Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндсэн хуулийг өөрчилж амжихгүй бол дараагийн УИХ батална

УИХ дахь МАН-ын бүлгээр уг асуудлыг хэлэлцээд Засгийн газрын гишүүдэд гуравны нэгээр босго тогтоох заалтыг дэмжсэн байна. Харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой хэсгийг дахин нягтлах шаардлагатай гэжээ. Хуулиар бол сонгууль болохоос зургаан сарын өмнө л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой байдаг. Уг хугацаа нь энэ сард дуусна. МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин хэлэлцсэн асуудлын талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Засгийн газрын гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болох босгыг манай гиш үүд дэмжсэн. Нөгөө заалтын тухайд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж буй учир нухацтай ярих нь зөв. Ерөнхийлөгчийн болон Үндсэн хуулийн цэцийн саналыг авах хэрэгтэй. Мөн орон нутгаас ирүүлсэн саналыг ч судлая гэсэн. Энэ хүрээнд дагаж мөрддөг Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, түүний удирдлагын, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай зэрэг холбогдох хуулийн уялдаа, амьдралд хэрхэн нийцэж буй болон зөрж байгааг судлаад дараа нь хэлэлцье гэлээ” гэв.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хугацаа энэ сараар дуусгавар болно. Дахин судлана гэхээр энэ хугацаанд амжихгүй болно гэсэн үг юм биш үү?

-Хэрэв энэ сардаа багтаан хэлэлцэж дуусахгүй бол дараагийн УИХ батлахад бэлэн материалтай болж үлдэх юм. Тиймээс уг асуудлыг судалж, үргэлжл үүлэн ажиллахаар санал нэгдлээ.

-Гуравны нэг гэдэг босгыг ямар үндэслэлээр тогтоосон бэ. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй гээд шууд хориглож болохгүй юу?

-2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлттэй холбогдуулан тухайн үед Цэцээс ирүүлсэн дүгнэлтэд “Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн хязгаар хийж болно” гэсэн байсан. Үүнийг харгалзсан. Мөн гуравны нэгээс хэтрүүлэлгүй явж ирсэн үе бий. 2000-2004 оны Засгийн газрын 13 сайдын дөрөв нь л УИХ-ын гишүүн байсан. П.Жасрай гуайн Засгийн газрын үед ч ийм зохицуулалт хийдэг байсан учир гуравны нэг дээр санал нэгдсэн юм.

Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар олон жил ярилцлага, уулзалт, судалгаа хийж, мэргэжлийн хүмүүсийн саналыг сонссон. Үүнээс ч өргөн хүрээнд төслийг боловсруулж байсан ч УИХ дотроо яриад “Тэр болгоныг оруулбал хүндрэлтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байна. Тиймээс УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь дэмжсэн асуудлаа хэлэлцье” гэж тохирсон нь дээрх хоёр заалт юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.