Монгол улсын Ерөнхийлөгч “Мод тарих үндэсний өдөр”-тэй болох тухай зарлиг гаргасан билээ. Энэ өдрийг жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт тэмдэглэж байхаар тогтсон гэдгийг уншигч та санаж байгаа байх. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 15-ны өдөр бүх нийтээр мод тарих ажлыг улс даяар зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж IV цахилгаан станцын дэргэдэх “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн”-д иргэнийхээ үүргийг гүйцэтгэж мод тарих юм. Мөн ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд мод тарих аж. Мод тарих арга хэмжээнд бүх яам, тамгын газар, харьяа байгууллагын ажилтан, албан хаагчид, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга нар оролцож мод суулгах талбайг сонгож, нутаг дэвсгэрийнхээ ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүхэн хамруулж идэвхтэй оролцохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, НЗДТГ-аас уриалж байна.







0 Сэтгэгдэл