Өмнөд Солонгосын “Cheonan” байлдааны хөлөг гадны нөлөөгөөр сүйрсэн гэдэг нь тогтоогдсон. Цэргийн тагнуулын мэдээллээс үзэхэд Хойд Солонгосын “хүн-торпед” гэгдэх амиа золиослогч тусгай бүлэг удирдагч Ким Чен Ирийн тушаалаар тус хөлгийг устгасан гэсэн мэдээллийг Сөүл цэргийн тагнуулын шугамаар авсан аж. Өмнөд Солонгосын Засгийн газар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ч тус улсын батлан хамгаалахын сайд Ким Тэ Ен Парламентын хуралдаан дээр Хойд Солонгосын хөлгийг живүүлсэн гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хилийн маргаантай бүсэд буудалцаан болж, Хойд Солонгосын гурван цэрэг алагдсаны хариуд “Cheonan” хөлгийг живүүлсэн гэх мэдээлэл урьд нь гарч байсан.
Пхеньян өшөөгөөр авахаар шумбагч онгоц бүхий амиа золиослогчдын тусгай баг бэлтгэж байна гэсэн анхааруулгыг Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын албаны хүмүүс Засгийн газартаа оны эхээр өгчээ.
Батлан хамгаалахын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Тагнуулынхан энэ мэдээллийг Ерөнхийлөгч болон Батлан хамгаалах хүчнийхэнд яаралтай мэдэгдсэн. “Cheonan” хөлгийг хэн живүүлсэн нь тодорхой. Хойд Солонгосын шумбагч онгоцнууд 200 кг жинтэй торпедоор цэнэглэгдсэн байдаг” гэжээ.
Хойд Солонгосын 13 дугаар тусгай ангийн коммандосууд байндаа дөхөж очоод шумбагч онгоцоо өөрсөдтэйгээ хамт дэлбэлсэн эсвэл цагтай бөмбөг ашигласан гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Хэрэв Хойд Солонгос энэ дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдэг нь нотлогдвол 1953 оны дайныг дуусгасан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэрэг болж байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Ли Мён Бак тагнуулын мэдээг үл ойшоосон, хариу арга хэмжээ авч чадаагүй гэсэн үндэслэлээр огцорч мэднэ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Ерөнхийлөгч Израиль маягийн хариу арга хэмжээ авах боломжгүй төдийгүй хариу өгөх аливаа оролдлого дайн дэгдээх учраас Цагаан ордон дэмжихгүй аж. Гэвч олон нийтийн уур хилэнг намдаахын тулд ямар нэг арга хэмжээ авах зайлшгүй шаардлага Ерөнхийлөгчид байгаа юм. Ердөө ганцхан сонголт байгаа нь НҮБ-д гомдол гаргах. Үнэндээ бол Пхеньяны эсрэг хамгийн хатуу хориг арга хэмжээгээ нэгэнт авчихаад байгаа НҮБ-д ч сонголт үлдээгүй.
О.ТОГОО







0 Сэтгэгдэл