Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн 10 дугаар байранд амьдардаг лам өвгөнийд өнгөрсөн мягмар гаригт гэмт хэрэгтнүүд халдаж бурхан шүтээнийг нь дээрэмдсэн талаар бид мэдээлсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд ЭЦГ, УМБГ, НЦГынхантай хамтран ажилласны дүнд гэмт этгээдүүдийг өчигдөр баривчилжээ.
Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын харьяат дөрвөн залуу үйлджээ. Тэднийг цагдаагийнхан Ганц худагийн цагдан хорих төвд саатуулаад байгаа юм. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн эх сурвалжийн мэдээлснээр 27 настай М.Ч, 20 настай М.Ч, 19 настай Э.Б, 21 настай Б.Н нар шунахайн сэдэлтээр энэ хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэж шалгаж байгаа гэнэ.
Энэ хэргийг зохион байгуулсан 27 настай М.Ч анхны мэдүүлэгтээ “Бурхдыг борлуулж мөнгө олох гэсэн юм. Өндөр үнэ хүрэх юм шиг санагдаад дээрэмдсэн. Өмнө нь нэг удаа хулгайлах гэж оролдоод чадаагүй. Тэднийд энэ хоёр бурхан байгааг ном уншуулах гэж очоод мэдсэн” гэжээ. Тэд нэг бурхныг нь “Хархорин” захын ченжид нэлээд өндөр үнээр худалдсан байсныг цагдаагийнхан олж авсан байна. Б.Н мэдүүлэгтээ “Сургалтын төлбөрөө олох мөнгөтэй болж магадгүй гэж дагаж явсан” гэжээ. М.Ч нь өмнө нь Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх шашны сургуульд суралцаж байгаад гарсан нэгэн аж.







0 Сэтгэгдэл