Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэгээн “ертөнц”-д гэрэл хайрлагсад

“М.Алтанхүү докторын савхан цагаан хуруунууд яралзаж, сайхан алаг нүд эргэлдэж, таны, миний үр садын төлөө таах аргагүй тавиланг сөрж, мэс заслын ширээн дээр дуран авай дор 6000 гаруй ерөнхий ба бичил мэс засал хийсэн нь түүний мэргэжил нь мэргэшил, мэдлэг нь чадвар болсны илэрхийлэл болой. Билгүүн номч Цэндийн Дамдинсүрэн “Хүү нь эцгээсээ илүү гарч, шавь нь багшаасаа дээр гарсан цагт улс хөгжинө шүү гэж захижээ” хэмээн анагаах ухааны доктор Р.Бямбаа ээж, охин хоёрын хамтран туурвисан номд уялга үг бичсэн байв.

ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн зөвлөх, доктор, профессор, хүний Гавьяат эмч М.Алтанхүү түүний охин, тус тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ч.Цэнгэлмаа нар хамтран Монголд анх удаа эх хэл дээрээ “Хүүхдийн нүд судлал”, “Хүүхдийн нүд судлал ба хялар” ном бүтээсэн юм. Хүүхдийн нүд судлалын “амьд ном” болсон М.Алтанхүү, ээжийнхээ мэргэжлийг өвлөн, шийрийг нь хатаахаар зүтгэж яваа охин Ч.Цэнгэлмаа нарыг “Удам залгамж” буландаа онцолж байна.

Ардын эмч нараар алс ирээдүйнхээ замыг заалгасан М.Алтанхүү анх УКТЭ (одоогийн УНТЭ)-ийн эмч нар хараагүй хүнд хараа оруулчихаад яаж баярлаж байгааг нь үзээд, дагаж огшихдоо нүдний эмч болно хэмээн эргэлт буцалтгүй шийджээ. Оюутан ахуйгаасаа дурласан мэргэжилдээ 40 гаруй жил зүтгэсний 30 нь ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нүдний мэс заслын тасагтай салшгүй холбоотой. 1987 онд хүүхдийн Нүдний мэс заслын тасаг байгуулах тухай Эрүүлийг хамгаалахын сайдын тушаал гарч, ажиллах боловсон хүчнээ сонгон судалжээ.

Ардын эмч Э.Санжаа шавь М.Алтанхүүгээ “Энэ мэргэжлээр удаан ажилласан хүн чамаас өөр алга. Чи очих ёстой” гэж хэдэнтээ ятган, учирлаж, уурлаж үзсэн ч тэрбээр “За” гэж хэлээгүй аж. Хүүхдийн нүдний мэс засалч болно, шинэ салбар руу орно гэхээс зүрхшээснийх тэр гэнэ. Гэтэл нэг л өдөр түүнийг хүүхдийн Нүдний мэс заслын тасагт ажиллуулах Эрүүлийг хамгаалахын сайдын тушаал гарчээ. Ингэж л хүүхдүүдэд нар харах эрх бэлэглэх эрхэм үүрэг, хариуцлагыг тэрбээр хүлээн авсан гэдэг.

Нүдний мэс заслын тасаг байгуулах хөрөнгө улсын төсөвт тусгагдаагүй учир бусад эмнэлгээс тоног төхөөрөмж илүүчилж, ЭХЭМҮТ-өөсөө сандал, ширээ зөөж, 30 хүнд зориулан ор, цагаан хэрэглэл бэлдэж, ариун цэврийн өрөөгөө хүртэл хүүхдэд зориулж тохижуулан, хана, шалаа шохойдох, будах, хадах, эвлүүлэх ажилд ханцуй шамлан оржээ. Хүүхэдтэй хувь заяагаа холбохоос өмнө М.Алтанхүү Завхан аймагт нүд, чих, хамар, хоолойн эмчээр томилогдсон байна. Хийж бүтээх хүслээр жигүүрлэсэн 12 боловсон хүчний хоёр нь аймгийн төвд хуваарилагдсаны нэг нь тэр юм.

Тэрбээр тус аймагт есөн жил ажиллахдаа алсын дуудлагад явахаас эхлээд мэс засал, эх барихын яаралтай тусламжид гар бие оролцож, туршлага хуримтлуулахын зэрэгцээ гал голомтоо бадраан, хүний эхнэр, хоёр хүүхдийн ээж болжээ. Аймагт ажиллах хугацаандаа хоёр ч удаа мэргэжил дээшлүүлэхээр УКТЭ-ийн Нүдний тасагт дагалдан суралцаж, номын дуу сонссон гэнэ. Түүний хань ЗХУ-ын Ленинградын Ойн техникийн академи төгссөн сүрхий хүн байсан учраас тэднийг гэр бүлээр нь Улаанбаатар хотод шилжүүлэн авчрах тушаалыг тухайн үеийн Ой модны аж үйлдвэрийн сайд нь гаргаж. Ингэж тэд буурь сэлгэн, их хотын айл болов.

“ОХИН ЭМЧ”

Үсээ дээш нь шууж боосон, 22-хон настай, туранхай бүсгүйг тасгийнх нь хүүхдүүд “охин эмч” гэж дууддаг байж. Хэдийгээр өвдөж зовоод эмнэлэгт ирсэн ч хүүхдийн цагаахан инээд цангинасан тэр л газарт Ч.Цэнгэлмаа эмч “хүүхдээрээ” очсон учраас тэр гэнэ. Дөрвөн настайгаасаа л ээжийгээ дагаж ажил дээр нь ирдэг байсан бяцхан охинд эмнэлэг, эм тарианы үнэр дотно санагдаж, эмч, сувилагчдын уриалгахан зан сэтгэлд нь хоногшсон байна. Тэрбээр “Би хэзээ ч өөр мэргэжил эзэмшинэ гэж бодож” байгаагүй хэмээн хэлнэ лээ.

Анагаахын сургууль төгсөхдөө энгэртээ зүүсэн тэмдэг (нүд үзэж буй эмчийн зураг)-ийг хараад М.Алтанхүү эмч охиноо “Нүдний эмч болохоор шийджээ” гэж бодсон гэдэг. Ангийнхан нь ч түүнийг нүдний эмч болно гэдэгт нь эргэлзээгүй. Тэрбээр хүүхдийн нүд судлалаар олон улсад сургалтад сууж, мэргэжил дээшлүүлсээр өдгөө Нүдний мэс заслын тасагт 15 дахь жилдээ ажиллаж байна. Гавьяат ээжийнхээ нэрийг сэвтээлгүй, хүндхэн албыг үүрч яваа тэрбээр мэргэжилдээ өдрөөс өдөрт дурлаж яваа гэсэн.

Түүний нөхөр мөн л эмч мэргэжилтэй. Онгоцонд хүний амь аварч, олонд эчнээ танил болсон, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг юм. Тэрбээр Итали, Ромд мэргэжил эзэмшиж, докторын зэрэг хамгаалсан, чадварлаг эмч билээ. Эмчийн гэр бүлд эрүүл мэндийн салбарын шинэ нээлт, техник технологи, мэс заслын талаарх яриа байнга өрнөдөг аж. Түүний том охин дөрвөн настай байхдаа хүүхэлдэйнхээ нүд рүү үзгэн гэрэл тусгачихсан сууж байж.

Ийм багаасаа эмээ, ээжийнхээ ажлыг мэдэрсэн ч охиндоо заавал өөрийн мэргэжлийг өвлүүлнэ гэж зүтгэхгүй хэмээн Ч.Цэнгэлмаа эмч ярьсан. Хүүхдийн нүд гэмтсэн яаралтай дуудлагаар халуун хөнжлөөсөө босоод ажил руугаа гүйдэг ээжийнхээ мэргэжлийн жаргал, зовлонг мэдэрч яваа Ч.Цэнгэлмаа дутуу нярайн торлогийн эмгэгээр мэргэшиж буй үндэсний хэмжээний ганц мэргэжилтэн. Үүгээр зогсохгүй нүдний хорт хавдрыг лазераар эмчлэх аргыг эх орондоо нэвтрүүлсэн гавьяатай. Нүдний мэс заслын тасгийн эрхлэгчээр тасралтгүй 27 жил ажилласан ээжийнхээ албан тушаалыг буухиалсан нь эмнэлгийнх нь захирлын томилгоо байж.

ТЭД ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭДЭГ

Манай улсад нүдний эмч 150 гаруй бий гэдэг. Гэхдээ тэдний дөнгөж 10 орчим нь хүүхдийн нүдний эмч. Тэдний дотор хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нь ээж, охин хоёр. Зах зээлийн хүнд үед ч хувийн эмнэлэг байгуулна гэж зүтгэлгүй, улсын эмнэлэгт бие сэтгэл, мэдлэг чадвараа дайчилсаар өдий хүрчээ.

“Хүүхдийн төлөө сэтгэлтэй хүн л энд тогтож чадна. Ээж минь энэ тасагт 30, би 15 жил “амьдарч” байна. Миний багш, босс, хамгийн дотнын найз бол ээж минь. Урам хайрлаж, зааж зөвлөдөг Ардын эмч Э.Санжаа, Ж.Баасанхүү, Т.Булган, М.Баялаг, Д.Уранчимэг багш болон тасгийнхаа хамт олонд чин сэтгэлээсээ талархаж явдаг” гэж Ч.Цэнгэлмаа ярив.

“Чийдэнгийн шил буудаад, хэлтэрхий нь нүдийг нь гэмтээчихсэн бяцхан хүү яаралтай тусламжаар ирж, мэс засалд орсон юм. Хүүхдэд хийж буй анхны хагалгаа учраас духны хөлс бурзайж, зүрх хүчтэй цохилж байв” гэж М.Алтанхүү эмч хуучлахад хүний харах эрхтэнд анх удаа “гар хүрсэн” тухайгаа Ч.Цэнгэлмаа эмч “Дорнод аймгаас ирсэн нэгэн хүүгийн онош нь тодрохгүй явсаар манай эмнэлэгт хандсан юм. Юунаас болж нүд нь бүлтийж гарч ирсний учрыг олохоор үзлэгийн өрөөнд дөрвөн цаг сууснаа мартдаггүй.

Америкийн профессортой холбогдож, хүүгийн оношийг тодруулснаар эмчилж, чадсан. Нэг хөгжилтэй түүх хэлье. Дархан-Уул аймгаас ирсэн нэг хүүгийн нүдийг үзэх гээд аппаратны ард суулгаад “Нээ, нээ” гэсэн чинь “Ний, ний” гэж ойлгоод нусаа пур хийлгэж билээ” хэмээн инээв. “Хүүхэд гэдэг гэгээхэн, цагаахан “ертөнц”. Хараагүй хүүхэд мэс заслын дараа тусаж буй гэрлийг үзээд дэгж дэрвэн баярлах тэр л аз жаргал, мэдрэмжээр эмч хөглөгддөг юм.

Саяхан нэг ээж “Манай бага хүүг та бас эмчилсэн шүү дээ. Энэ их тусыг тань мартахгүйн тулд хүүдээ таны нэрийг хайрласан” гэж билээ. Мөн сонсголгүй, нүднийх нь болор цайсан хүүхдээ эмчлүүлсэн эмэгтэй Говь-Алтайгаас утасдаж байна. “Эмч минь ингэ ихэрлээд их баярлаж байна. Хүүгээ танд үзүүлээд ирсний дараахан шүү” гэхэд мөн л сайхан санагдсан. Хүний Гавьяат эмч болсны дараа утас минь тасралтгүй дуугарч, зарим нь уйлаад баяр хүргэсэн” хэмээн М.Алтанхүү эмч ярив.

Хүүхдийн эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн тулгыг тавилцаж, түүхийг нь бичилцэж яваа ээж, охин хоёр “Нисдэг эмнэлэг” гэдгээрээ бидэнд танигдсан “Орбис” олон улсын байгууллагын хамт олонд тасгийнхаа нөхцөл байдлыг англи хэл дээр бэлтгэн танилцуулснаар “Монголын нүд судлалын шилдэг загвар-Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд тоног төхөөрөмжөө сайжруулахаас эхлээд олон ажил хийж буй.

Ээжийнхээ нэр нөлөөгөөр нэг ч удаа гадагшаа сургалтад яваагүй гэж Ч.Цэнгэлмаа эмч бахдалтай хэлдэг юм билээ. “Агаар, ус, хөрс, нар сайтай орчинд мод ургаж үр жимсээ өгдөг шиг ээж минь бидэнд орчин үеийн тоног төхөөрөмжтэй, багаж хэрэгсэлтэй, боловсон хүчинтэй тасаг эх хэл дээрээ бичсэн хоёр гарын авлага хүлээлгэн өгсөн. Ариутгалын бээлий, мэс заслын утас ч үгүй нөхцөлд ээж минь ажиллаж байсан. Монгол хүүхдэд нүдний хамгийн чанартай тусламж хүрээсэй, тэд минь эрүүл саруул өсөж бойжин, эх орондоо хэрэгтэй хүн болоосой” гэсэн түүний хүсэл удахгүй биелэх биз ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “Гэгээн “ертөнц”-д гэрэл хайрлагсад