Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өнгөрснийг маргаашдаа” соёл урлагийн цуврал арга хэмжээ болно

Чойжин ламын сүм музейд есдүгээр сарын 1-6-ны хооронд “Өнгөрснийг маргаашдаа” цуврал арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээнд “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулахаас гадна хэлэлцүүлэг, лекц өрнүүлж, скейтбоардын үзүүлбэр, хүүхдэд зориулсан бүтээлч өдөр, номын солилцоо зэрэг соёл урлагийн олон талт үйл ажиллагаа болох юм.

Энэ талаар МУЗ-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейг 2019-2020 онд 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулсны үр дүнд тус музей нь Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх нэгэн шинэ бүтээлч орон зай болоод байна” гэсэн юм. Мөн МУЗ-ийн тэргүүн Н.Жанцанноров “Чойжин ламын сүм музейн төсөл нь хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад бодитой хувь нэмэр оруулах, цаашлаад гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах сайн жишиг тогтоож байгаагийн тод илрэл боллоо” гэж төслийн ач холбогдлыг үнэлжээ.

Эргэн сануулахад, үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөр 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй таван төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон. Уг тэтгэлэгт хөтөлбөрийг М-Си-Эс Групп 25 жилийн ойгоороо санаачлан эхлүүлж, санхүүжүүлж байгаа бөгөөд хэрэгжүүлэгчээр Монголын Урлагийн Зөвлөл, хамтрагчаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газар, Соёлын өвийн үндэсний төв, дотоод гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх экспертүүд ажилласан юм.

Одоо харин “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд соёлын дурсгалт газрууд болон дурсгалт уран барилгын нөхцөл байдал эрсдэлийн судалгаа шинжилгээ, барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төлөвлөлтийн чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.