Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иргэдэд лабораторио сонгох ЭРХ ОЛГОСОН Ч АСУУДАЛ ХЭВЭЭР

Өвчнөөсөө салах гэсэн иргэдийн эрэлт хэрэгцээнд эрүүл мэндийн байгууллагууд дөрөөлж, ард түм­нээ анагаая гэхээс илүү ашиг сонирхол хайж, ар өврийн хаалгаар хувийн биз­несээ цэцэглүүлэгсэд олширсоор байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны Төсвийн тухай хуулиар Эрүүл мэндийн даатгалын сангийн зар­далд 23.4 тэрбум төгрөг баталсан бөгөөд үүнээс 18.4 тэрбумыг элэгний С вирусийн эмийн үнийн хөнгөлөлтөд 4.9 тэрбум төг­рөгийг оношилгоо, шинжилгээний зар­далд зарцуулахаар болсон. Хэдэн тэрбу­маар яригдсан мөнгөний сургаар Эрүүл мэндийн сайдаас нь эхлээд улс, хувийн лабораториуд шинжилгээ хийх хүнээ “булаацалдсан” гэхэд хилсдэхгүй. Гэвч элэгний В, С вирус тоолох шинжилгээг хэн дуртай нь хийдэггүй. 

Тусгай өрөө талбай, тоног тө­хөөрөмж, аппарат, мэргэж­лийн боловсон хүчинтэй га­зар л уг шинжилгээг хийх учиртай. Үндэсний хэмжээний хөтөлбөр хэ­рэгжиж эхэлсэн үйл явцаас өрнөл хэрхэн үргэлжилж буйг бид цув­ралаар нийтлэн хүргэж байгаа билээ. “Хамелеон эмнэлэг буюу А.Цогцэцэг сайдын хаялга”, “2800 төгрөг ба үнэгүйдсэн эрүүл мэнд”, “Буруу хариу гаргадаг лабораториудыг цэгцлэх цаг болжээ”, “Элэгний вирус тоолох нэрээр таван тэрбумыг салхинд хийс­гэжээ”, “Хяналтаас гарсан лабора­ториуд” зэрэг нийтлэлийг эрхэм ун­шигчид санаж буй биз. 

ТУРШИЛТЫН ТУУЛАЙ

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд даатгал төл­сөн, 40-65 насны иргэдийг эхний ээлжинд В, С вирусийн илрүүлэг, тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулсан. Манай улс өргөн уудам газар нутагтай, хүн ам нь тархай бутархай оршин суудаг. Гэтэл элэгний вирус тоолох шинжилгээг зөвхөн Улаанбаатар хотын 22 лабораторид л хийж буй. Арга ч үгүй юм. Аймаг, сумын эмнэлэгт вирус тоолох нь бүү хэл, авсан сорьцоо найдвартай хадгалаад, хот руу явуулах боломж, нөхцөл хомс. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрх, дүүрэг, сум, багийн эмнэлгээ тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангаагүй, үзлэг, шинжилгээ хийх эмч Улаанбаатар дахь лабораториудын мэргэжилт­нүүдтэй шууд харилцаж, хамтран ажиллах нөхцөл боломж муу үед энэ хөтөлбөрийг эрх баригчид зориг гарган эхлүүлсэн. Энэ нь иргэдэд сайн бас саараар нөлөөлж байна. Үндэсний хэмжээнд элэгний ви­русийг устгаж, хатуурал, хавдраар нас барж буй хүний тоог бууруулах гол зорилго нь бодит ажил болж байгаа ч сорьц хадгалах, тээвэрлэх, шинжлэх явцад алдаа гарч, хариу нь зөрсний уршгаар иргэд төөрөлдөж, хэнд хандаж, хэрхэн эмчилгээ хийлгэхээ мэдэхгүйд хүрээд байна. Өнгөрсөн тавдугаар сарын 5 буюу “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үед вирус тоолох шинжилгээнд сорьцоо илгээсэн хөдөөний хүн өдий хүртэл хариугаа аваагүй сууна. Улаанбаатар хотоос 1600 гаруй км алслагдсан Баян-Өлгий аймгийн иргэний сорьцыг 48 цаг буюу хоёр хоног газраар тээвэрлэн авчирч, шинжилдэг улс манайхаас өөр байдаг болов уу. Ид халуун буюу 5-8 дугаар сард машинд тээвэрлэсэн сорьцонд шинжилгээ хийхэд шаардлага хангахгүй байгааг лабораторийнхон хэлэв. Сорьцыг сум, өрхийн эмнэлэгт зориулалтын хөлдөөгчинд хасах 40-70 хэмд хадгалах ёстой ч хасах 20 хэмд л тор­гоосоор нийслэл бараадуулах жи­шээтэй. Ингэж тээвэрлэсэн сорьц хол замд гэсэж, тунадас үүссэнээс шинжилгээний хариу буруу гарах үндэс болж буйг мэргэжилтнүүд хэлж байна. “Сорьц хадгалах, тээвэр­лэх горим зөрчигдсөнөөс үүдэн С вирусийн PHX задарсан байх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, 2500-4500 хүний шинжилгээний хариу худлаа гарсан байх магадлал өндөр. Иймээс үүнд анхаарал тавьж, алдаа­гаа илрүүлэн засах шаардлага бид­ний өмнө тулгарч байна” хэмээн Монголын лабораториудын нэгд­сэн сүлжээнээс мэдэгдсэн. Элэгний вирусийн халдвар авсан байх магад­лал хамгийн өндөр хэмээн “ногоон гэрэл”-ээр эхний ээлжинд шинжил­гээнд үнэ төлбөргүй хамруулж буй 40-65 насныхан үнэндээ туршилтын туулай болсон бололтой.

Вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж буй 22 лабораторийн нэг “Гялс” төвийн эмч “Бид “Монгол шуудан” компанитай гэрээ бай­гуулж, Архангай, Сүхбаатар, Баян-Өлгий, Дундговь, Завхан аймгаас сорьц тээвэрлэсэн. Баян-Өлгий айм­гаас агаарын тээврээр сорьц авчрах боломжгүй учраас тэндхийн ир­гэдийг шинжилгээнд хамруулахад хүндрэлтэй байлаа. Мөн бүртгэлийн явцад бэрхшээл их гарсан. Тодруул­бал, аймаг, дүүргийн эмч нар “Элэг бүтэн Монгол” вэб сайтад өвчтөний нэрийг бүртгэж оруулдаг. Тэн­дээс тухайн иргэн эрүүл мэндийн даатгал төлсөн, шинжилгээ хийх шаардлагатай, эсэхийг нягталж хардаг юм. Гэтэл орон нутгийн за­рим эмч бүртгэлийн талаарх мэ­дээлэлгүй байлаа. Хэрэв тус вэб сайтад бүртгэлгүй хүний сорьцыг шинжилбэл ЭМНДЕГ-аас манай лабо­раторид санхүүжилт олгохгүй. Мөн орон нутгаас ирсэн савтай ийлдэс шинжлэхэд хүрэлцэхгүй тохиолдол гарсан. Тиймээс хоёр савтайг хоо­ронд нь хольж, шинжилгээ хийсэн. Зарим сав нь бараг хоосон шахуу ирсэн. Зарим сорьц дахь он сар, өдөр, нэр, регистрийн дугаар, код нь арилсан байсан учраас бүртгэлийн хуудастай нь тулгаж харахад асуудал гарч байлаа” гэж ярив. Яарвал даарна гэдэг л энэ байх. 

ВИРУС ТООЛОХ ШИНЖИЛГЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

 “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн мэдээллийн санд өнгөрсөн долдугаар сарын 27-ны байдлаар 34 мянга гаруй даатгуулагч бүртгэгдэж, тухайн жил баталсан төсөв хүрэлцэхгүй нөхцөл үүссэн учраас сорьц тээвэрлэх болон элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг зогсоосон. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нд 21 лабораториос 29.8 мянган даатгуулагчийн элэгний С вирусийн идэвхжил тодорхойлсон шинжилгээнд зарцуулсан 3.1 тэрбум төгрөгийн нэхэмжлэл, жагсаалтыг ЭМНДЕГ-т ирүүлжээ. Тус газраас 2.8 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүү­жилтийг 22 лабораторид шилжүүлсэн байна. Дахин хоёр тэрбум төгрөгийг элэгний С вирус тоолох шинжилгээнд зарцуулах боломжтой болсноор ви­рус үнэ төлбөргүй тоолох ажлыг үргэлжлүүлэхээр болов. Өөрөөр хэлбэл, иргэдийн сонгох эрхэнд халдаж, “Тэр аймаг, дүүргийнхэн энэ лабораторид шинжилгээ өг гэж” хүчээр хуваарилснаа зогсоосон гэсэн үг. Ингэж иргэдийг оршин суугаа хаяг, байршлаар нь лабораториудад тулган хуваарилсан нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн үйлдэл гэдгийг бид өмнөх нийтлэлдээ (“Өнөөдөр” сонины наймдугаар сарын 29-ний дугаарт) хөндсөн. Аймаг, дүүргийн иргэдийг лабораториудад хуваа­рилах ажлыг ЭМЯ бодлогын хэм­жээнд зохион байгуулсан. Энэ нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэдгийг ЭМНДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга И.Энхбат хэлсэн билээ. Гэхдээ энэ газарт л шинжилгээ өг гэж тулган шаардсан байдлыг халсан ч орон нутгийн иргэдийн сорьцыг хэрхэн тээвэрлэх, лабораториуд шинжилгээний хариугаа зөв гаргах асуудал хэвээр үлдлээ. МИАТ, “Аэро Монголиа” компани орон нутаг руу нислэг үйлдэж буй. Тэд агаарын нислэг үйлдэхдээ шинжилгээний сорьц тээвэрлэдэггүй ч “Бона вита” эмнэлзүйн лабораторийн захиалгаар баруун аймгуудаас сорьц тээвэрлэж буйг эх сурвалж хэлсэн юм. Тиймээс 21 аймагт салбартай тус лаборатори эрүүл мэндийн салбарт давуу эрх тогтоох вий гэсэн хардлага байгааг ч нуусангүй. Элэгний С вирусийн эмийн жор бичих эрх бүхий 201 эмч “Тэр лабораторид л шинжилгээ өг” гэж нэр заах эрхгүй бөгөөд зөвхөн шинжилгээ өгөхийг зөвшөөрсөн би­чиг үйлдэхийг энд сануулахад илүү­дэхгүй биз.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.