Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ӨНӨӨДӨР”-ийн САНАЛ ХУУЛЬД ТУСГАГДЛАА

“Өнөөдөр” сонин 2010 онд “Тамхигүй Монгол” шинэ булан нээж, Монгол оронд тамхидалтыг багасгах, тамхигүй эрүүл орчин бий болгох, тамхины үйлдвэрлэл, экспортыг хязгаарлах, өсвөр үе, залуучуудыг тамхидалтаас сэргийлэх, тамхины хор хөнөөлийг сурталчлах зэрэг асуудлыг удаа дараагийн нийтлэлүүдээрээ хөндсөн билээ.

Түүнчлэн тамхины хор хөнөөлөөс сэргийлэх, тамхидалтыг багасгах, тамхигүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх ёстой хэмээн үзэж “Монгол ньюс” ХХК-ийн бүх байр, түүний дотор “Өнөөдөр” сонины редакцын нийт өрөө тасалгаанд тамхи татахыг хориглосон шийдвэр гарган, тав дахь сардаа мөрдөж байна.

Өнөөдөр манайхан тамхины утаагүй, цэнгэг саруул орчинд ажиллаж байгаа. Бидний нийтлэлүүдээрээ дэвш үүлсэн асуудлын нэг гол чиглэл нь “Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх байгууллага, албан тасалгаа, ажлын байр, олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон заалтыг хуульд оруулах” санал байсныг эрхэм уншигчид санаж буй биз ээ.

Энэ саналыг иргэдийн үнэмлэхүй олонх дэмжиж байгаа нь бидний зургадугаар сард уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгаас тодорхой бол сон юм. Түүнчлэн нийт судалгаанд орол цогчдын 42 хувь нь тамхичид байсан ч тэдний 94 хувь нь дээрх саналыг дэмжих нь өөрийгөө тамхинаас ангижруулах, ядахдаа хорт зуршлаа багасгах гол арга мөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн нь энэ сэдвийг цаашид үргэлжлүүлж, үр дүнд хүргэх урам нэмсэн юм.

Олон нийтийн санаа бодлын нээлттэй талбар байж чаддаг, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж мэддэг, чөлөөт сэтгүүл зүйн зарчмыг тууштай хэрэгжүүлдэг “Өнөөдөр”- ийн санал төр, засгийн сонорт хүрсэн нь есдүгээр сарын 29-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар нотлогдов.

Хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас оруулсан “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг Засгийн газрын гишүүд 100 хувь дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төсөлд олон чухал заалт орсны дотор 9 дүгээр зүйлд: -бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл -олон нийтийн үзвэр, үйлчилгээний газрын дотоод орчин -шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах -зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн үйлчилгээний танхим -нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар -аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглоно хэмээн тусгасанд “Өнөөдөр” сонины редакцын нийт хамт олон, манай нийтлэлийг дэмжигч иргэд, хамт олон гүнээ талархаж байна.

Бид “Тамхигүй Монгол” болох чиглэлээр цаашид ч идэвхтэй ажиллаж, нийтлэлийнхээ бодлогынхоо нэгэн үзүүрийг энэ зүгт чиглүүлж, бидэнтэй санаа нэгтэй бүх байгууллага, хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байх болно. Хуулийн төслийг УИХ-ын эрхэм гишүүд дэмжин батална гэдэгт итгэлтэй байгаагаа дашрамд илэрхийлье.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.