Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бат-Өлзийн ан амьтад өвс, тэжээлийн хомсдолд орсон ч өвлийг өнтэй давжээ

Өвөрхангай аймгийн хойд зах, Хангайн нуруунд оршдог Бат-Өлзий сум үзэсгэлэнт газар, ан амьтнаар элбэг нутаг. Бүр тодорхой хэлбэл, Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрийн 80 хувь улсын тусгай хамгаалалтад байдаг. Улаан цутгалан, Найман нуурын сав газар, Орхоны хөндий тус сумын нутагт хамаардаг. Эл сайхан хангайд ойн туруутан буга, хандгай, гөрөөсөөс авхуулаад хүдэр, зэрлэг гахай, үнэг, чоно, нохой зээх гээд ховор, нэн ховорт тооцогдох улаан номд орсон бүх амьтан бий. Мөн есөн зүйлийн шимт өвс, ургамалтай. Харамсалтай нь, Өвөрхангайд сүүлийн жилүүдэд өвөлдөө зуд, зундаа ган гачиг тохиосоор ан амьтан өлдөж сумын төв рүү бууж ирэх болжээ. Орхоны хөндийн Байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагч М.Бат-Үүл өнгөрсөн сард фэйсбүүкийн нүүр номдоо энэ талаар халаглан бичиж, өлдөж, туйлдсан хийгээд үхсэн ан амьтны зургийг  байршуулсан байна. Буга, зээр, ан амьтад ийнхүү туйлдаж, аврал эрж байгааг уншсан иргэн А.Батмөнх сайн үйлсын аян зохион байгуулжээ. Түүнтэй утсаар холбоо барьж аяны талаар тодруулсан юм.

А.Батмөнх: Байгаль орчинд ээлтэй байхыг эрхэмлэдэг

-Өлдсөн ан амьтан өвс, тэжээл дөхүүлж, сайн үйл бүтээжээ. Аяныхаа талаар олон нийтэд мэдээлэл өгөхгүй юү?

-Орхоны хөндийн Байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчийн оруулсан буга өлдөж, үхэж байгаа мэдээллийг уншаад ихэд эмзэглэсэн. Тиймээс ангийн найз нөхдөө уриалан хандивын аян эхлүүлсэн. Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуулийг 2003 онд төгсөгчид энэ аяныг оройлон зохион байгууллаа. Аяны хүрээнд 3.8 сая  төгрөг цугларсан. Энэ мөнгөөр өвс хужир авч уулын амуудад тараасан.

-Иргэд мөнгөнөөс гадна сэтгэлээрээ дэмжиж аянд оролцсон гэв үү?

-Тиймээ, нутгийн 150 орчим иргэн эл сайн үйлсийн аянд нэгдсэн. Бат-Өлзий сумын уулын амууд руу машинаар явахад 15 км зам туулдаг. Мөн машин явах боломжгүй газрууд руу 3-4 км орчим мацаж байж хүрнэ. Энэ газруудад иргэд өвсөө үүрээд мацсан. Улмаар яг зөв газарт нь хэрэгтэй өвс тэжээлийг нь тараан байршуулж чадлаа. Уулын амд энэ мэтээр хоёр удаа очиж, өвс тэжээл тарааж тавьсан юм. Энэхүү аяныг Өвөрхангай аймгийн Орхоны хөндийн тусгай хамгаалалттай газрын Бат-Өлзий сум дахь хэлтэс, Сум дундын ойн ангийнхан, иргэд, дунд сургуулийн сурагчид дэмжиж хамтран ажилласанд баярласнаа илэрхийлье. Ер нь байгаль орчинд ээлтэй байхыг эрхэмлэдэг, цаашид ч хичээж ажиллах болно.

   Сайн үйлсийн аяныг нэг удаа зохион байгуулаад өнгөрөх бус гурав, дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Нутгийн байгаль хамгаалагч Ш.Баасансүрэн “Бид жил бүр биотехникийн арга хэмжээ авч, ан амьтдад өвс тэжээл дөхүүлж тавьдаг. Гэхдээ төсөв бага учраас тавьсан өвс тэжээл хаанаа ч хүрдэггүй. Нас бие гүйцсэн буга 40-50 кг буюу 2-3 боодол өвс идэж байж цаддаг. Сайн үйлсийн аяны хүрээнд овоо олон газар өвс тавьсан. Энэ нь ан амьтдад үр өгөөжөө өгсөн. Манай нутагт зээрийн янзага их ирсэн. Зээр байршлаа байнга өөрчилж байдаг амьтан. Энэ өвөл зээрүүд тарж үргэсэнгүй. Нэг уулын аманд сүргээрээ өвөлжлөө” хэмээв. Мөн эл аяныг эхлүүж, зэрлэг ан амьтдад буян болсон хүний нэг нь байгаль хамгаалагч М.Бат-Үүл. Тэрбээр “Цагаан сарын өмнө Төвхөн хийдийн эргэн тойрон уулын амуудад өвс, хужир тавьсан. Одоо Найман нуурын орчмоор өвс тэжээл тавина” хэмээн мэдээллээсээ хуваалцсан. Нутгийн байгаль хамгаалагчид өвс, хужир тавьсаны дараа хяналтын камераар ажиглалт хийсэн байна. Ингэхэд туруутан амьтад өвс тэжээлээ идчихээд сум руу орох бус, ойн гүн рүү буцаж байгаа нь дуранд буужээ. Мөн Бат-Өлзий сумд өвс тэжээл хайж 1000 орчим зээр ирсэн гэнэ. Өмнөх жилүүдэд зээр тус сумаар дамжин өнгөрч байсан бол энэ жил өвс тэжээлийн тавьсан тул идээшиж, нутагших төлөвтэй байгаа аж. Үүнээс гадна энэ өвөл Бат-Өлзий сумд 12-14 салаа эвэртэй нас бие гүйцсэн буга хэд хэдээрээ үрэгдсэн байна.

Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар, сумын Мал эмнэлгийн хэлтсээс тэдгээр бугад задлан шинжилгээ хийж, өвс тэжээлийн дутагдалд орж өлдөж үхсэн гэх дүгнэлт гаргасан аж. Бат-Өлзий сумд өнгөрсөн зун гантай байснаас хадлан авах нь битгий хэл хамар хатгах өвс  ургаагүй гэнэ. Отор нүүдлийн нутагт ч 4-5 см өвс гарсан ч машин техник явах боломжгүйгээс хадаж чадаагүй байна. Тиймээс энэ өвөл нутгийн ихэнх хэсэгт зудтай, хавар хүндрэх төлөвтэй зутруухан байгаа аж. Улмаар зэрлэг амьтад өлдөж, турж эцэж, үхэх тохиолдол гарсаар. Нөхцөл байдал ийм хүнд байгаа үед иргэн А.Батмөнх дээрх аяныг уриалан найз нөхөд, ангийн хүүхдүүдийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулсан нь нүдээ олсон хэрэг хэмээн нутгийн иргэд сайшааж талархаж байна.

4
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.