Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АМГТГ-ынхан төрөөс ч, хувийн компаниас ч цалин авч байгааг тогтоолоо

Засгийн газрын яам, агентлагуудад Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгааг АТГ-ынхан өнгөрсөн хавар шалгаж, танилцсан дүнгээ яам болгонд очин, сайд, төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй удирдах албан тушаалтнуудыг нь байлцуулан, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газраас төлөөлөл оролцуулан хэлэлцүүлж эхэлсэн билээ. УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 13 яам, 27 агентлагт АТГ-ынхан ажилласан юм.

БХЯ, БХБЯ, ЗТХЯ, ХНХЯ, ЭХЯ, УУЯ болон тэдгээрийн харьяа агентлагуудын 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцээд буй. Шалгалтын дүнг хэлэлцүүлэхэд тухайн яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулж байгаа. Дээрх яам, агентлагуудад ажиллах явцад албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэд хэдэн нийтлэг зөрчил, дутагдал байгааг илрүүлсэн.

Тухайлбал, тендер шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийддэг, бусдад давуу байдал олгодог, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулалгүй томилдог, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, гадаад томилолтын зардлыг хэтрүүлдэг зэрэг нийтлэг зөрчил олон байгаа аж.

Бидний авсан мэдээллээр УУЯ, харьяа агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газарт хийсэн шалгалтаар төрийн албан тушаалтнууд хувийн компанид давхар ажиллан цалин авч буйг тогтоосон байна. Тус газрын мэргэжилтнүүд нефть, алт, нүүрс зэрэг ашигт малтмал олборлодог гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компанид шинжээчээр ажиллаж, үйл ажиллагааных нь тайланг гаргаж өгөөд, тухайн компаниудаас хамгийн багадаа гурван сая, дээд тал нь 20 сая төгрөгийн давхар цалин авч байжээ.

Үүнээс АМГТГ-ын ажилтнууд ашиг сонирхлын ямар нэг зөрчилтэй байгааг харж болох юм. Тиймээс АТГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэн нарийвчилсан шалгалт хийхээр болж буй сурагтай.

АТГ яамдын үйл ажиллагааг өмнө нь ийнхүү шалгаж байсан ч дараа нь энэ мэт байдлаар дүнг нь хэлэлцүүлж, яамдыг доргиож, дарга нарыг нь цочроож байгаагүй бөгөөд анх удаа ийн хэлэлцүүлсэн нь шинэлэг явдал юм.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН САНГ НАРИЙВЧЛАН ШАЛГАХ НЬ

БХЯ-нд өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр тус яам болон харьяа агентлаг, ЗХЖШ-ын офицер, ахлагч нар хэд хэдэн асуудлыг сөхөж тавихын зэрэгцээ АТГ-т шалгасан хэргүүд шийдэгдэхгүй байгаад тус газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ.

БХЯ-нд ажиллаж байсан болон одоо ажиллаж буй дарга нар 300 айлын орон сууц бариулахдаа хөрөнгө завшсан, хамаарал бүхий компаниар бариулсан, хувийнхаа компаниар цонх, шалыг нь нийлүүлсэн гэх хэргийг шалгасан. Түүнд холбогдсон дарга нар нь гэм буруугүй болж, баримттай мэдээлэл өгсөн хүнийг хайж, алба хаагч нараа байнга дарамтлах болсон талаар хэд хэдэн хүн АТГ-ынханд гомдоллосон гэнэ.

Мөн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид чанаргүй шүхэр нийлүүлсэн хэрэг нь тодорхой болсон ч тухайн албан тушаалтнууд өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй талаар ЗХЖШ-ынхан ярьсан. Улмаар гэмт хэрэг яагаад хэрэгсэхгүй болсон, ашиг сонирхлын зөрчлийг нийтэд ил болгох шаардлагатайг АТГ-ынханд сануулсан байна.

Манай цэргүүд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, дэлхийн халуун цэгүүдэд ажиллаж ирээд мөнгөө гүйцэд авч чаддаггүй, мөнгө санхүү хариуцсан ЗХЖШ, БХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд НҮБ-аас олгосон цалин, урамшууллыг нь банкинд хадгалах, бизнест эргэлдүүлэх, валютын ханшийн зөрүү унаган ашиглаж буй тухай ч энэ үеэр АТГ-ынханд ярьсан гэнэ. Манай сонин ч энэ асуудлыг өмнө нь нэг бус удаа сөхөж бичиж байсан билээ.

АТГ-ынхан өнгөрсөн хавар хийсэн шалгалтынхаа үеэр 2011, 2012 онд энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн ахлагч цолтой хүмүүст олгогдох мөнгөнөөс 200.000, офицер нарт өгөх мөнгөнөөс 100.000 төгрөг дутуу олгосон. Мөн энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа офицер, ахлагч нараас ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтнууд 500.000 төгрөг хураан авч, өгөхөөс татгалзсаныг нь явуулдаггүйг ч АТГ-ынханд ховложээ. Энэ мэт гомдол, мэдээлэлд үндэслэн АТГ-ынхан Зэвсэгт хүчний хөгжлийн сан, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан, үйл ажиллагааг нарийвчлан шалгахаар болжээ.

Үүнээс гадна ЗХЖШ-ын харьяа ангийн захирагч, санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нар нь албан тушаалаа урвуулж, тус ангид ажиллаж байгаад гадаадад суралцахаар явсан, өөр анги руу шилжсэн, тэтгэвэрт гарсан гэх зэрэг шалтгаанаар тус ангид ажилладаггүй 295 иргэний нэр дээр 2016 онд 177 сая төгрөгийн цалин бичиж, галчаар ажиллаж байсан иргэний цалин гэж харагдуулах баримт бүрдүүлж, Д гэх иргэний ХААН банкны дансанд шилжүүлэн авч байсныг тогтоосон гэнэ.

Өдгөө хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан хэргийг нь цагдаагийн байгууллага шалгаж буй аж. Тиймээс БХЯ болон ЗХЖШ-тай хамтран харьяа ангиудад нь нэгдсэн шалгалт хийхээр болжээ.

“МОНГОЛЫН ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛ” КОМПАНИЙН ОРЛОГО ХААЧДАГИЙГ ТОГТООНО

ЗТХЯ-ны 2015, 2016, 2017 оны үйл ажиллагааг шалгахад төрийн захиргааны албан тушаалд гэрээгээр есөн хүн томилсон байв. Гэвч тэд ХАСХОМ-ээ хуульд заасан хугацаанд гаргаагүй нь тогтоогдсон гэнэ.

Мөн салбарын хэмжээнд таван хүний ХАСХОМ-ийг АТГ-ынхнаар хянуулалгүй томилсон, ИНЕГ-т удирдах болон гүйцэтгэх албан тушаалд 469 хүн томилохдоо ямар ч сонгон шалгаруулалт зарлаагүй, халаа сэлгээ ихтэй, хувь хүний үзэмж болоод улс төр, намын харьяаллыг харгалздаг, зарим тендерт хоорондоо хамааралтай хоёр компанийг оролцуулсан, “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн орлого төвлөрүүлэлт, зарцуулалт, гэрээний үүргийн биелэлтэд тавих хяналт сул, чиг үүрэг, статус нь тодорхойгүй байгааг тогтоосон байна.

Тиймээс нарийвчлан шалгахаар болжээ. Тус яамныхан ажилтан, албан хаагчдынхаа үр дүнгийн гэрээний урамшуулалд 508.8 сая төгрөг олгосон байх юм. Олон хүний халаа сэлгээнд бас төсвийн их хэмжээний хөрөнгө зарцуулсан нь тогтоогдсон гэнэ.

Тухайлбал, ИНЕГ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг боловч өөрийн орлогоор санхүүждэг юм байна. Тиймээс энд халаа, сэлгээ их учраас тухайн байгууллагад эдийн засгийн хүндрэлучруулж буй гэнэ.

ХНХЯ, харьяа агентлагууд нь 1-2 дэд даргатай байгаа нь Засгийн газрын 2016 оны долдугаар сарын 27-ны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 6.2-т заасан “Засгийн газрын агентлаг нь 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга (орлогч дарга) нэг, 100-гаас цөөн ажилтантай бол орлогч даргагүй байх заалтыг баримтлаагүй байжээ.

Үүний тод жишээ нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар. Тэдний орон тоо 35. Гэтэл 35 ажилтны найм нь газрын дарга, дэд дарга, дөрөв нь алба, төвийн дарга аж. Мөн тус газрын харьяанд ажиллаж байгаа Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн даргыг агентлагийн дарга нь бус салбарын сайд томилдог нь улс төрийн нөлөөлөл байгааг харуулж буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “АМГТГ-ынхан төрөөс ч, хувийн компаниас ч цалин авч байгааг тогтоолоо

  • Хөөрхий зэс нь цухуйчихсан байх шив.Даанч 2016 онд засаг солигдоход Ашигт малтмалын зарим хүмүүс нь үлдэх гээд үхэн хатан тэмцээд байсан юмаа. Ийм л байсан юм байж.

  • Зочин says:

    уг нь зөв юм барьжээ

  • Zochin says:

    Ashigt maltmaliin Baatartsogt 60 ter bumiin heseg bodvol mongo ihteig ni avaad uldeegee l biz de. Tsomtgol nereer halj , oorchlolt nereer heseg hun avsan da

  • Төрөө says:

    БХЯаманд өргөдөл өгөөд олон жилийн нүүр үзлээ. Олон сайдууд солигдлоо. Нэг нь ч асуудлыг шийдэж өгсөнгүй. Одоо би яах вэ. Бүх баримт өргөдөл албан тоотууд яамны санхүүд байх ёстой. Одоо яавал дээр вэ.

  • Zei says:

    Buh salbar bur dood negj tsetserlegin erhlegch nar hurtelsard say togrog shamshigduuldag.

  • Зочин says:

    Давхар цалин юу бхав дээ хахуулиа нэрийг нь өөрчлөөд авдаг юм бна. Сүүлийн үед мөннө нэхдэг түшмэдүүд ганц энд ч биш яаманд нь олон болоод л бгаа.