Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Чи минь хаана явна вэ”

“ТЭХИЙН ЗОГСООЛ”

Хэд хоногийн өмнө Зайсангаас хороолол орохоор өглөө 08.03 цагт автобусны зогсоолд ирлээ. 20 гаруй хүн унаа ирэх зүг рүү “гөлрөн” зогсоно. Хагас цаг боллоо, ганц ч автобус явсангүй, өгсөх, уруудах хоёр урсгалдаа. Энэ хооронд нэг, хоёроор нэмэгдсээр “болзоонд зогсох” хүний тоо бараг 40 шахлаа. Цаг 08.45 болоход гурван автобус шил даран өгсөж айсуй. “Ашгүй дээ” гэж зарим хүн уулга алдахад “Эцсийн буудлаасаа эргээд энд иртлээ удах байлгүй” гэж түрүүнээс хойш такси барих гээд аргаа барсан хоёр залуу үл итгэсэн, ундууцсан янзтай дуугарав. Юутай ч, хөл дүүжлэх унааны бараа харагдсанд хүмүүс баярлана. Нөгөөх гурван автобусны араас дахиад дөрөв өгслөө…Ашгүй эхнээсээ ирлээ дээ, олон хүний хүссэн “залуу”.

Удаан хүлээсэндээ бухимдсан хүмүүс автобусны хаалгаар ороод л жолоочид “үг хаяж” буй нь гадаа хоцорсон хэдэд сонсогдоно. “Тэхийн зогсоол” дээрээс хүмүүс явсаар долоо, найм нь үлдлээ. Энд тэндээс ганц хоёроор нэмэгдэж ирсээр дахиад л 20 орчим хүн буудал дээр “манаанд” гарлаа. Тэдний олонх “3, 4 дүгээр хороолол-Зайсан” чиглэлийн автобус хүлээж буй миний өрөөсөн. Энэ хооронд Дэнжийн 1000Зайсан, СүлжмэлЗайсан, ГачууртЗайсан чиглэлийн унаа ганц нэг л явав. Тэр өглөө нэлээд жиндүү байсныг хэлэх үү, даарч бээрсэн хүмүүс “харуулд” зогсохдоо муу үгээ барсан. Ямар сайндаа л “Автобуснууд эцсийн буудалд очоод хаягаа сольчихдог юм болов уу, эсвэл чиглэлээ өөрчлөөд явчихав уу” гэхчилэн хардах нэгэн ч байсан. Хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн хэд хэдэн хүн хүлээж дийлэхээ болиод такси барих гэсэн ч мөн л зангууны үлгэр болсон, хөөрхий.

Нэг цаг гаруй хүлээсний эцэст 09.07 минутад 12хххх дугаартай “Ч52. 3, 4 дүгээр хороолол-Зайсан” гэсэн хаягтай автобус ирэхэд бидний хэдэн нөхдийн нар гарав аа. Тэвч тэгвэл ялна гэдэгчлэн тууштай хүлээсний эцэст нийтийн унаанд суусан “азтай” иргэн би жолоочоос удсан учир шалтгааныг нь асуухад “Түгжрээд байхад би яах юм бэ” гэж зандрав. Ингээд зогсохгүй ирсэн нь их юм гэсэн маягтай үг хэлж, ажлаасаа хоцорсон, даарч бухимдсан хүмүүсийн урмыг хугалах нь тэр. Зам үнэхээр түгжрэлтэй байгааг мэдэж байгаа болохоор хүмүүс тэгсхийгээд чимээгүй болоход жолооч Г хэмээх эр хэн нэгэнтэй утсаар ярьж “Энд хүмүүс намайг загнаад” гээд л ховлов.

Автобус “өнхөрсөөр” дараа дараагийн буудалд хүрч, тэр бүрт хүмүүс мөнөөх л “Ямар уддаг юм бэ” гэсэн жижүүрийн асуултыг жолооч руу “шиднэ”. 120ын буудалд зорчигчид ёстой л багширч байлаа. Нэг эмэгтэй Ч52 чиглэлийн автобусыг 1.25 цаг хүлээжээ. Хүүхдийн эмч тэрбээр “Унаа хүлээгээд ажлаасаа хоцрох нь хэвийн үзэгдэл боллоо. Автобусны буудал дээр чиглэлийн мэдээллээс гадна цагийнх нь хуваарийг бичсэн самбар байршуулах хэрэгтэй” хэмээн толгой сэгсрэв.

Энэ бол нийтийн тээврээр үйлчлүүлдэг нийслэлчүүдийн ганц өглөөний дүр зураг, улаанбаатарчуудын түгээмэл зовлон. Өнгөрсөн долоо хоногт гурван өдөр зориуд автобусны буудлуудаар явж иргэдийн үгийг сонслоо. Офицеруудын ордон, Нарны хорооллын өмнөх зам, III, IV хороолол, Дэнжийн 1000, 100 айл. Хаана ч очсон “Автобусны жолооч нар ажил хаячихсан юм уу. Арай дэндүү удаан хүлээлээ. Өвөл яана даа. Нийтийн тээврийнхнээс болж ажлаасаа халагдах шахаж байна” гэхчилэн дандаа л бухимдсан үг сонсов.

Хүмүүс автобус хүлээгээд хагас цаг болохыг юман чинээ тоодоггүй аж. Жолооч нар зорчигчдын тархийг угааж, автобус хоорондын хугацаа (дараагийн унаа ирэх хүртэлх хугацаа буюу албаныхны хэллэгээр интервал) 30 минут гэж тайлбарладаг учраас тэр. Түрүүн дурдсан Ч-52 чиглэлийн “хов” зөөдөг жолооч эл хугацааг бүр 37 минут байдаг гэж ухуулсан. Гэтэл хот доторх үндсэн чиглэлийн автобуснуудын интервалыг дунджаар 8-10 минут байхаар зохицуулсан журам байдаг аж. Эл журмаа мөрддөг бол хүмүүс хугацааг тооцоолон гэрээсээ гарч, нийтийн унааг нүдээ ширгэтэл харж, хүлээж зогсохгүй байх боломжтой. Харамсалтай нь, замын түгжрэл, жолооч нарын хэнэггүй, дураараа байдал зэргээс шалтгаалан бид хагас цаг автобус хүлээсэн ч инээгээд л өнгөрдөг болжээ.

Хэвлэл, мэдээллийнхэн нийтийн зорчигч тээврийн унааны үйлчилгээ, жолооч нарын ёс зүй, харилцаа, соёлын талаар бишгүй л хөнддөг. Хүн тээвэрлэж яваа жолооч утсаар ярьдаг, бохир заваан байдаг, бүхээгтээ тамхи татдаг, зорчигчдыг хурдан сууж, буухыг тушаадаг, зогсоолд хүрээгүй байж “Буухад бэлтгэ” гэж командалдаг, үүнээс үүдэн ямар осол гарсныг хүртэл хөндөж л байсан. Тэглээ гээд үнэндээ энэ салбарын үйлчилгээнд дорвитой өөрчлөлт гарч, ахиж дэвшсэн нь үгүй. Асуудал хөндсөн сурвалжилга, нийтлэлийн дараа Монголын хууль гурав хоног гэдэгчлэн хэдэн өдөр “засраад”, эргээд л бахь байдагтаа шилждэг нь өнөөдөр энгийн үзэгдэл болов. Хүмүүсийг чирэгдүүлдэг, удаан хүлээлгэдэг нийтийн зочигч тээврийн жолооч нар хамаг бурууг авто замын түгжрэл рүү чихдэг, үүнийг удирдлагууд нь хүлээн зөвшөөрч ямар ч арга хэмжээ авахгүй “дүлийрдэг” байдлаасаа хэзээ салах вэ. Энэ асуултыг тус салбарыг удирддаг хүмүүс, нийслэлийн ЗДТГ болон Тээврийн газар, нийслэлийн Замын цагдаагийн албаныханд дахин тавья. Бид соёлт нийгмийн боловсон үйлчилгээг хэзээ мэдрэх вэ, дарга нар аа.

АЛБАНЫХАН АРГАА БАРЖЭЭ

Урд талдаа “Нийслэлийн өдрийг угтсан нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх аян” гэсэн гоё үгтэй уриа хадсан автобуснуудын дотор “Иргэдийн оролцоотой хяналтыг сайжруулах жил” гэж бичсэн байгааг зорчигчид андахгүй. Олон нийтийн оролцоо гэдгийг чухам юу гэж ойлгох вэ. Зүй бус үйлдэл гаргасан жолоочийг, удаан хүлээлгэсэн автобуснуудыг удирдлагад нь хэлээрэй гэсэн үг үү. Тэгж ойлгоод зорчигчид энэ салбарынхны талаар өчнөөн гомдол, санал, хүсэлтээ “11 11” төв рүү утасдаж, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Тээврийн газрын фэйсбүүк хуудсанд бичжээ. “Баярлалаа, талархлаа” гэсэн үгтэйг нь олж уншсангүй. “Хүлээлээ, хүрэлцэхгүй байна, хэцүүдлээ” гэсэн үг цуварчээ. Тэглээ гээд “Таны гомдол, хүсэлтийг ингэж барагдууллаа” гэсэн хариулт авсан нь хэд бол.

Иргэдийн нүдийг “ширгээдэг” автобуснуудыг түгжрэлээс ангижруулах тал дээр ямар арга хэмжээ авч буйг холбогдох газруудаас тодруулсан ч шинэ гэчихмээр мэдээлэл алга. Үнэндээ бол шийдэж, санаачилж, хэрэгжүүлэх ёстой албаныхан, мэргэжилтнүүд аргаа барсан бололтой юм. “Ажил, цэцэрлэг, сургууль эхэлж авто зам хамгийн ачаалалтай байдаг өглөөгүүр түгжрэлийг сааруулах зорилгоор цагийн хуваарьт зохицуулалт хийх боломжтой эсэх, яавал автобуснуудыг бөглөрөлд саатахгүй болгох вэ” гэж асуухаар өөдөөс “Наадах чинь л толгойны өвчин, салбарын тулгамдсан асуудал” гээд л өнөөх хэлдгээ, өмнө нь ярьж байснаа л давтах юм.

Юутай ч, нийслэлийн Тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Баяртын ярьснаар, одоогийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр хот орчмын 86 чиглэлд угсраа болон их, дунд багтаамжийн автобус, троллейбус гэсэн нийт 941 тээврийн хэрэгсэл үйлчилж буй нь хүрэлцээ, хангамжийн хувьд боломжийн хэмжээ бөгөөд харин замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл хэмээх гол шалтгаанаас болж цагийн хуваарийг мөрдөх нь тулгамдсан асуудал болсон гэнэ. Тус газар 21 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд тэдгээр нь 1196 тээврийн хэрэгсэлтэйгээс өдөр тутамд 941-ийг нь үйлчилгээнд гаргадаг юм байна. Оргил цагуудад нэмэлтээр автобус гаргах боломжгүй гэдгийг Э.Баярт дарга аж ахуйн нэгжүүд зардлын санхүүжилтэд шилжсэнтэй холбон тайлбарлав. Төсөвт баригдаад унааны тоог нэмэх боломжгүй байгаа бол замын түгжрэлд нэрмээс болдог, бүр тодруулбал автобустай эгнээ булаацалдан явдаг тээврийн хэрэгслүүдийг зохицуулах, мөрдөөд хэвшил болчихсон буюу автобуснууд нэгдүгээр эгнээгээр зорчих дүрэм журмын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьдаг талаар нь асуухад “Автобуснууд нэгдүгээр эгнээгээр зорчдог нь хэвээр байгаа. Замын хөдөлгөөнийг зохицуулах, түгжрэлийг бууруулах нь манай байгууллагын үндсэн чиг, үүрэг биш. Энэ чиглэлээр ажилладаг нийслэлийн Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөнтэй бид өдөр тутамд хамтардаг” гэлээ.

ЗАМЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЁСТОЙ

Өнөөдөр хүмүүсийг хамгийн их бухимдуулж буй авто замын ачаалал, түгжрэл, үүнээс улбаалан удаан хугацаанд унаа хүлээдэг явдлыг тодорхой хэмжээнд сааруулах арга, зам байгааг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагынхан болон зарим мэргэжилтэн, иргэд ярьдаг. Наад зах нь улсын бүртгэлд шинээр нэмэх тээврийн хэрэгсэлд тодорхой квот тогтоох ёстой. Жил бүр дунджаар 30 мянган тээврийн хэрэгсэл улсын бүртгэлд шинээр бичигддэг гэсэн статистик бий.

Нийтийн тээврийн автобуснуудыг богино эргэлтээр явуулбал хүлээлт үүсэхгүй гэдэг. Хотын нэг захаас нөгөө рүү явахад цаг их зарцуулна. Мэдээж, тэр хэрээр хүлээгдэнэ. Тэгэхээр эргэлтийг богиносгож, автобусны тоог нэмэхгүй л бол нэмэргүй.

Өөр нэг гаргалгаа бол хотын захын авто замуудыг сэтэлж, нэвтрүүлэх чадварыг нь нэмэгдүүлэх явдал. Энэ бол хамгийн чухал гэдгийг замын цагдаагийнхан болон олон улсын шинжээчид хэлдэг. “Өнөөдөр” сонин энэ талаар хэдэнтээ хөндөж байсан билээ.

Манайхан энэ аргаар нэлээд хэдэн замаа сэтэлсэн ч нийслэлийн захын дүүргүүдийнхийг орхидог. Ингэснээр төвөөр дайран өнгөрөх ачаалал буурахгүй байна. Жишээ нь, I хорооллын ар хэсэгт, бага зайд тавьсан замыг XXI хорооллынхтой холбовол Толгойт руу явахад заавал хотын төвөөр дайрах шаардлагагүй болно. Мөн Монелын уулзвараас Баянзүрх дүүргийн ХХI хороо буюу Дарь-Эхтэй холбосон авто зам тавьчихвал Цайз 16, 100 айл орчмын зам дээр ачаалал 20-30 хувь буурах боломжтойг судалгаагаар тогтоосноо нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан ярьдаг.

Зарим мэргэжилтний хэлж буйгаар нийслэлд үйлчилдэг автобусны тоо хүрэлцээгүй аж. Хэдийгээр албаныхан тооны хувьд хангалттай гэдэг ч бодит байдалд унааны хүрэлцээ бага гэж иргэд гомдоллодог. Нийслэлийн хэмжээнд явж байгаа 941 автобусыг 86 чиглэлд хуваахад нэгд нь 10-11 ногдож байна. Энэ үнэхээр хангалттай байж чадах уу.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өнгөрсөн наймдугаар сард болсон Удирдлагын зөвлөлийнхөө хурлын үеэр яг энэ талаар хөндсөн. Тэрбээр “Автобусны тоог олшруулж, явах чиглэлийг нэмэгдүүлж, рейсийг нь богиносгох зайлшгүй шаардлагатай” гээд холбогдох газруудыг судлахыг үүрэг болгосон. Мөн автобусны парк шинэчлэл хийж, одоо үйлчилгээнд явж буй “унгадаг” болон салж унах шахсан 200 гаруйг нь жагсаалаас гаргаж, мөн тооныхыг шинээр оруулж ирнэ гэсэн. Энэ удаа эл сэдвийг хөндөхгүй ч гэсэн дашрамд дуулгахад, хар утаа хаядаг унааг бараг хоёр сарын өмнөөс явуулахгүй журам гаргалаа энэ тэр гэсэн ч өнөөдөр өнөөх хэд нь “унгас алдаад” давхиж л байна. Авто замын ачаалалд нэрмээс болдог, засаж залруулахад тун энгийн нэг асуудал бол нийтийн тээврийн унааны зогсоолыг эзэлдэг хувийн тэрэгнүүд. Уг нь тэгж “түрэмгийлэхийг” хориглосон журам гаргаад, түүнийгээ нэг хэсэг сайхан мөрдсөн сөн. Үнэндээ бол ийм байдлыг аль ч зогсоолоос харж болох ч албаны зарим хүн “Тэгж зогссон жолоочийг торгодог болсноос хойш гайгүй л болсон доо” гэж мэдэн будлих. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн өмнөх удирдлага авто замын нэгдүгээр эгнээгээр автобус, тусгай зориулалтын такси явуулах захирамж гаргасныг одоо ч мөрдөж буй. Гэхдээ хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид автобусны буудлын халаас, замын нэгдүгээр эгнээнд зогсох зөрчил нэлээд гардаг. Үүнд замын цагдаагийн алба хаагчид байнга хяналт тавьдаг. Нэгдүгээр эгнээнд зогсохыг хориглосон тэмдэг байрлуулсан. Үүнийг зөрчсөн тохиолдолд торгож байгаа” гэлээ. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн ЗДТГ болон бусад байгууллагатай хамтран гэрэл дохиог сайжруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр шат дараалсан арга хэмжээ хэрэгжүүлж буй талаар ярилаа.

Үнэндээ бол замын наад захын тэмдэг, тэмдэглэгээ тавих төсөвгүй Замын цагдаагийн алба түгжрэлийн хамаг бурууг үүрдэг нь жирийн иргэн миний хувьд дэндүү өрөөсгөл санагддаг. Угтаа бол нийслэлийн ЗДТГ, Тээврийн болон Авто замын хөгжлийн газар, цаашлаад төр, засгийнхан ч хүч хавсран энэ асуудлыг шийдэж, бодлого боловсруулах ёстой.

Би өнөөдөр өглөө азтай байлаа. Ням гариг, тэгээд өглөө эрт болоод тэр үү, “болзоот залуу” минь бага хүлээлгэлээ. Ердөө 20 минут. Автобус хүлээж, чилж зогсдог хүмүүсийн хувьд тун ахар хугацаа.

Нийтийн тээврээр зорчдог иргэдэд өдөр бүр тулгардаг хүлээхийн зовлон, түүнээс үүдэлтэй бухимдлыг дайж, ийм чирэгдлийг хэрхэн бууруулах талаар албаны хүмүүсээс асууж явахдаа “Бороо орж ч магадгүй, орохгүй ч байж мэднэ. Юутай ч шүхэртэй яваарай” гэсэн егөөтэй зөвлөгөө шиг хачин, мэдэн будлисан, үл мэдсэн үг өгүүлбэр нэлээд сонссон. Үүнээс үүдээд нийтийн тээвэр царайчилдаг нийт зорчигчдодоо ингэж хэлье. Ямартай ч автобусны зогсоол хэмээх болзоот газартаа очоод, хүлээгээрэй. Автобус ирж ч магадгүй, ирэхгүй ч байж мэднэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on ““Чи минь хаана явна вэ”

  • xx says:

    bidnii songoson tur min shuu dee. batboldiin ajiliin neg uzuulelt

  • Зочин says:

    Энэ жаахан давсалсан мэдээлэл байна. 120-н буудал дээр 3-4-р хороолол Зайсан гэсэн автобус ирэхгүй бол 3-4-р хороолол БММЗ гэсэн автобус бас ирдэг юм. 120-с хороололруу сонголттой шүү. Муу л бол хэдэн жолоочруугаа чихэж байхаар замын түгжирлээ зохицуулалдаа. Явж явж замын түгжирэл гэдэг юм бүх юмны асуудал болоод байна. 1-р эгнээгээр зөвхөн автобус явдаг байхад таксинд сууснаас автобусанд суувал хурдан байдаг байлаа. Өдрийн цагаар халтуурчид хүртэл 1-р эгнээ торгоод явуулахгүй гээд өдөр бараг гардаггүй байсан. Зарим хүмүүс автобус нь хурдан гээд ойр зуур машинаа тавиад явдаг үе байсан. Тэр үед замын ачаалал ч арай гайгүй автобус ч нэг их уддаггүй ирдэг байсан юм шүү. Харамсалтай нь одоо 1-р эгнээг цагдаа нар тоохоо байсан байна лээ.

  • Зочин says:

    үнэн юм бичжээ. бүх чиглэлд явж байгаа нийтийн тээврийн нийтлэг дүр төрх. Орой бүр ч их хүлээнэ. 2 цаг бол энүүхэнд. Одоо ингэж байгаа юм чинь өвөл яанаа. Жолооч нар нь энэ тухайгаа компанийн удирдлагадаа хэлээд жаахан өөрчилж болдоггүй юм байх даа.

  • Цахар says:

    Автобусны жолооч нарын тамхи татах нь хэрээс хэтэрлээ. Хуулиа мөрддөггүй танхай, бүдүүлэг жолооч нартаа арга хэмжээ авахыг шаардаж байна. Хүлээж хүлээж нэг юм автобусанд суумагц, жолооч нь тамхи татаад хордуулаад, түүнийгээ юман чинээ санахгүй болоод удаж байгааг нийтийн тээврийн удирдлагууд анхааралдаа авч, арга хэмжээ аваач ээ