Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Авто замын “мэрэгч”

Ялимгүй буруу үйлдэл хийвэл шинээр тавьсан авто замыг эвдэж мэдэх сар эхэллээ. Өдөр нэмэх, шөнө хасах хэмтэй хонодог өдрүүд арваннэгдүгээр сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Энэ үед авто зам хамгийн их эвдэрдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Намраас өвөл, өвлөөс хаварт шилжих үеэр бид авто замаа сайтар арчилж, гамтай байвал жил бүр нөхөөс хийх шаардлага гарахгүй. Зайлшгүй нөхөх эвдрэл гарлаа ч тоо нь цөөрнө.

Энэ зун III, IV хорооллын эцсээс ГССҮТ хүртэлх авто замыг засаж ашиглалтад орууллаа. Өргөтгөн, шинэчлэхээс өмнө тухайн замд жил бүр нөхөөс хийж, дунджаар 30-40 сая төгрөг зарцуулдаг байж. Энэ замыг эвдлэгчид нь алчуур даллан машин угаагчид. Зөвшөөрөлтэй ч бохир ус зайлуулах хоолойных нь нэвтрүүлэх чадвар бага, хэрэглэсэн усаа гадагшаа урсгадаг авто угаалгын газрууд, алчуур даллан “Машинаа угаалгах уу” хэмээн зогсдог “сэнснийхэн” тэнд багширдгийг нийслэлчүүд андахгүй.

Замын асфальт өгөршиж, чийгтэн нүх үүсэхэд тэд аажмаар нөлөөлж буй. Яг л шүд хорхойтдог шиг. Хэрэв тэдний үйл ажиллагааг хянаж, дэгэнд оруулахгүй бол шинээр тавьсан зам ирэх хавраас оочин цоочон эвдэрч эхлэх нь дамжиггүй.

Өнөө жил хоёр тэрбум орчим төгрөгөөр хотын гол замуудад нөхөөс тавьж байна. Голдуу нүхэн эвдрэл засаж буй онцлогтой. Уг мөнгөний дийлэнхийг хуучин авто замд зарцуулахаар төлөвлөсөн ч үлдсэнийг нь тавиад удаагүй зарим замын хагарал, нүхэн эвдрэлийг засахаар тооцсон байгаа юм. Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын 30 орчим хувь нь 20-иос дээш жил “насалсан”, жам ёсоороо эвдэрч буй ч гол замууд харьцангуй “залуу”.

Ийм замууд эвдэрч буйн шалтгаан нь даац хэтрүүлсэн том оврын машин зорчсон, их хэмжээний ус урсаж, асфальтны чанар алдагдсанаас үүдэлтэй гэдгийг албаныхан хэлж байна. Ялангуяа хүйтний эрч чангарах цагаар авто замын хашлага, зорчих хэсгийн завсраар ус оруулбал газар гэсэх үед асфальт бутарч, цөмөрдөг гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьсан юм. Тийм учраас ашиглалтад оруулаад удаагүй замын хагарлыг даруй битүүлдэг аж.

Харамсалтай нь, албаныхан ингэж мэрийж байхад иргэд “амьдрах гэж зүдэрч явна” гээд шинэхэн бүтээн байгуулалтыг сүйтгэж байна. ГССҮТ орчмоос гадна I хороолол, Таван шар, “Цайз” зах, “Дэнжийн мянга”, зуслан чиглэлийн зам дагуух авто угаалгын газар болон “сэнснийхэн” эргэн тойрныхоо авто замыг сүйтгээд удсан гэдэгтэй уншигчид санал нийлэх нь лавтай.

Авто угаалгын газар ажиллуулах зөвшөөрөлтэй байгууллагад “Зөрчлөө арилга” гэсэн үүргийг хяналт, шалгалтын байгууллагынхан өгдөг бол “сэнснийхэнд” гудамж, талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн гэх үндэслэлээр торгууль ногдуулаад л өнгөрдөг аж. Нийслэлд өдгөө авто угаалгын газар 160 орчим байдгаас дийлэнх нь Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг. Үүн дээр өнгөрөгч зун хувиараа машин угаасан 40 гаруй хүнийг нэмбэл өдөрт багадаа таван тонн ус ашигладаг гэсэн судалгаа байна.

УСУГ-ынхан өнгөрсөн жил шинээр авто угаалгын нэг ч газарт техникийн нөхцөл өгөөгүй гэсэн. Гэвч хувиараа машин угаадаг хүмүүс хөрсний ус ашиглан машин угаадаг болж. “Хөгжлөөс хоцорсон зарим хүн, тодруулбал, хөгц, мөөгөнцөрт идэгдсэн авто угаалгын газрын эзэд, задгай талбайд машин угаадаг хүмүүс зам эвдэхэд хувь нэмрээ оруулсаар байна. I хороолол, Дарь-Эх, Улиастайд гарааш дотор машин угааж буй хүн цөөнгүй бий.

Тэдний үйл ажиллагааг хянах хэрэгтэй. Зун нь задгай талбайд машин угаагчид, өвөл “зөвшөөрөлтэй” нэр зүүсэн зарим угаалгын газрын “жолоог суллавал” бүтээн байгуулалт сүйднэ. Өвөл цан хүүрэг савсуулаад, ойролцоох зам талбайгаа мөсөн гулгуурын талбай болгодог газар бишгүй” хэмээн Хот тохижилтын газрын мэргэжилтэн ярив.

Машин угаасан ус химийн бодистой учраас асфальтны чанарыг алдагдуулах нь хурдан аж. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүй авто угаалгын газар, хувь хүмүүсийн балгаар авто зам химийн бодистой усанд идэгдэж байгаа юм. Усны хэрэглээг багасгах, байгальд ээлтэй, эко авто угаалгын газар байгуулах санаачилга олон улсад өрнөж буй. Энэ төрлийн бизнес эрхлэгчид ч ийм технологи руу хошуурах болсон.

Манай улсад ч дэвшилт технологи ашигладаг авто угаалгын газрууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл улсын нийслэлд ноорхой байранд авто угаалга ажиллуулж, дуртай нэг нь гадаа зогсоод машин угааж байна. Томоохон авто угаалга өдөрт 1.5 сая, жижиг нь 400.000, хувь хүмүүс 100.000 мянган төгрөгийн орлоготой ажилладаг гэх. Гэвч нийтийн эзэмшлийн зам талбай, авто зам сүйтгэснийхээ төлөө тэд сохор зоос ч төлдөггүй!

БАЙР СУУРЬ

Хүний буруугаас авто зам эвдрэх нь элбэг

Б.ЦЭРЭНСОДНОМ (Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн дарга):

-Замыг ашиглалтад оруулсан цагаас нь засаж, тордох ёстой. Олон улсад таван жил тутамд өнгөн хучилт хийдэг жишиг бий. Хөрөнгө мөнгөгүйн улмаас бид тэр жишгээр ажиллаж чаддаггүй. Механик буюу хүний буруутай үйл ажиллагаанаас авто зам эвдрэх нь элбэг. Зам дээрх борооны ус зайлуулах шугам бага учир эвдэрдэг. Гар аргаар машин угааж буй хүмүүс ч үүнд нөлөөлж байна. Тухайлбал, түлш, тос, маслотой ус асфальтны чанарыг алдагдуулж, нүх үүсдэг.

Мөн нүхэн эвдрэл үүсэхэд хүнд даацын тээврийн хэрэгслүүд ч нөлөөлдөг. Манай улс Венийн конвенцод нэгдэж, замаар нэг тэнхлэг дээрээ 11 тонн ачаа ачсан тээврийн хэрэгсэл явуулахаар болсон. Гэтэл өнөөдөр хотын гол гудамж, замаар “Хово” зэрэг хүнд даацын тээврийн хэрэгсэл явж байна. Уг машин нэг бүр нь 20 орчим тонн жинтэй, ачаа ачвал жин нь нэмэгдэнэ шүү дээ. Энэ мэтээс болоод зам эвдэрч, хавар, намар урсгал засвар хийх болдог.

Сэрүүний улиралд зам руу ус урсгаж болохгүй

Б.БААТАРХҮҮ (“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер):

-Замын насжилтаас гадна урсгал засвар хийгээгүй удсанаас болж зам эвдэрдэг. Тэгэхээр засварын ажлыг тогтмол хийх шаардлагатай. Манайх өөрсдийн санаачилгаар нөхөөс хийх эрхгүй, хэн нэгнээс асууж байж эвдэрсэн хэсгийг нөхдөг. Хэрэв нөхчихөөд очвол “Хэн чамайг нөх гэсэн юм бэ” гэх нь тодорхой. Нөхөөс хийх санхүүжилт, байршлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар шийдэж өгдөг юм. Тиймээс бид тодорхой төсөв олгооч гэсэн хүсэлт гаргадаг.

Ингэвэл төвийн болон туслах замууд эзэнтэй болно шүү дээ. Авто угаалгын газрууд зам эвддэг гэдэгтэй санал нийлнэ. Бороо орвол тэр өдөртөө эсвэл, нэг, хоёр хоноод л хатдаг. Гэтэл авто угаалгын газрууд өдөр бүр ус асгаснаас, ойролцоох авто болон явган хүний замын хучилт зөөлөрч чанар нь мууддаг. Ялангуяа сэрүүний улиралд зам руу ус урсгаж болохгүй. Авто замын завсраар орсон ус хөлдөж, замыг эвддэг учраас машин угаалгын газруудын үйл ажиллагааг хянах хэрэгтэй.

Зуслангийн зам дагуу задгай газарт машин угааж байна

Т.БАТЦОГТ (Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч):

-Нэг үеэ бодвол задгай талбайд машин угаадаг хүмүүс цөөрсөн. Зарим авто угаалгын газрынхан хэрэглэсэн усаа гадагш алдаж буй нь үнэн. Манай дүүргийн хувьд, дулааны улиралд зуслан чиглэлийн замд ийм хүмүүс гарч ирдэг. Тэдэнд “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ зөвшөөрөлгүй эрхэлсэн” гэсэн заалтаар хариуцлага тооцдог. Харин энэ жил ийм үйл ажиллагаа эрхэлсэн хүмүүст хариуцлага ногдуулаагүй.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байсан

Д.БАТ-ӨЛЗИЙ (Нийслэлийн МХГ-ын хэлтсийн дарга):

-Энэ онд анх удаа төлөвлөгөө гаргаж авто угаалгын газруудыг шалгасан. Өмнө нь иргэдийн гомдлын дагуу л шалгадаг байсан. Товлосон газруудын 18 нь өөр газарт шилжсэн учир угаалгын 15 газрыг шалгалаа. Шалгалтын явцад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэсэн зөрчил давамгайлж байв. Уг нь үнэлгээ хийлгэж үйл ажиллагаа явуулж болох, эсэхээ шалгуулах ёстой.

Мөн авто угаалгын газрын стандартыг шалгахад зарим нь зориулалтын бус байранд ажиллаж байсан. Задгай талбайд үйл ажиллагаа явуулж буй хүмүүс бол бүгд зөвшөөрөлгүй. Эрүүл ахуйн тухай хуулиар тэдэнд хариуцлага тооцож болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.