Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үхсэн ч яахав гээд хараад суух эрх байгаа гэж үү

Хоёр өдөр дараалан болсон  амлалт нэхэх ард түмний холбооныхны эрүүл мэндийн талаарх асуудалд хэвлэл, мэдээллийнхэн ч тэр, улс төрийнхөн ч ялгаагүй өндөр ач холбогдол өгөв. Олон янзын тайлбар, хардлага, сэрдлэг дагуулсан дээрх үйл явдлаас амлалт нэхэн өлсгөлөн зарлагсдын эрүүл мэнд үнэхээр хутганы ирэн дээр байсан уу гэдгийг анзаарах сөхөө хэн хэнд нь дутсан юм биш байгаа.
Ардчиллын загвар, загалмайлсан гэх тодотголтой АНУ-д өлсгөлөн зарлахыг эрс эсэргүүцдэг юм билээ. Уг нь бол ардчиллын арвин туршлагатай, хүний эрхийг аль ч улс орноос дээгүүр тавьдаг эрх чөлөө ханхлуулсан Америкийн ард түмэн хамгийн их өлсгөлөн зарлаж баймаар. Эрх чөлөөнийхөө талбайд майхан саваа босгочихоод үгээ хэлж, өлсөж хэвтэх нь миний эрхээ хэмээн бужигнуулмаар санагдах юм. Гэтэл яг эсрэгээрээ юм гээч. Өлсгөлөн зарлахыг хуулиараа хориглочихож. Хүний амь нас эрүүл мэнд үнэлж баршгүй баялаг учраас өлсгөлөнг огт зөвшөөрдөггүй хэмээн тайлбарлажээ.
Энэ сарын 5-наас эхлэн жагсаал цуглаан зохион байгуулж, УИХ-ыг тараах мэдэгдэл хийсэн “Амлалт нэхэх ард түмний” хөдөлгөөнийнхөн өлсгөлөн зарлаж, Сүхбаатарын талбайд хэд хоносон. Өлсгөлөнд зарлагсдын биеийн байдлыг өдөр бүр хянаж байсан эмчлэгч эмчийнх нь яриагаар бол “хөдөөнөөс голдуу хөдөлгөөнийхнөө дэмжиж ирсэн гишүүдийн биеийн байдал хүнд байсныг дуулгалаа. Сүрьетэй, хавдартай, ходоодны шархтай, даралт ихсдэг, зүрх судасны өвчтэй гээд эрүүл мэндийн эрсдэлд орох магадлал өндөр байгаагаас өлсгөлөнг таслан зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн” гэдгээ тайлбарлалаа. Цусан дахь сахарын хэмжээ нь 3,6-7 хүртэл хувиар буурсан, уургийн алдагдал 9,6-3,8 гр/л багассан нь тогтоогдсоныг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туул онцолсон. Ийм байдалд хүрсэн зүгээр сууж байгаад шоконд орж эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураах магадлал хамгийн өндөр болдгийг эмч мэргэжилтнүүд баталдаг юм билээ.
Ийм эрсдэлтэй байдалд хүрсэн өлсөгчдөд эмнэлгийн тусламж  үзүүлсэн эмч мэргэжилтнүүд улстөржсөн үү, эсвэл үнэхээр хүний амь нас аврах ариун тангарагтаа үнэнч байж чадсан уу гэдэгт дүгнэлт өгөх эрт. Хүн байх ёстой жингийнхээ 40 хувийг л алдахад үхлийн харанга дэлддэг хэмээн шинжлэх ухаан нотолсон. Ийм хэмжээний жинг алдахад ердөө хэдхэн хоног өлсөх хангалттайг мэргэжилтнүүд тайлбарладаг. Тэгэхээр үүсээд байгаа нөхцөл байдлыг эрүүл талаас нь бодвол өөр дүр зураг ажиглагдах шиг. Хүн бүр улстөржсөн энэ байдлын цаана Монгол Улсын маань 30 орчим хүний хувь заяа явааг мартаж болохгүй. Магадгүй хүнд өвчтэй нэг нь гэнэт муудаж, муугаар бодоход эрүүл мэнд нь аюулд өртвөл хэнээс амийг нь нэхэх вэ.
Та нар эмчийнхээ тангарагаа умартаж манай хүний бие муудаад байхад тоосонгүй хэмээн Эрүүл мэндийн газар, эмчлэгч эмчид буруугаа чихэх үү. Аль эсвэл амлалтаа өгөхгүй байсаар ард түмэн үхэж эхэллээ хэмээн ахиад л бужигнаж эхлэх үү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.