Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цоорхой гавлын “нууц”

Орчин цагт анагаах ухаан ямар өндөр түвшинд хүрснийг генийн судалгаанууд, эрхтэн шилжүүлэх мэс заслуудаас харж болно. Энэ цаг үед тархи, толгой шилжүүлэхээс бусад мэс заслыг хийж чаддаг болсон гэхэд хилсдэхгүй. Ийм хөгжил дэвшлийг 100 жилийн тэртээд уран зөгнөл гэдэг байлаа. Гэтэл үнэндээ хүн төрөлхтөн хэдэн мянганы өмнө өдгөө ч хэцүүд тооцогддог тархины мэс засал хийдэг байжээ. Гэхдээ мэдээж, одоогийнхон шиг лазераар зүсэж, гоо сайхныг нь давхар анхаарч байгаагүй нь гайхамшигт олдворуудаас илт. Итгэхэд бэрх ч гэлээ тухайн цагт хүний гавлын ясыг нүхлэн эмчилгээ хийдэг байж.

Ийм эмчилгээг орчин үеийн анагаах ухаанд трепанац буюу яс цоолох хэмээдэг. Энэ нь трипанон /өрөмдсөн яс/ хэмээх грек үгнээс гаралтай юм байна. Трепанац гэдэг нь гавлын ясыг өрөмдөх, эсвэл хусах замаар хэсэгчлэн хувааж, салгах үйл явц юм байна. Эрт цагт гавлын ясыг нүхлэн салгахдаа зөөлөн эдийг нь гэмтэхээс хүртэл сэргийлдэг байсан нь гайхамшиг хэмээн мэргэжилтнүүд онцолсон байдаг. Ер нь энэ төрлийн олдворыг анх францчууд XVII зуунд нарийвчлан судалж эхэлжээ. 1685 онд түүхч Бернар де Монфокон Кошерелоос илрүүлсэн гавлын ясыг судалсан гэдэг. Тухайн үед тийм хачин зүйлийг ойлгож, хүлээн авахад хүмүүний ухаан хүрэхгүй байсан бололтой. Нийгэм нь төдийлөн хүлээн аваагүй аж. Үүнээс 100 гаруй жилийн дараа 1816 онд Францын газарзүйч Жан-Дени Барбье дю Бокаж хэмээх хүч Ножан-ле-Вьержийн нутаг дэвсгэрээс өөр нэгэн “цоорхой” гавал олж, судалжээ. Түүний олж тогтоосноор тухайн хүнийг амьд ахуйд гавлын ясыг нь цоолж, эмчилгээ хийсэн байж. Тэгтэл энэ явдлаас хойш удалгүй франц археологичид нэг дороос хэдэн зуун араг яс илрүүлснээс 40-ийнх нь гавал аль нэг хэсэгтээ цоорхой байжээ. Тэдгээр ясны эздийг 4000-5000 жилийн тэртээд амьдарч байсныг тогтоосон байна.

Иймэрхүү цоорхой гавлын яс Перугаас цөөнгүй олджээ. Мөн Орос, Африк, Полинезийн арал, Хятад, Өмнөд Америкаас ч олдсон байдаг. Эрдэмтдийн тогтоосноор эрт цагт трепанац хийлгэсэн хүмүүс багадаа нэг жил амьдарсан байдаг аж. Тэгэхээр тухайн үед энэ төрлийн мэс заслыг үнэхээр өндөр түвшинд, чадварлаг хийж байсныг илтгэнэ.

Өөр нэг сонирхолтой зүйл нь, ийм эмчилгээний дараа тархины яс нь бага боловч нөхөн төлжснийг илтгэх хэд хэдэн олдвор байдаг гэнэ.

Неолитийн эрин буюу МЭӨ 3500 онд толгойны ясыг нүхлэн эмчилдэг байсныг гэрчлэх нэгэн олдвор Швейцарийн Лозанне хотын Байгалийн түүхийн музейд бий. Одоогоор энэ төрлийн хамгийн эртний олдвор болох гавлыг Францын Энсисхайме хэмээх газраас илрүүлсэн бөгөөд МЭӨ 5100-4900 онд хамаарах гэнэ.

Ийм олдворууд “Яагаад” гэсэн асуулт дагуулдаг. Тэгэхээр хэдэн мянганы тэртээд хүний гавлыг яах гэж цоолдог байв. Зарим судлаачийнхаар бол толгой нь байнга өвддөг, эсвэл хийрхдэг зэрэг сэтгэцийн эмгэгтэй хүнд ийм эмчилгээ хийж, тархины даралтыг нь буулгах зорилгоор цоолдог байсан. Мөн тухайн хүний биед шүглэсэн муу зүйлийг гаргахын тулд тэргүүнийг нь “нээдэг” байсан гэх. Харин харьцангуй сүүлд буюу хэдэн зууны тэртээд шинжлэх ухаан тодорхой шатанд хүрсэн үед толгойдоо гэмтсэн хүнийг трепанацын аргаар эмчилдэг болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.