайг шагнасанд сэтгэл их хөдөлж байна.
 -Хамтран ажиллах гэрээ байгуулсан нь ямар ач холбогдолтой вэ?
 -Монгол хүн тэсвэр хатуужил сайтай, зоригтой. Тулааны, тэр тусмаа ганцаарчилсан спортын төрөлд өндөр амжилт гаргаж байгаа нь үүнтэй холбоотой болов уу. Монголчууд өдгөө жүдо, чөлөөт бөх, боксын төрлөөр дэлхийд манлайлж байна. Бид эдгээр спортоор ч бас олимп, дэлхийн олон медальтантай болохоор зүтгэж байгаа. Энэ зорилгодоо хүрэх хамгийн дөт гарц бол яахын аргагүй монгол жүдочдоос суралцах. Зөвхөн монголчуудаас суралцах бус, боломжийнхоо хэрээр тусалж, дэмжихийг зорилгүй яах вэ. Жишээлбэл, хөнгөн атлетикийн төрлөөр Украинд мэргэжилтэн, тамирчин бэлтгэх санал тавибал дуртайяа хүлээж авна. Иймэрхүү маягаар бие биенийхээ дутууг нөхөн, дутагдлаа засвал “Токио-2020” олимпод Монгол, Украины тамирчид бүр ч өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

 -МҮОХ-ны өнөөгийн үйл ажиллагаанд та ямар дүн тавих вэ?
-Би лав онц дүн тавина. МҮОХ-ны хамт олны үйл ажиллагаа, идэвх санаачилгыг үргэлж үнэлдэг. Энэ бол Д.Загдсүрэн ерөнхийлөгч хамт олноо зангидан, манлайлж чаддагийнх нь илрэл болов уу. Ер нь ямар ч байгууллагад удирдагч маш чухал. Ялангуяа спортын хамгийн том байгууллага тааруу удирдагчтай бол гавихгүй шүү дээ. Д.Загдсүрэн энэ албанд 2001 оноос хойш ажиллаж буй нь спортынхныхоо итгэл, хүндлэлийг алдалгүй, сайн удирдаж байгаагийн илрэл.
 -Та нутаг руугаа хэзээ буцах вэ. Украин явахаасаа өмнө амжуулах сан гээд төлөвлөсөн зүйл бий юү? 
-Би маргааш (Аравдугаар сарын 15) буцна. Зорьсон ажил ерөнхийдөө сайхан бүтлээ. Үдээс хойш Цонжин болдог руу явна. Чингис хаан, хүлэг баатруудынх нь хөшөө сүрлэг. Бахархан, сүрдэхгүй байхын аргагүй. Гурван жилийн өмнөхөөсөө өөрчлөгдсөн болов уу.
-Бараг өөрчлөөгүй дээ. Яг хэвээрээ л байгаа.
-Ашгүй дээ. Ямар ч байсан нутаг буцахаасаа өмнө заавал очно оо.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.