Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үр дүн нь үл мэдэгдэх “Нэг хаалга, нэг шинжилгээ”

“Ард түмэн минь 12 хоног л тэсчих, тэгээд амьдрал сайхан болно” гэх шахам байсан шийдвэр гаргагч, эрх мэдэлтнүүд өнөөдөр яагаад таг дуугүй сууна вэ. 12 хоног хөл хорионы хатуу дэглэмийг иргэд чанд мөрдөж, загас мэт дуугүй байлаа. Харамсалтай нь, иргэд гэрээсээ хамраа ч цухуйлгахгүй суусны ашиг тус өнөөдөр гарсангүй. Цар тахлыг хумихын тулд 12 хоногийн хугацаанд иргэдийг гэрт нь “хорьж”, өрх бүрээс 18 нас хүрсэн нэг иргэнийг коронавирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулсан. Тодруулбал, Цагаан сарын битүүний өдрөөс “Нэг хаалга, нэг шинжилгээ” аян өрнүүлж, Сонгинохайрхан дүүргийн иргэдээс эхлэн эл шинжилгээг авсан. Өнгөрсөн сарын 22 хүртэл уг арга хэмжээнд нийслэлийн 442 303 өрхийг хамруулсан бөгөөд 287 037 иргэн явуулын, 155 266 нь суурин цэгт шинжилгээ өгсөн гэж УОК-оос мэдээлсэн юм.

…Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгддөггүй шиг Засгийн газрын бүрэлдэхүүн солигдсон ч бахь байдгаараа. Урьдын адил нөхцөл, байдлыг гүйцэд судалж дорвитой шийдвэр гаргадаггүй, хэрэгжүүлэх шатанд ажилладаг алба хаагчдад мэдээлэл бүрэн хүрдэггүй, олон салаа утгатай байсаар ирлээ. Маш богино хугацаанд халдварыг тодорхойлж, тархалтыг бүрэн хумьж, цаашид эдийн засгаа аврах ажиллагаа үргэлжилнэ гэсэн найдвар талаар болж байх шиг…

Дэлхий нийтээрээ тэмцэж буй цар тахлыг Монгол Улс 12 хоногийн хугацаанд “дарж авна” гэдэг боломжгүй. Мэдээж хөл хорионы дараа коронавирус устахгүй нь ойлгомжтой. “Ковид-19”-ийн нууц үе гэж бий бөгөөд шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэнээс ч халдвар илэрч болохыг мэдэхгүй хүн одоо тун ховор. Хамгийн чухал нь иргэд эргээд хэвийн, тайван амьдралдаа шилжихийг л хүсэж байна. Коронавирустэй нүүр тулахаас өөр сонголтгүй энэ цаг үед ажил, хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлж, аль болох хүнд суртал, хүний эрхийг зөрчсөн үйлдлээс хол, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад амьдармаар байна. Харамсалтай нь, урьдын л адил айдас, түгшүүр, эргэлзээтэй мэдээлэл, иргэдийг хохироосон тохиолдол гарсаар. Товчхон хэлэхэд хөл хорионы үр дүн иргэдийн хүлээсэн шиг байсангүй. “Нэг хаалга, нэг шинжилгээ” аяны дараа нийслэл дэх халдварын голомт хумигдаж, энд тэндээс өвчин авчих вий гэсэн айдасгүй болно гэж олон нийт итгэсэн. Гэвч хоёрдугаар сарын 23 буюу бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулснаас хойш өдий хүртэл коронавирусийн халдвар авсан хүний тоо өдөрт 30, 40-өөрөө бүртгэгдэх болов. Тэр дундаа халдварын эх уурхай нь тодорхойгүй тохиолдол гарсаар байгааг юу гэх вэ. Нийслэлд халдварын 37 голомт бий гэсэн мэдээллийг албаныхан өгч буй. Уржигдар “Нэг хаалга, нэг шинжилгээ” аяны хүрээнд халдвартай нь батлагдсан хүмүүсийн ойрын хавьтлын найман хүнээс коронавирус илэрсэн бол өчигдөр нийт 44 иргэн “Ковид-19”-өөр өвчилсөн нь тогтоогдов. Тэдний хоёр нь Завхан аймгийн харьяат юм. “Ногоон бүс” хэмээн тодотгон, 21 аймаг руу халдвар алдахгүйн тулд хичээж ирсэн ч нийслэлд бараг л сүүлчийн удаа гэж хэлж болохоор хөл хорионы дараа орон нутагт халдвар илэрлээ.

“Нэг хаалга, нэг шинжилгээ”-нд нийт 10 тэрбум орчим төгрөг зарцуулж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Харин ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа “Нэг хаалга, нэг шинжилгээ”-ний үеэр нэг хүнд дунджаар 80 мянга гаруй төгрөгөөр тооцож, PCR шинжилгээ хийж байна. Нийт 400 000 гаруй иргэнийг шинжилнэ” гэж байв. Одоогоор шинжилгээний зарцуулалтын задаргаа, мэдээлэл тодорхойгүй байна. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохыг шаардана хэмээн “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын тэргүүн С.Цэрэнпүрэв хэлэв.

10 орчим тэрбум төгрөгөөр иргэдийг шинжилж, үүний үр дүнд халдвартай 131 хүнийг “барьж авсан”. Эрдэмтдийн хэлж буйгаар, энэ нь цаашид халдвар тархах, эмнэлгийн ачааллыг эрс багасгасан гэнэ. Зарим нь 48-72 цагийн “настай” шинжилгээ хийхэд хэдэн тэрбумаар нь зарцуулахын оронд хүн амаа богино хугацаанд шуурхай дархлаажуулахыг л хүсэж байв. Хэдийгээр дархлаажуулалтын ажил эхэлсэн ч “бусад” гэсэн ангилалд багтсан иргэд хэзээ вакцинд хамрагдах нь тодорхойгүй. Ийм удаан байгаа дархлаажуулалтад жирийн иргэд хэзээ хамрагдаж, сэтгэл тайван амьдарч, ажиллах бол. Энэ мэт зохион байгуулалт, сэтгэл дутсан үйл ажиллагаа, арга хэмжээ иргэдийг бухимдуулсаар байна. Хөл хорионы үед зөвшөөрөлтэй байгууллагын ажилтнуудыг хувийн унаагаар нэвтрүүлэхгүй бөөн чирэгдэл учруулж байсан бол одоо орон нутаг руу зорчих иргэд мөн л учраа олохгүй байдалд оржээ.

Тодруулбал, энэ сарын 1-нээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Ингэхдээ тухайн орон нутгийн байнгын оршин суугч болон тэндээ суурин ажилладаг иргэн Улаанбаатараас очсон тохиолдолд гэрт нь долоо хоног тусгаарлана. Харин бусдаар бол 72 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээний бичигтэй иргэдийг тусгаарлахгүй” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга нь хэлсэн. Гэвч аймаг, сум, багийн Засаг дарга нар “том толгой” гаргаж, дур мэдэн өөр өөр шаардлага тавьж буй нь иргэдийг чирэгдүүлж гүйцлээ. Иргэн Ц гэхэд бие нь тааруу эмээтэйгээ уулзахын тулд УОК-оос тавьсан бүх шаардлагыг ном журмынх нь дагуу биелүүлээд хотоос гарчээ. Гэтэл тухайн аймгийнх нь Шуурхай штабын ажилтнууд шинжилгээ өгснөөс 72 биш, 24 цагийн хугацаанд орон нутаг руу орж, гарах боломжтой хэмээгээд шөнөдөө буцаж нийслэлрүү явахыг шаардсан байна. Энэ мэтээр гүйцэтгэх шатны байгууллагын ажилтан, алба хаагчид хоорондоо уялдаа холбоогүй ажилладгийн балгийг иргэд хэдий болтол амсах вэ. “Нэг хаалга, нэг шинжилгээ”-ний дараа ядаж л дарамт шахалт, хүнд суртал буурна гэж итгэсэн хүн цөөнгүй. Гэвч хүүхэд, багачууд сурах эрхээ хасуулсан хэвээр, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрсэнгүй, орон нутаг руу зорчих боломжгүй хэвээр байна. Монгол Улсад коронавирусийн халдвар анх бүртгэгдэхэд л хэлж, ярьж байсан зүйлээ эрх баригчид одоо ч тоть мэт давтсаар. “Халдварын нөхцөл байдлаас л хамаг зүйл шалтгаална” гэх үгээр ам таглаж байна.

Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгддөггүй шиг Засгийн газрын бүрэлдэхүүн солигдсон ч бахь байдгаараа. Урьдын адил нөхцөл, байдлыг гүйцэд судалж дорвитой шийдвэр гаргадаггүй, хэрэгжүүлэх шатанд ажилладаг алба хаагчдад мэдээлэл бүрэн хүрдэггүй, олон салаа утгатай байсаар ирлээ. Маш богино хугацаанд халдварыг тодорхойлж, тархалтыг бүрэн хумьж, цаашид эдийн засгаа аврах ажиллагаа үргэлжилнэ гэсэн найдвар талаар болж байх шиг. Ерөнхийдөө “Нэг хаалга, нэг шинжилгээ” аян өрнүүлснээр Монгол Улсад халдварын нөхцөл байдал ямархуу байгаа дүр зураг тодорхой болсон. 400 гаруй мянган хүний 131-ээс нь л халдвар илэрсэн, эмч, ажилтнууд энэ үеэр ямар нэг эрсдэлд өртөөгүй гэдэг бол сайн мэдээ. Гэвч энэ сайн үр дүнг иргэд бүрэн амсаж чадахгүй байгаа нь харамсалтай. Цагаан сараар ч олон нийт дэглэмээ сайн сахиж, хөл хөдөлгөөнийг 98 хувь хүртэл хумьсан. Одоо дахин ийм хөл хорионд орох боломж, нөөц, хүч тэнхээ иргэдэд үлдээгүйг шийдвэр гаргагчид эрх биш гадарлаж байгаа биз ээ.

2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Үр дүн нь үл мэдэгдэх “Нэг хаалга, нэг шинжилгээ”

  • Avatar Эмч says:

    Тус шинжилгээг зөв зохион байгуулж авч чадаагүй шүү дээ. Оромдоод л өнгөрсөн маш хурдтайгаар хөл хорионы эхний хоногуудад авч шинжлээд дахиад 4 юмуу 5 хоногийн дараа давтан шинжилгээ хийж байж бүрэн илрүүлж халдварыг хяналтандаа авах байсан. Хэрвээ оном сангийн зөвлөснөөр пүүлдэж шинжилсэн бол лабораторийн хүчин чадал хүрээд илүү гарах байлаа.