Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Арслан тайжаар” замаа заалгаж урлагийн хүн болсон

 Монголын кино урлагийн түүхэнд “Баримтат киноны Хишигт”, “Телевизийн Хишигт” хэмээн алдаршсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Хишигт найруулагчтай уулзаж ярилцлаа. Ирэх жил 80 насныхаа ойг тэмдэглэх энэ буурал одоо ч урлагийн ертөнцдөө зүтгэж, “Радио телевизийн дээд сургууль”-д шавь нартаа мэдлэг, чадвараа өвлүүлэн үлдээхээр хичээж явна. Түүний хийсэн бүтээсэн кинонууд одоо ч залуу найруулагчдын “ширээний ном” болсоор байна.

-Урлагийн замд хэрхэн орсон талаар яриагаа эхлэх үү.

-1944 оны зун юмдаг. Манай Архангай аймагт “Цогт тайж” киноны зураг авалт болдог юм байна. Би дөнгөж 13 нас хүрсэн, саарьтай хөлтэй хөдөөний хүүхэд байлаа. Үеийнхээ хэдэн найзтайгаа зураг авалт хараад л өдөржин зогсдог. Тэгсэн нэг өдөр “Цогт тайж” киноны Арслан тайж гэж хүрэн торгон дээлтэй, гоё ах ирээд бид нараас хүүхдүүд юу хийж байна гэж асуудаг юм байна.

Алдартай том хүнээс эмээгээд толгойгоо илээд зогсож байтал та нар ажил хийх үү гэж асуухад нь бид ч уухайн тас зөвшөөрлөө. Байлдааны зураг авахаар хээр талд авчирсан сэлэм зэвсэг, жад их алга болдог юм байна. Бид зураг авалтын дараа унасан жад сэлэм цуглуулаад ангилж ялган складанд өрж, маргаашийн байлдаанд бэлтгэдэг ажилтай боллоо.

Ажлаа дуусахаар Арслан тайж хормойгоо тосч бай гээд л өвөр дүүрэн чихэр өгнө. Дайн дажинтай байсан болохоор чихэрний амтыг бараг мартсан бидэнд юунаас ч үнэтэй бэлэг байлаа. Гэртээ дүүрэн чихэртэй харина, ээж жүжигчдээс авсан гэж итгэхгүй загнаад л. Киноны зураг авалт байхгүй өдөр тэд сумын клубт “Мандухай цэцэн хатан”, “Шарай голын гурван хаан” жүжгийн хэсгээс тоглодог. “Цогт тайж” киноны бараг арын албаны ажилтан болсон байсан бид ёстой л амаа ангайгаад үздэг байж билээ. Энэ бүхнийг үзээд урлагийн сургуульд орно, жүжигчин болно гэж шийдсэн хэрэг.

1947 онд Хөгжимт драматик сургуульд ортол “Цогт тайж” киноны зураг авалтаар тааралдаж байсан Ц.Цэгмэд манай багш болоход нь, бэлэгшээж баярлаж билээ. Ц.Цэгмэдийн анхны шавь нар нь бид юм. Нийт 12 хүүхэд байсны дотор Итгэлт баян А.Очирбат, Сэлэм Тогмид Ц.Цэрэндорж нар байлаа.

-Урлагийн гараагаа жүжигчний мэргэжлээр эхэлжээ та.

– Биднийг төгссөний дараа МАХН-ын 11 дүгээр их хурал ЗАМАА ЗААЛГАЖ УРЛАГИЙН ХҮН БОЛСОН болж, манай анги дээр тулгуурлан, Хүүхдийн театр нээх шийдвэр гарч байсан юм. 1951 оны тавдугаар сарын 14-нд манай театр нээлтээ хийсэн гэхээр ирэх жил 60 жилийн ойгоо тэмдэглэх болоод байна.

-Харамсалтай нь Хүүхдийн театр маань ажиллахаа болиод удаж байгаа байх аа.

-Сүүлийн үед хүүхдийн нэртэй, тодотголтой газрууд хувьчлал, энэ тэр гээд бүгд алга боллоо. И.Нямгаваа найруулагч “Хаан” банканд зарсан уу, өрөндөө өгсөн үү мэдэхгүй далд оруулчихаад өөрөө гадаад гараад алга болсон. Одоо зарим хөгшчүүл тэтгэвэр , даатгал гээд бичиг баримтаа авах гэхээр олдохгүй нэг ийм л юм болчихоод байгаа.

Гэхдээ одоо гунигтай юм яриад яахав. Би Хүүхдийн театрын анхны 12 жүжигчний нэг болсондоо баярлаж, бахархаж явдаг. Манай театр олон сайн жүжигчин төдийгүй нэртэй найруулагч олныг төрүүлж гаргасан газар.

-Ингэхэд жүжигчин маань яахаараа найруулагчийн албанд урвадаг билээ?

-Тэр үед жүжигчдийг дөрвөн зэргээр ангилдаг байлаа. Би дөрөвдүгээр зэргийн жүжигчин байсан. Нийт 20 дүр бүтээж, 14 жүжгийн гол дүрд тоголчихсон хэрдээ шаггүй жүжигчин явлаа. Гэтэл театрын уран сайхны удирдагч Л.Ванган гуай “Удахгүй бүх аймаг театртай болно. Гэтэл манайд найруулагч бараг алга байна.

Та нараас найруулагч бэлтгэнэ” гээд биднээс дөрвийг нь Ховд, Дорнод аймгийн театрт томилсоноос хойш найруулагчийн ажилд шилжсэн түүхтэй. Тэр үед мэргэжлийн найруулагч гэвэл Л.Ванган, Н.Цэгмид, С.Гэндэн, Э.Оюун гээд дөрөвхөн хүн байсан. Намайг Дорнодод хувиарлаад “Хэрэв сайн ажиллавал гадаадын их сургуульд суралцуулна” гэж амалж байлаа.

Нэг жил ажиллаад байтал Соёлын яамнаас дуудан, Москвад Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуульд явуулсан. Алдарт Ромм багшийн шавь болж, номын дуу сонсож эхэлсэн ч харамсалтай нь хэт их хичээл хийгээд мэдрэлийн ядаргаанд орж, сургуулиа замаас нь орхиод нутаг харьсан юм. -Яагаад ядаргаанд орсон хэрэг вэ? -Орос хэл мэдэхгүй хэцүү байлаа.

Өдөр шөнөгүй хичээл хийгээд сүүлдээ нойр ч хүрэхээ болиод Ч.Лодойдамба даргад би ер нь больё гээд хоёрдугаар курсээ дуусгаад ирж байсан. Ингээд кино үйлдвэрт Р.Доржпалам найруулагчийн туслахаар ажилд орж байлаа.

-Таны анхны уран бүтээл?

-“Салхины амт”, “Алтан өргөө” кинонд туслах найруулагчаар ажилласны дараа намайг бие даан ажиллах чадвартай болж гээд ерөнхий найруулагч болголоо. Бие даасан анхны кино маань “Баясгалан”. Уг нь би “Түмний нэг” киног хийхээр ажиллаж байтал Э.Оюун багш “Түүхэн сэдэвтэй хэцүү кино байна. Наадахаа Б.Жигжидэд өгчих. Чамд “Баясгалан” таарна гээд киногоо сольсон юм.

Тэр үед “Түмний нэг”- ийг хийсэн бол яах байсан бол гэж хааяа боддог. “Баясгалан” киног маань Соёлын яамнаас маш их засвар оруулж, бараг танигдахгүй болтол нь өөрчилсөн. Урам хугарч, дарга нартай маргалдтал намайг биеэ тоолоо гээд уран сайхны кино хийх эрхийг маань хасч байж билээ. 1961 онд Л.Ванган багш “Даваан дээр” гэдэг сайн зохиол байна. Чи хийх үү” гэж асуудаг байгаа.

Ингээд кино хийхийн тулд дарга нарт дутагдлаа хүлээлээ, буруугаа ойлголоо гэж ярьж байж найруулах эрхээ авсан. Гэхдээ туслах найруулагчийн цалинтай ажиллаж байлаа. Дараа нь зурагт радио байгуулах яриа гарч, намайг найруулагчаар авна гэсэн. Кино үйлдвэрийнхэн битгий яв гэж байсан ч сайн бодож тунгаалгүй кино үйлдвэрээс яваад өгсөндөө одоо харамсдаг юм. Тэндээ байсан бол дахиад хэдэн кино хийчих байсан.

-Телевиз хэмээх шинэ газарт хэр хурдан дасав даа?

-Гайгүй, бараг бүх редакцад ажиллаж үзсэн. Би уран сайхны удирдагч хийдэг байлаа. Хамаг ажлаа залууст хариуцуулж удирдаад, жилдээ ганц баримтат кино хийх л боломж гардаг байсан. Сүүлдээ жижиг ишгэн дарга байх дэмий юм гээд ажлаа өгч, уран бүтээлдээ эргэн орсон.

-Та нийт хэчнээн кино бүтээгээд байна?

-Кино үйлдвэрт уран сайхны болон орчуулгын хоёр, 10 баримтат кино хийсэн. Телевизэд 80 кино хийснээс ихэнх нь баримтат кино доо. “Тус биш ус”, “Говьд” кино маань Москвагийн наадмаас хүндэт диплом авч, хүн амьтанд танигдаж эхэлсэн үед Москвагийн “Радуга” наадамд кино хийх даалгавар авлаа. Тэр үед Америкийн “Нарны шуурга” гэдэг кино их алдаршиж байгаа талаар хэвлэлээс харж байсан юм.

Тэр кинонд нарийн , баргил хоёр аялгууг хослуулан, манай хөөмий шиг дуу гаргадаг талаар үзүүлдэг гэж дууллаа. Ингээд л “Хөөмий” –гөөр кино хийхээр шийдэж, зохиолоо Ж.Бадраа гуайгаар бичүүлсэн. Хүн сонирхохгүй байлгүй гэж зарим хүн ярьж байсан ч 1983 оны “Радуга” наадмаар 37 орны бүтээлээс эхний байрт шалгарсан. Урам зориг ч орлоо. 1985 оны наадамд хэнээр кино хийлгэх вэ гэсэн яриа гарч, би гээд гараа өргөх зүрхтэй хүн олддоггүй.

Дахиад надад оноолоо. Сергей Есениний “Монголчууд хуурын эгшгээр ингэ уяраадаг” гэж хэлснээс санаа аваад “Ингэн эгшиг” киног Ж.Бадраа гуайтай хамтран хийтэл бас түрүүлдэг юм байна. 1991 онд “Дэмбээ” киногоор оролцож, бас гран при авсан. дууссан.

-Таны бүтээлүүд дунд “Гарьд магнай” кино онцгой байр эзэлдэг байх?

-Би Орост сургуульд сурч байхдаа бөхийн тухай гурван кино үзсэн юм. Оросын “Иван Поддубный”, Ираны “Мазандра нутгийн барс”, Японы “Жүдогийн гайхамшиг” үзээд бөхийн тухай кино хийхсэн гэдэг бодол төрсөн. Энэ кинонуудад дан ганц бөх гардаггүй, хайр дурлал, өс хонзон, хор шар гээд л амьдралын бүх юм гардаг. Тэр үед манайд бөхийн тухай кино байгаагүй.

Ж.Дамдины “Монгол бөх” гэсэн ном уншиж, хэрэгтэй домог яриа олж аваад, 1966 онд толгой дотор зохиол нь бараг л бэлэн болчихоод байлаа. Бунтар найруулья гэж тохироод байсан ч нэгдүгээрт өөрийн бичсэнээ голоод, мөн зав зай тааруу явсаар 1976 он гарлаа. Арван жил бодоод л яваад байгаа хэрэг. Нэг өдөр яруу найрагч Ш.Сүрэнжавтай тааралдаад ярьсан чинь ёстой сайхан юм байна гээд дэмжсэн.

Хурдхан бич гэхээр нь нэг л болж өгөхгүй байна гэдгээ хэллээ. Ш.Сүрэнжав хамтрах уу гээд л ажилдаа орсон доо. Ш.Сүрэнжав миний зохиол дээр үйл явдал нэмээгүй, баатруудыг өөрчлөөгүй ч яруу найраг шиг сайхан уянгалаг болгож өөрчилсөн. Анх “Ганхтын Гарьд магнай” гэдэг нэртэй байлаа. Киногоо хийгээд дууссан ч бас л янз бүрийн шалтгаанаар олон жил дарагдаж байж, 1983 онд л дэлгэцэнд гарсан.

Тэгсэн нэг өдөр Т.Чимэд бөхөөр хийсэн юм чинь сур харваа, морь гээд эрийн гурван наадмаар цуврал хийвэл яасан юм бэ гэж хэлдэг юм байна. Ингээд л “Тод магнай”, “Цэц магнай” киногоо хийсэн. Ш.Сүрэнжав байхгүй байсан бол одоо болтол бичээгүй ч явж байж мэдэх л юм. Энэ бол бидний хамтын бүтээл.

Та олон кино хийсэн хүн. Мэдээж хүүхдээ сайн муу гэж ялгадаггүйтэй адил бүтээлээ дугаарладаггүй байх. Хамгийн сайн бүтээлээ нэрлэвэл?

-Сайн болсон гэж бодож явдаг кино маань ямар ч шагнал авч байгаагүй. “Баян бүрдийн тавилан”, “Нүүдэл”, “Орхоны хөндийгөөр” кинонуудаа сайн болсон гэж боддог. Харамсалтай нь 16 мм-ийн хальсаар авсан болохоор дуу, дүрс нь тус тусдаа телевизээр гаргаж болохгүй байгаа. Эхний хоёр нь байгаль экологийн сэдвээр асуудал дэвшүүлсэн кино. Харин “Орхоны хөндийгөөр” бол түүхэн кино.

-Таныг “Баримтат киноны Хишигт” гэж нэрлэдэг. Баримтат кино хийх уран сайхны кино хийхээс амар уу?

-Амар хялбар гэж юм байхгүй. Бүгд өөрийн онцлогтой, хүнд хэцүү талтай. Уран сайхны кино гэхэд хүний дүрслэл, сэтгэх чадвар чухал бол баримтат кинонд тухайн юмыг цагт нь олж харах, овсгоо авхаалж хэрэгтэй. Харин шинжлэх ухааны кинонд мэдлэг, хүүхэлдэйн кинонд уран сэтгэмж шаардагддаг. Би энэ бүх төрлөөр бүгдээр нь кино хийж үзсэн.

-Та кино үйлдвэрээс явсандаа харамсдаг гэсэн. Өөр зүйлд харамсдаггүй биз дээ?

-Харамсах зүйл олон байх л юм. Уран сайхны кино цөөхөн хийсэндээ харамсдаг.

-Та бүтээлийнхээ сэдвийг хэрхэн олдог вэ?

-Кино үзэх, ном унших гээд л дэргэдээсээ л олно. Мартахгүйн тулд цаасан дээр тэмдэглэнэ, заримыг нь толгойдоо хадгална. Миний нэг тэмдэглэл байдаг юм. 100 гаруй юм бичсэнээс 20 нь кино болсон байна лээ.

-Сүүлийн үеийн кино үзэж байна уу. Найруулагчдаас ирээдүйтэй гэж боддог залуу хэн байна?

-Г.Бадамрагчаагийн киног үзсэн. Ирээдүйтэй сайн найруулагч. Одоо Модун шаньюгийн тухай кино хийж байгаа. “Чингис” хааны тухай кинонуудыг үзлээ. “Үхэж үл болно” бага хугацаанд хийсэн гэхэд гайгүй болсон. Харин жүжигчний сонголт дээр алдсан тал бий. Настай улсуудыг Чингис, Жамухад тоглуулсан байна лээ.Бас төлөвлөгөө зохиол нь хангалтгүй юм.

Зохиол гэдэг ямар талаас нь яаж авахаас эхлээд бүх зүйл багтсан байх ёстой бол энэ киноных зүгээр үргэлжилсэн үгийн зохиол шиг юм болсон байсан. С.Бодровын “Монгол” сайн кино. Манайхан түүхэн талаас нь шүүмжилдэг ч дэмжээд хамтарсан бол улам л сайн болох байсан байх. Сайн сайн найруулагч олон гарч байгаа. Манай шавь нар ч удахгүй юм дуулгах биз ээ. “Радуга” наадмын дөрвөн гран пригийн гурав нь миний бүтээл.

Би 1990 онд тэтгэвэрт гарч, гавьяат цол авсан юм. 1991 онд нь гран при авахад хүмүүс гавьяатаа баталлаа гэж ярьж байлаа. Ер нь ардын урлаг гэдэг үзэл сурталжаагүй болохоор хийхэд амар, амжилт олохдоо хялбар байсан байх. Ж.Бадраа гуай бид хоёрын гар сайн нийлдэг байсан юм.

-Кино урлагийн бараг бүх салбарт хүчин зүтгэсэн гэдэг. Кино зохиол бичиж байв уу?

-Кино үйлдвэрт ажиллаж байхдаа “Нөмрөг хадны цуурай” киноны зохиолыг бичсэн. Даанч бас л үзэл суртал гэж ярьж зассаар байгаад анхныхаасаа огт өөр кино болсон. Саяхан телевизээр гарч байна лээ. Үзээд санаа зовсон гэж. Ингэж шүүмжилж, хасаж байгаагүй бол дахиад хэдэн зохиол биччих байсан гэж боддог. Зохиолоо хасаж, тануулаад зүрх зориг мохдог юм билээ.

Уг нь анхныхаар нь дахин нэг хийе гэж бодож байсан ч найруулагч, жүжигчид маань өнгөрөөд дууссан.

 

М.СУГАР

 

 


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.