Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндэсний үйлдвэрлэл ханшийн өсөлт, элдэв тарифт чирэгдсээр л байх уу?

Гурилын үнэ нэмэгдэж гэнэ. Төр “Алтан тариа”, “Улаанбаатар”, “Ургац” тэргүүтэй үйлдвэрлэгчдийг чичилснээр үндэсний компаниуд ард иргэдийн хараалыг иднэ. Үнийн өсөлт хэрэглэгчдийн халаасыг тэмтэрдэг болохоор хэн дуртай байх вэ. Гэвч цаад талдаа гурилын гол түүхий эд болох улаан буудайн үнэ өсөж, тариаланчид улаан буудайн үнээ нэмэхэд шатахуун, түлшний үнийн өсөлт нөлөөлснийг хэн ч хөндөхгүй. Дээр нь төрөөс тогтоодог татвар, хураамжийн хэмжээ, тог цахилгааны төлбөр жилээс жилд нэмэгдэж байгаа. Мөн шатахууны үнэ 100 төгрөгөөр өсөхөд нэг килограмм гурилын үнэ 50 төгрөгөөр нэмэгддэгийг бид мэднэ. Харин шатахууны компаниуд бүтээгдэхүүнээ ОХУ-аас ам.доллароор авч байгаа. Тэд ханшийн зөрүүнээс алдагдал үүрлээ хэмээн зовлон тоочдог нь ийн шалтгаантай. Зах зээл дээр борлуулагдаж буй гурилын үнэ энэ бүгдийн нийлбэр дээр тогтдог. Энэ алтан зарчмыг хөндлөнгөөс гажуулбал, гурилын үйлдвэр, тариаланч, эсвэл тэдэнд шатахуун нийлүүлдэг компани алдагдал хүлээнэ. Улмаар алдагдалтай бизнес дампуурч, бүтээгдэхүүний хомстол үүсэж, олон зуун хүн ажилгүй болох нийгмийн асар муу үр дагавартай. Тэгэхээр гурилын жилийн өмнөх үнэ ханшийг өнөөдрийнхтэй жиших өрөөсгөл юм.  Тийм болохоор газар тариалангийн болон шатахууны компаниудын ханшийн зөрүүний алдагдлыг засгийн газар хуваалцаж бүтээгдэхүүний үнийг хэт өсгөлгүй барьж байдаг.

Яг үүнтэй адил барилгын салбарын гурил болох цементийн үнэ ч ингэж тогтдог. Өнөөдөр цементийн үнэ өслөө гэж байна. Хэрэглэгчид бухимдах нь зөв. Учир нь төрөөс тогтоодог татвар хураамж, эрчим хүчний төлбөр өнгөрсөн таван жилийн хугацаанд 30-178 хувь өсжээ. Үйлдвэрүүдийн тог цахилгаан төлбөр гэхэд л кВт.цаг тутамдаа 100-178 хувиар өссөн байгаа юм. Тэгвэл үйлдвэрийн ажилчдын Нийгмийн даатгалын шимтгэл 2016-2020 онд 13 хувиар нэмэгдсэн. Түүнчлэн  2012 онд нэг тонн нь 1350 төгрөг байсан дизель түлшний үнэ өнөөдөр 2170 төгрөг болж, 69 хувийн өсөлт үзүүлжээ. Төмөр замын тээврийн үнэ тариф ч 2015 оноос хойш 30 хувиар өссөн. Цементийн түүхий эдийн ханш 2016 оноос хойш хоёр дахин өссөн гэх мэт үйлдвэрлэгчдийн үүрэх ачаа жилээс жилд хүндэрсээр байгаа. Гэсэн хэдий ч цемент нь барилга, зам тээвэр тэргүүтэй улсын хөгжлийн гол орц учраас үндэсний үйлдвэрлэгчид үнээ тогтвортой түвшинд барьж иржээ. Яг бодит тоо хэлбэл, өнөөдөр нэг тонн цементийн үнэ дунджаар 185 мянган төгрөгийн ханштай байна. Бүр тодруулбал, үндэсний үйлдвэрлэгчид 2016 онд нэг тонн цементийг 160-200 мянган төгрөгөөр хэрэглэгчдэд нийлүүлж байсан бол энэ жил цементийн дундаж үнэ 185 мянган төгрөг байна. Харин үйлдвэрлэгчдийн зардал хэрхэн өсөж, төрөөс тогтоодог татвар татаас хэрхэн нэмэгдсэн болохыг дээр дурдсан учраас дахин нурших хэрэггүй байх. 

Жижиглэнгийн худалдаачид үйлдвэрээс гарч буй энэ үнийг хөөрөгдөн ашиг олдог нь бодит байдал. Ямар сайндаа Барилга, хо байгуулалтын яамныхан цементийн үнэ өссөн сургаар удаа дараа шалгалт хийхэд, “Цемент үйлдвэрлэгчдэд асуудал алга. Үйл ажиллагаа нь хэвийн, үнээ нэмээгүй. Боломжит үнээр борлуулж байна. Зах дээрх үнэ, үйлдвэрлэгчдээс гарч байгаа үнэ хоорондын зөрүү асар их байгаа учраас үүнийг ченжүүд зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэжээ” хэмээн дүгнэх вэ. Ерөнхийдөө цементийн нийлүүлэлтийн асуудал байгаа нь үүнээс харагддаг. Эрэлт нийлүүлэлтийн зарчмаар цементийн үнэд тодорхой хэмжээний хэлбэлзэл гарч байсан нь үүнтэй холбоотой.

Монгол Улс удаан хугацаанд аж үйлдвэрийн суурь болох цементийн хэрэгцээгээ дотоодоосоо хангах зорилт тавьсны үндсэн дээр өнөөдөр үндэсний гурав, гаднын хөрөнгө оруулалттай нэг, нийт таван үйлдвэртэй болоод байгаа. Бид 2015 оныг хүртэл   хэрэглээний цементийнхээ  90 хувийг Хятадаас авдаг байлаа шүү дээ. Ердөө 6 жилийн өмнө Замын үүд хот тоос татуулсан манан дунд, үзэгдэх орчин хязгаарлагдмал хүчирдэн оршин байдаг байлаа. Энэ бол Хятадаас орж ирдэг чанар стандартын баталгаагүй тофу цементийн тоос. Ийнхүү барилга, зам гэх дэд бүтцийн салбаруудаа Хятадаас хараат байлгасны төлөөсөнд жил бүр тэрбумаар хэмжигдэх ам.доллар гадагшлуулж ирсэн гашуун түүх бий. Одоо ч ялгаагүй далай шиг их нүүрстэй атлаа мөн л Хятадаас цахилгаан эрчим хүчээ авсаар, нэг ч цахилгаан станц бариж чадалгүй дотроо булаалдсаар, жилд 400 гаруй сая ам.долларыг зөвхөн Таван толгойн эрчим хүчний хэрэглээнд гадагш урсгаж байна. Энэ нь барилгын материалын үнийн хэлбэлзэл өндөр байхад нөлөөлдөг байв.

Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2012 онд юанийн ханш, нийлүүлэлтээс шалтгаалан цементийн үнэ жилд дунджаар 15-20 хувь, зарим жил үүнээс ч өндөр хувийн хэлбэлзэлтэй байжээ. Үндэсний цементийн үйлдвэрүүдийг баригдахаас өмнө цементийн нэг тоннын үнэ 100 ам.доллар байсан бол өнөөдөр бид дотоодоос 100 хувь цементийн хэрэглээгээ хангаад зогсохгүй сүүлийн таван жил цементийн үнэ 50-65 ам долларын хооронд тогтвортой байлаа. Манай улсын цементийн хэрэглээ жилд 1.5 сая тонн гэж үзвэл энэ таван жилд манай улс нийт 300 сая ам.долларын хэмнэлт хийсэн байна. Үүн дээр нэмээд гадагш гарах мөнгөний урсгалыг зогсоож хэдэн мянган ажлын байрыг бий болгосон гээд жагсаавал их зүйл байгаа.

Монголчууд цементээ дотооддоо үйлдвэрлэдэг болсноор үнийн хэлбэлзэл үндсэндээ арилсан. “Монцемент”, “Мак цемент” тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчид гарч ирснээр үнийн хэлбэлзэл жилд 0-1 хувь болж тогтворжсон байгаа юм. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй улстөрчид “Цементийн үйлдвэрүүд ашигтай ажиллаж байгаа” хэмээн ташаа мэдээлэл хийсэн нь ор үндэслэлгүй болохыг энэ бүгдээс харж болох нь. Нөгөө талаар сүүлд ажил авсан Ерөнхий сайд ингэж андуу ойлголттой байх нь ч бас буруу биш аж. Монголд анх цементийн төсөл хэрэгжиж байхад, нэг квт.цаг эрчим хүч 100 төгрөг, нүүрс нэг тонн нь 65 мянган төгрөг, төмрийн хүдэр 15 ам.доллар, төмөр замын тээвэр 840 мянган төгрөг, нэг ам.доллар 1800 төгрөгтэй тэнцэж байжээ. Гэтэл өнөөдөр байдлаар валютын ханш 2800 төгрөг, нэг кВт.цаг эрчим хүч 192.78 төгрөг, нүүрс нэг тонн нь 130 мянган төгрөг, төмрийн хүдэр 45 ам.доллар, төмөр замын тээвэр сая төгрөг төгрөг болж, цементийн өртөг хоёр дахин өсөөд байгаа.  

Ер нь талх, гурил, цемент тэргүүтэй өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ ханш чөлөөт зах зээл дээр байнга өсөх биш, бас буурч болно. Гол нь бүтээгдэхүүний өртөгт хамгийн их нөлөөлдөг төмөр зам, цахилгаан эрчим хүчний үнэ тариф, түүхий эд зэрэг төрийн оролцоотой тогтворгүй бодлого маш их дарамт болж байгаа. Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханшийг тогтвортой байлгах ч төрийн үндсэн үүргүүдийн нэг. Ийм байтал ам.долларын зээл өгсөн аж ахуйн нэгжүүдээсээ ханшийн зөрүүний алдагдлыг нь нэхэж суух бас нэг өөр дарамт болж байгаа. Уг нь төр үүргээ бүтэн гүйцэтгэсэн цагт үндэсний үйлдвэрлэл тогтвортой болж ирнэ. Хэрэглэгчид зах зээлд итгэл үнэмшилтэй оролцож эхэлнэ. Энэ хэрээр үндэсний үйлдвэрлэгчдийн тэлнэ гэсэн үг. Ингэж цемент тэргүүтэй стратегийн бүтээгдэхүүнийхээ дотоодын хэрэгцээгээ дархлахгүй бол урьдын адил Хятад компаниуд манай зах зээл дээр ноёрхох магадлал өндөр хэвээр байгаа. Өнөөдөр Монголын зах зээл дээр тус бүр нь нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний үйлдвэрүүдээс гадна БНХАУ-ын төрийн өмчит CUCC-ийн мэдлийн “Мөнхийн баян гал” компани  үйлдвэр ажиллуулдаг. БНХАУ-ын тус үйлдвэр толгой компаниасаа жил бүр олон сая ам.долларын татаас авч, монголчуудтай өрсөлддөг гэдгийг анхаарах нь зүй ёсны асуудал болоод байна. Үүнийг эс тоовол Монгол Улсын цементийн хангамж үнэ тариф, ханшийн өсөлтөд чирэгдэж үйлдвэрлэгчидийг мохоож болохоор байна.Дахин асууя, Үндэсний үйлдвэрлэл түүхий эд, ханшийн өсөлт, элдэв тарифт чирэгдсээр, Монгол Улсад аж үйлдвэрлэл хэзээ хөгжих вэ?

3
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Үндэсний үйлдвэрлэл ханшийн өсөлт, элдэв тарифт чирэгдсээр л байх уу?

  • Avatar nyamaa says:

    ulsiin bodlogo gej baina uu? ded butsetsee hogjuuley gevel uildverlegchdee l ehleed demjmeer yum! hujaagiin erliizuud hujaa tsementee l bodnoldoo ugaasaa

  • Avatar Ts says:

    Uneniig bichijee
    Ardchilal gej shulsee tsatsan heden setguulchid ni ulsiin hamag nuutsiig delhii dayar tsatsna. Said darga baisan hed ni gadaadad ochij nuugdana bas tansaglana.
    Buteeh gej yvjiigaa negee tal talaas ni tsavchaa haij zulgaana
    Zulgaagdahgui bolohoor doromjilj gutgej shantaachlana
    Yana da yana