Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үзэн ядахуйн өтөнд баригдах вий

“Хүн төрсөн ч байг, үхсэн ч байг, хөрөнгө мөнгө, гэр орон, эдлэн эзэмшлээ алдсан ч байг, халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм бус. Харин хүнлэг эрхэм чанараа гээвэл тун хайран. Жинхэнэ өмчөө алдаж байгаа нь тэр” хэмээн олон зуун жилийн тэртээ нэгэн гүн ухаантан хэлсэн байх юм.

Бусдыг үзэн ядах чивэлт араншин бие сэтгэлд нь нэвчсэн хэн боловч хүнлэг эрхэм чанараа хаяж гээсэн, өөрөөр хэлбэл жинхэнэ өмчөө алдсан хөөрхийлөлтэй нэгэн болж хувирна. Хүчтэй, зоригтой, хүнлэг хүмүүс үзэн ядалтын өвчний халдвар тэр болгон авдаггүй. “Үзэн ядалт-энэ бол сулхан хүмүүсийн уур хилэн”. Үлбэгэр сулхан хүмүүс уур хилэнгээ үзэн ядалтаар гадагшлуулдаг.

Хүнийг хайрлах нинжин сэтгэлийн орон зайг атгаг санаа агуулсан үзэн ядалт эзэлбэл хэн ч гэсэн хүн төрхөө алдаж, хайрлах нигүүлсэх сэтгэлээ мартана. Үзэн ядалт аюултай зүйл. Зүв зүгээр, амгалан тайван аж төрж байсан хүн үзэн ядахуйн хоронд хордвол зэрлэг араатны шинж рүү дөхөн ойртоно. Үзэн ядах төөрөгдөлд мансуурч яваа хүн замд тааралдсан болгоноо тасар татан хаяхад бэлэн араатан мэт авирлаж, цус хурсан харцаар ширвэж, гал дүрэлзсэн омгоор хуйхлах нь холгүй омогшино. Гал шиг бадарч явсан хайр руу ус цацвал хайрлаж явсан сэтгэлийн халуун галыг үзэн ядахуйн хүйтэн мөс хоромхон зуур түрэн эзэлж унтраах нигууртай.

Харах нүдний цэцгий мэт хайрлаж хамгаалж явахгүй бол цээж дүүрэн халуун сэтгэлийн хайр үзэн ядахуйн хүйтэн хонгил болон огцом солигдох явц алга урвуулах төдий агшинд ч тохиож болохыг залуу хүн бүр ихэд болгоомжлон санаж явах учиртай. Итгэл бишрэлээр дээдэлсэн эрхэм хүндтэй хүн нь итгэлийг хөсөрдүүлэн сэтгэлийг хоосолбол итгэх итгэл нь шүүдрийн ус мэт ууршин алга болж, үзэн ядахуйн өт хорхой язганан үржинэ.

Үзэн ядалтад зориулж байгаа харанхуй цаг мөч бүхэн хайрлаж хүндэтгэх ариун нандин үйлсэд зарцуулах гэрэлт цаг мөчийг орлож байгаа гэж бодохоор үнэхээр халаглан харамсмаар. “Үзэн ядалт-дургүйцлийн идэвхтэй мэдрэмж; атаархал-идэвхгүй мэдрэмж. Харин атаархал түргэн зуур үзэн ядалт болж хувирдагт гайхах зүйл үгүй”. Үзэн ядалтыг төрүүлэгч нэг эх үүсвэр нь атаархал гэгч албин ажээ. “Хүний бүх сэрлээс атаархал хамгийн жигшмээр нь. Атаархлын далбаан дор үзэн ядалт, урвалт болон далд явуулга нэгдэн жагсдаг”. Амжилттай яваа хэн ч гэсэн атаархагчдын хараанаас нуугдах хэцүү. Хэдийчинээ их авьяас чадвартай байна хэр тааруухан атаархагчдын хорыг маажиж, шарыг хөдөлгөх мэт жөтөөрхүүлнэ. Эрхэлж буй ажил, эзэлж буй албан тушаал хэчнээн чухал бөгөөд нэр хүнд, эрх мэдэлтэй байна, тэр чинээгээр атаач жөтөөчдийн овоо хараанд өртөж, атаархлын бай болох магадлал нь нэмэгдэнэ.

Атаачид нэгэнт тэдний хүрсэн түвшинд хүрч, олсон алдар нэрэнд ойртож, байр суурийг эзэлж чадахгүй болохоор хий дэмий хорсон, занал зүхлээр бах таваа хангаж, дотор сэтгэлдээ үзэн ядалтын гал өрдөнө. Тэгээд бусдаас давуу, олноос илүү амжилттай яваа хүмүүсийн нэр хаягаар бохир заваан үгсийн үер буулгаж, хов живийн аадар цутгана. Хүмүүсийн өнгөтэй өөдтэй бүхэнд атаархал шиг тийм их хөнөөл таригч шулмын хорлол байхгүй. Оргилд дүүлэх хүч чадалтны хэмжээ зэргэмжинд бэлд мөлхөх сул доройчууд санаа байгаад сачий нь хүрэхгүй болохоороо хорсоно, улмаар үзэн ядаж эхэлнэ. Бүхнээс илүү гарах шуналын хүсэл нь атаачдыг дотор талаас нь яс хэмлэх нохой мэт хэмлэн, байж суулгахгүй тарчлаана. Нэгэнт илүү гарч чадахгүй хүчин мөхөстөхөө мэдрэх тусам улам ихээр хорсож, бүр ихээр үзэн ядна.

Бусдаас давуу хийж бүтээж, амжиж чадаж байгаагийн буруу гэж байхгүй хэрнээ атаачдын амны зугаа, үзэн ядалтын бай болно. “Өөдгүй хүний хувьд агуу бөгөөд ариун зүйл рүү өөрийн үзэл бодлын угаадсыг цацаж, өөрийнхөө өчүүхний төлөө өш хонзон авахаас илүү таатай зүйл байдаггүй” гэж хэлсэн ухаантны үг юутай үнэн. Атаа жөтөө бол хүний сайхан сэтгэлд үрээ цацан хордуулан хөнөөдөг хогийн хорт ургамалтай адил адгийн зүйл. Үзэн ядалтын гол эх үүсвэр-атаа жөтөөний үрийг сэтгэлдээ ургуулахгүй байж л залуус та нар бусдын ололт амжилт, сайн сайхан бүхнээр бахархаж, хүнийг хайрлах сайхан сэтгэлээ цэвэр ариунаар хадгалж чадна. Худал хуурмаг амьдралынх нь хэв шинж, хэвшил дадал болсон хүмүүс үнэнийг тэвчин сонсож чаддаггүй, үнэн голоосоо үзэн ядна. Үнэнийг үзэн ядагч үнэнийг байгаа өнгөөр нь хэлж зүрхлэх зоригтныг бүр илүү үзэн ядна. Чинжүү мэт гашуун үнэн чихэр мэт амттай төөрөгдлөөс ямагт дээр байдаг тул хэн юу гэж хэлж, яаж үзэн ядаж байлаа ч чин үнэний нарийн зөргөөр чигээ өөрчлөлгүй итгэл төгс урагшил. Үнэн үгийг сонсох дургүй байна гэдэг сайн юм биш, сонсож байгаа дүр үзүүлэх мөртлөө чихээ бөглөсөн байх нь шившигтэй хэрэг, сонсож хүлээж авсан хэрнээ юу ч хийхгүй бахь байдгаараа дүлий дөмбө оргих нь адгийн хууралт.

Хүний чих дүлийрвэл эмчилж болно, төрийн чих дүлийрвэл эмчлэхэд бэрх. “Хэтэрхий зэрлэг үзэн ядалт биднийг, өөрсдийг маань үзэн яддаг тэр хүмүүсээс ямагт доогуур тавьдаг”. Үзэн ядалтыг, илүү чанга үл тэвчих үзэн ядалтаар ялан дийлж дээр нь гарна гэж хэзээ ч үгүй. Галыг гал унтраадаггүй, ус унтраадаг болохоор үзэн ядалтын төөнөсөн галыг хайр энэрлийн ариун усаар умдаалан зөөллөж тайтгаруулна. Үзэн ядалтын гал дээшээ дүрэлзэн асдаг ч эцэстээ үнс нурам үлдэнэ. Хайр энэрлийн ариун ус уруугаа урсавч эцэстээ ууч сэтгэлийн өргөн уудам далай тэнгисийг үүсгэн, түмэн олныг ивээнэ.

Насан туршдаа бие биенээ үзэн ядсан хүмүүсийн хүүхдүүд нь мөн л бие биенээ үзэн ядах сэтгэлийн хорлолд хордсон байх нь түгээмэл. Улмаар удам дамжсан өс хонзон, өшөө хорсол, үзэн ядалт болон даамжирдаг аюултай. “Үзэн ядалт өв уламжлагдсан байж болно, харин хайр хэзээ ч үгүй”. Хэн нэгнийг хайрлаж байсан эцгийн хайр хүүд нь тэр чигээрээ уламжлагдсан гэж сонссон уу? Тийм зүйл хаана ч байхгүй. Үзэн ядалт, хайр хоёрын уламжлагдах, эс уламжлагдах эрс ялгаа үүнд оршино. Хэн нэгэн чамайг үзэн ядсан харцаар харж, үгээр дайрч эхэлбэл түүнд өсөрхөн сөрж, уурлан цухалдах биш, уужуу тайвуу байж, би ямар буруутай билээ гэдгээ эхлээд бодож тунгаа.

Чиний уурыг дэвэргэж байгаа бусдын үзэн ядалтаас илүү өөрийн чинь уур цухал ихээхэн гай тарьж болохыг бодолц. “Хүн олон юмгүйгээр байж чадна, гагцхүү бусад хүнгүйгээр байх аргагүй”. Иймд өөртэйгөө таарч тохирохгүй бүх хүнийг үзэн ядаж түлхэхгүй, хүний орчлонд хүмүүсийг өөртөө татан эв найртай зохицон амьдрах арга ухааныг ямагт сүвэгчил. “Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицож амьдардаг. Дорд хүн л харин өөртөө тохирох хүмүүсийг хайдаг” хэмээн хэлсэн их сэтгэгчийн үг бүгдэд хүртээлтэй. Өөрт нь хэрэг болох зүйлсийг үглэн дуулан хэлж байхад өөрт нь хор хүргэж, гай тарьснаас дутуугүй дургүйлхэх, өвчтэй биш мөртлөө эрүүл бус, үзэл бодлын үзэн ядахуйн хоронд гүн хордогсод хайран. Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсрээстэй гэдэг шиг сайн ч үг хэлсэн, муу ч үг дуулгасан зөвхөн сөргөлдөх ганцхан харанхуй цонхоор ертөнцийг харагч, үзэн ядахуйн өтөнд баригдагсад хөөрхийлөлтэй. Юун тухай хэлж байгааг эс ухаарах мөртлөө юуны туханд хүрэлгүй хорслын суваг шуудуугаар хараалын бохир ус урсгагчид юутай харамсалтай. Үзэн ядалт бүхэн муу зүйл биш ээ.

Буруу бусармаг үйлдлийг үл тэвчин, үзэн ядаж эсэргүүцэн, эрслэн тэмцэх нь чин шударга, ариун журамт хүн бүрийн гүйцэтгэх ёстой үүрэг. Дундуур ходоодтой, дутуу нойртой хүн уцаартай байх нь тодорхой ч шударга бус үйлдэл хүмүүсийн уур хилэнг түүнээс олон дахин илүү өдөөдөг. “Ихэнх хүний шударга ёсыг хайрлах сэтгэл шударга бус явдалд өртөх вий гэдэг айдас л юм шүү дээ”. Шударга бусын гашуун зовлонг биеэр амсан туулсан хэн ч гэсэн бэлчээрт яваа хонь шиг номхон тааваараа байдаггүй. Шударга бусын сүүдэр ганц хүн дээр тусна уу, олныг хамарч харанхуйлна уу, аль ч нөхцөлд зэвүүцэл, үзэн ядалтын сэрэл мэдрэмжийг хүчтэй цочроон сэрээдэг. “Үзэн ядалт зэвүүцэлтэй хослохоороо ямар ч дөнгийг сэгсэрч чадах” зориг хүчийг хуримтлуулна.

Шударга бусад дургүйцэх ард олны зэвүүцлийг дэврээж, үзэн ядалтын түймэр дэгдээх нэн осолтой. Вааран саванд хадгалаастай байсан түмний уур хилэнг тагийг нь онгойлгон гадагшлуулбал савандаа буцаж амархан орох болов уу?

"Титэм үг"   Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди  

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.