Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Эзэнмөнх: Эцгийн хайрыг богинохон хугацаанд амссан болохоор үр хүүхдээ халамжаар дутаахгүйг хичээдэг

Инээд бол элэгний эм гэдэг. Хамгийн ардчилсан урлаг болох хошин урлагийн түүчээ болон зүтгэж, үзэгчдийн “элгийг эмчилж” буй “Эмоци” продакшны жүжигчин, “9009”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Гурван найз” зэрэг дэлгэцийн уран бүтээлд чадварлаг тоглож үзэгчдийн танил болсон Г.Эзэнмөнхтэй ярилцлаа.

-“Эмоци” продакшны уран бүтээлчид “Гоё өдөр” шоу тоглолтоо Улаанбаатар хотын үзэгчдэд толилуулчихаад орон нутгаар аялан тоглоно гэсэн үү?

-Өнөөдөр (өнгөрсөн баасан гариг) “Гоё өдөр” тоглолтын хаалтын өдөр. Маргаашнаас аялан тоглолт эхэлнэ. Энэ удаа зүүн аймгийн үзэгчдэд тоглолтоо хүргэх юм.

-Сар гаруйн турш сургуулилалт хийж, мөн тийм хугацаанд орой бүр тоглолтоо хүргэдэг болохоор хаалтын орой л нэг сайхан гүнзгий амьсгаа авдаг байх даа?

-“Гоё өдөр” тоглолт 33 өдөр үргэлжиллээ. Хошин урлагийн отгон продакшн болохоор ч тэр үү манайх залуу уран бүтээлчдээс бүрдсэн. Тиймээс тоглолтдоо нийгэм рүү хэт хандсан сэдэвтэй үзүүлбэр тэр бүр багтаадаггүй. Харин сонирхолтой, содон энтертайнмент үзүүлбэрүүд багтаахыг хичээдэг. Үргэлжлүүлээд аялан тоглох болохоор амьсгаа дээгүүр л байна.

-Жил ирэх тусам үзүүлбэрийн санаа олоход хэцүү болж байгаа харагддаг. Энэ нь хошин урлагийн олон хамтлаг, продакшн тасралтгүй шинэ тоглолт хийж буйтай холбоотой байх.

-Тийм асуудал гардаг шүү. Нэг санаа олоод л түүнийгээ хэлэхэд “Өө наадахыг чинь тэднийх хийчихсэн, эднийх тоглочихсон” гэнэ.

-“Нийгэм нь булингартсан улсад хошин урлаг өндөр хөгжсөн байдаг” гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Эсэргүүцэх, дургүйцэх хүн байгаа л байх. Харин би санал нийлдэг. Улс төр нь догонцож, эдийн засаг хямарсан байгаа нь үнэн шүү дээ. Үүнийг уран бүтээлчид уран сайхны хэлбэрт оруулан, ёжилж, ёгтолж үзэгчдэд хүргэж байгаа.

-Та “Эмоци” продакшнд орохынхоо өмнө дэлгэцийн хэд хэдэн кинонд тоглосон. Яагаад хошин урлагт хөл тавихаар шийдсэн юм бэ?

-О.Тэмүүжин бид хоёр СУИС-ийн нэг ангийнх. Бид “Боловсрол” суваг телевизийн “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит кинонд хамт ажилласан. Тэр үед “ХТҮЦ” продакшнаас өрх тусгаарлаж, шинэ бүрэлдэхүүн бүрдүүлж буй тухайгаа хэлээд хамтрах санал тавьсан юм. Би саналыг нь дуртайяа зөвшөөрсөн. Уг нь сургуулиа төгсөөд театрт орно гэж боддог байлаа. УДЭТ-ын гурван уран бүтээлд гэрээгээр тоглож байсан. Гэхдээ би өөрөө хошин урлагт илүү дуртай л даа. Оюутан байхдаа Гавьяат жүжигчин Б.Туяа эгчтэй хамт ихэнх аймаг, суманд тоглолт хийсэн шүү дээ.

-СУИС-ийг хамт төгссөн танай ангийнхны олонх нь энэ урлагт ажилладаг байх аа?

-“Авьяаслаг монголчууд” шоуны хөтлөгч, жүжигчин Г.Анхбаяр, “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, Э.Алдар, “ХТҮЦ”-д байсан А.Туяа, “Шинэ үе”-ээр овоглож байсан Ц.Алдармаа, УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг, “Гурван охин” хамтлагийн дуучин, жүжигчин Г.Анхмаа бид нэг анги. Бүгд л эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна.

-Та мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ “Монгол шуудан” ХК-д ажилладаг юм билээ. Аль нэгийг нь цалгардуулалгүй ажиллахын тулд байнга завгүй гүйдэг байх.

-“Монгол шуудан” ХК-ийн Бизнес, хөгжлийн хэлтсийн зар сурталчилгаа, идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Аль аль ажлаа амжуулна л даа. Боломжгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Залуу хүн ядрах, шантрахыг хойш тавьчихаад л ажиллаж байгаа. Хааяа ядраад нүд анилддаг л юм. Ажлаа тараад л тоглолтын бэлтгэлтэй. Ид сургуулилалтын үеэр жаахан хэцүү. Ажлын хамт олон минь их сайн ойлгож, дэмждэг болохоор болоод л байна. Цаг завгүй ажилладаг миний хамгийн том түшиг бол хань минь шүү дээ. Ханьдаа баярлаж явдгаа энэ дашрамд хэлье. Урлагийн хүний хань байх хэцүү шүү. Маш их тэсвэр тэвчээр шаардана.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Ханийг минь Уянга гэдэг. МУИС-ийг физик, мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн. Энгийн, даруухан бүсгүй бий. Бид Есүй-Үжин гэж хөөрхөн охинтой.

-Ажлынхаа хажуугаар өөртөө чөлөөт цаг гаргаж чаддаг уу. Тэр үедээ юу хийх дуртай вэ?

-Гаргахыг хичээдэг. Амралтаа гэртээ л өнгөрөөх дуртай.

-Хүнд ажлын ачаалал, гаднын хүчин зүйлээс шалтгаалж бухимдах үе бий. Та хэр түргэн ууртай вэ?

-Их түргэн ууртай. Гэхдээ тэр хэрээр уур хурдан гарчихдаг.

-Жүжигчин мэргэжил эзэмшээд 10 жил болжээ. Энэ хугацаанд хэчнээн дэлгэцийн уран бүтээлд тоглож амжив?

-2007 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагчийн “Үхэж үл болно, Чингис хаан” кинонд ажиллах том боломж олдсон. Туслах найруулагчаар ажилласан юм. 2009 онд “Nехt” студи “9009” нэртэй уран сайхны кино хийсэн. Энэ кинонд анх тоглосон. Харин дэлгэцийн олон ангит киноны хувьд “Хувь тавилангийн ээдрээ” анхных байлаа. Дараа нь “Эмоци” продакшныхаа хийсэн “Гурван найз” олон ангит, “Гурван найз: Яасан байх нь уу” уран сайхны кинонд ажилласан. Хамгийн сүүлд “Номадиа” фильмийн “Гурван найз: Эргэж ирсэн нь” кинонд тоглолоо.

-“Гурван найз”-ын түүх цааш үргэлжлэх болов уу?

-“Гурван найз” 40 ангит телевизийн киног “Боловсрол суваг” телевизийнхэн манай продакшнд санал тавьсны дагуу хамтран бүтээсэн. Дараа нь “Гурван найз: Яасан байх нь уу”-г хийсэн. Хоёр жилийн дараа “Гурван найз: Эргэж ирсэн нь” киног үзэгчдэд хүргэлээ. Одоогоор үргэлжилнэ, эсвэл үгүй гэж хэлж чадахгүй нь. Хэрэв үзэгчдэд таалагдаад, уран бүтээлчид тохиролцвол үргэлжлүүлэх байх.

-Дэлгэцийн уран бүтээлийн санал хэр авдаг вэ. Давхар ажил хийдэг болохоор тэр бүр тоглож амжихгүй байна уу?

-Санал ирэх нь ирдэг л юм. Ямар хүмүүс хийж байгаа, кино зохиол ямар байна вэ гэдгийг харж байгаад л шийддэг. Яагаад ч юм надад ихэвчлэн уянгын юм уу адал явдалт киноны санал ирдэг. Дийлэнх нь эсрэг дүр. Сүүлийн үед маш олон кино гарч байна. Тааралдсан болгонд орж ажиллахыг бас хүсэхгүй л байна.

-“Хувь тавилангийн ээдрээ” олон ангит кинонд тоглосноос тань хойш эсрэг дүрийн санал түлхүү ирдэг болсон уу?

-Магадгүй л юм. “Боловсрол сувал” телевизийн “Хувь тавилангийн ээдрээ” маш сайн кино болсон. Өөрөө тоглосон болохоор ингэж хэлж байгаа юм биш. Киноны зохиол сайны дээр найруулагч, жүжигчид, арын албаныхан маш сайн нэгдэж ажилласан. Киноны хөндсөн сэдэв, хамрах хүрээ маш сонирхолтой.

-Тоглохыг хүсдэг дүр бий юү?

-Би Холливудын алдарт жүжигчин Том Хэнксийг шүтдэг юм. Түүний тоглосон “Арал дээр ганцаараа” киног хэд ч үзээд уйддаггүй. Яг тэр кино шиг уран бүтээлд тоглож, чансаагаа сорихыг хүсдэг. Жүжигчин хүний авьяас, ур чадварыг тийм төрлийн кино л илүү шавхах мэт санагддаг.

-“MN-25 дугаар суваг” телевизийн “Дуэт & дуэль” нэвтрүүлэгт оролцож, мундаг дуулдаг гэдгээ харуулаад авсан байх аа?

-Дуулах дуртай. Манай аав, ээж ч их сайхан дуулдаг. Урлагийн хүмүүс биш л дээ. Ээж минь шанз, хуучир, гитар, мандолин хөгжмөөр сайн тоглодог юм.

-Ингэхэд та хаана төрж, өссөн хүн бэ?

-Аав минь Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн. Би уг нь Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ Дорноговьт өссөн юм. Хүүхэд насаа тэнд л өнгөрүүлсэн дээ. Сүүлд манайх Замын-Үүд рүү нүүсэн юм.

-Нутаг руугаа хүлгийн жолоо хэр ойрхон залдаг вэ?

-Аялан тоглолт далимдуулж л очно уу гэхээс өөрөөр амжихгүй юм. Энэ жил наадмаар очсон. Энэ удаа “Гоё өдөр” тоглолтоо нутагтаа мөн хийнэ.

-Багадаа хөдөлгөөнтэй, дэггүй хүү байв уу?

-Дунд сургуулийн сурагч байх үеэсээ л урлагт дуртай байв. Дэггүй гэхээсээ илүү нийгмийн идэвх сайтай хүү байлаа. Шинэ жилээр алиалагч болно. Бүжиглэдэг, дуулдаг, ямар л уралдаан болно оролцчихсон л явдаг. “Яргуй” хүүхдийн наадамд байнга оролцдог байв. Замын-Үүдээс ганц чемодантай хувцсаа бариад л оюутан болохоор хотод ирж байв. Тухайн үед хонгоо давсан урт үстэй байлаа. УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү ахаар бэлдүүлж, СУИС-д шалгуулсан юм. Шалгалтын дүн гарч, тэнцсэн хүүхдүүдийн нэрийг жагсаагаад СУИС-ийн цонхон дээр наасан байв. Өөрийнхөө нэрийг хайгаад олдоггүй ээ. Цаана нь тэнцсэн хүүхдүүд баярлалдаад л. Би “Одоо ингээд өнгөрлөө. Замын-Үүдэд очиж, УАЗ-469 барихаас” гэж бодов. Итгэж ядаад дахиад сайн хартал дээрээсээ хоёрдугаарт миний нэр байдаг юм даа. Ингэж л хүссэн сургуульдаа орсон.

-Хэзээ нэг өдөр багадаа алдсан аавдаа зориулж уран бүтээл туурвина гэж байснаа та биелүүлжээ. Таны дуулсан “Аавдаа” дуунд олон хүн дуртай юм билээ.

-Аав минь 33 настайдаа бурхан болж, би 11 настайдаа гурван дүүтэйгээ, ээжтэйгээ өнчирч үлдсэн дээ. Мэргэжлийн уран бүтээлч болсноосоо хойш л аавдаа зориулж уран бүтээл хийх юмсан гэж хүсдэг байлаа. Үгийг нь өөрөө бичиж, дуулсан. Надтай ижил амьдрал туулсан, аавыгаа санасан хүмүүст энэ дуу их таалагдсан байх.

-Амьдралдаа эгзэгтэй шийдвэр гаргах, хамгийн баяртай үе бүхэнд аавыгаа үгүйлдэг байх. Хэзээ хамгийн их санаж байв?

-Санаж, шаналах үе зөндөө байлаа. Урмын сайхан үг сонсмоор санагдана, ухаан ортлоо алгадуулахсан гэж хүснэ. Эцгийн хайрыг богинохон хугацаанд амссан болохоор үр хүүхдээ хайр халамжаар дутаахгүйг хичээдэг юм.

-Ааваасаа хойш ээжийнхээ түшиг болж үлдсэн учраас багаасаа хэрсүүжсэн байх. Та хэр сайн ах вэ?

-Айлын ууган хүүхэд бүр л хэрсүү өсдөг байх. Сайн ах байхыг л хичээдэг. Өөрөө хэлж мэдэхгүй юм. Аавыг өнгөрснөөс хойш ээждээ л дэм болохыг чадах ядахаараа хичээдэг байлаа. Тэрсхэн дөрвөн хүүхэд хөтлөөд үлдсэн хүн шүү дээ. Дунд ангиасаа эхлээд л хар бор ажил хийсэн дээ. Талхны үйлдвэрт өрөгч хийдэг байв. Дамжлага дээгүүр талх өрж тавиад, гологдол гарвал ялгаж авна. “Гологдол гараасай, тавиур дээрээс уначихаасай” гэж боддог байв. Хагарсан, хугарсан гологдол талхаа аваад л харина даа. Замаараа нарийн боовны цехээс цөцгийн тос, элсэн чихэр авчихна. Нөгөөдүүлээ хямгадаж, хоёр өдөрт хүргэнэ. Замын-Үүдэд байхдаа ачаа зөөдөг байлаа. Тэгж л дүү нарынхаа хичээлийн хэрэглэлийг бэлддэг байв. Одоо ингэж ярихаар хүмүүс итгэхгүй л байх. Дүү нар минь одоо бүгд гэр бүлтэй болсон. Манайх өнөр өтгөн болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Г.Эзэнмөнх: Эцгийн хайрыг богинохон хугацаанд амссан болохоор үр хүүхдээ халамжаар дутаахгүйг хичээдэг

  • зочин says:

    Эзэнмөнхөд амжилт хүсье хүн жаргал даадаггүй зовлон даадаг юм ямар ухаантай залуу вэ зовсон хүн жаргадаг зовсон нохой зоолдог гэж нэг сайхан үг байдагдаа хорвоо өөрөө алаг эрээн шүү дээ улам л хичээгээрэй миний дүү

  • Od says:

    Sain saihnig husei.saihan jijigshin.

  • Buyan says:

    sain shaniig husie urlagiin ynjinlham urgelj iveeh boltugai odoo bol mandaj bgaa nar shig l bn dee uran buteeliin amjilt