Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮАБЗ-ийн ажилтан машинаасаа төрийн нууцад хамаарах бичиг баримт алджээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны референт Б.Алтан-Очир улсын нууцад ха маарах бичиг баримт авч явж байгаад өнгөрсөн ням гаригт машинаасаа алджээ. Энэ асуудлыг ЭЦГ болон ТЕГ-ын холбогдох албаныхан шалгаж байгаа гэх мэдээлэл буй ч тэд ихэд нууцалж байв. Бидэнд олдсон мэдээллээр уг хэрэг энэ сарын 23-ны 15.15 цагийн үед гарчээ.

Түүний гэр Хан-Уул дүүргийн нутаг, “Жаргалан” хотхонд байдаг бөгөөд тэрбээр тухайн үед Улсын их дэлгүүрийн хойд талын нэгдүгээр байранд амьдардаг нэгэн айлд оржээ. Б.Алтан-Очирын унаж явсан “Ланд круйзер-100” маркийн 23-65 УБЦ улсын дугаартай автомашин хүүгийнх нь юм байна.

Гэмт этгээд машины цонхыг хагалан дотор нь байсан цүнхтэй бичиг баримт, тэмдэглэлийн дэвтэр, “Сони” дуу хураагуурыг нь авч оджээ. Б.Алтан-Очир ердөө 10 минут болоод гараад ирэхэд ийм хэрэг гарсан байж.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн нууцын зэрэглэлд хамаарах чухал бичиг баримтыг Б.Алтан-Очир юуны учир амралтын өдөр авч явсан нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс энэ асуудлыг ТЕГын Мөрдөн байцаах хэлтсээс шалгаж тогтоохоор ажиллаж байгаа гэсэн мэдээллийг эх сурвалж мэдээлэв. Харин ЭЦГ-ынхан “ҮАБЗийн Ажлын албаны нэг ажилтан машинаасаа эд зүйл алдсан гэх мэдээллийн дагуу шалгаж байна.

Үнэхээр машинаасаа алдсан уу, машинд нь бичиг баримт байсан уу гэдгийг юуны өмнө тогтооно” гэлээ. Өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр цүнхэн дотор Монгол Улсын ашигт малтмалын стратегийн чухал ордод тооцогдож олон хүний анхаарлын төвд байгаа “Тавантолгой” төсөл, мөн түүний санхүүжилтээр хийгдэх “Их Монгол сан”-гийн төсөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, хар саарал өнгийн “Sony ICD-SX 850” жижиг дуу хураагуур байжээ.

Улсын нууцад хамаарах мэдээ, баримт сэлтийн хадгалалт хамгаалалт муу, хэн дуртай нь авч гарч байгааг энэ явдал харуулав. Уг нь Төрийн нууцын тухай хуульд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээ, баримт бичиг, бусад зүйлийн нууцалбал зохих хэсэгт” хамаарахаар заажээ.

Мөн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал, номлол, улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой, энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээлэл агуулсан бөгөөд төлөөлүүлсэн нэр, шифр, дугаар хэрэглэж нууцалсан мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа, УИХ-ын чуулган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, төрийн нууцад хамааруулсан мэдээлэл агуулсан мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг” байнга төрийн нууцад хамааруулахаар заасан байдаг аж.

Холбогдох байгууллагынхан “Ийм чухам баримт сэлтийг уг нь төмөр шүүгээнд хадгалж, гадагш авч гарахыг хориглодог. Энэ тохиолдолд Б.Алтан-Очир ямар зорилгоор яах гэж албан өрөөнөөсөө авч гарсан нь анхаарал татаж байна. Тиймээс тагнуулын байгууллагынхан зохих хууль журмынхаа дагуу энэ асуудлыг шалгах нь зүйтэй байх” гэсэн юм.

Магадгүй төрийн албыг мөнгө олох хэрэгсэл болгож ашигладаг хүмүүс гадаад дотоодынхонд дамжуулж ашиг хонжоо олох гэж байсныг ч үгүйсгэхгүй хэмээн хардах хүн ч байна. Харин тагнуулын байгууллагынхан “Хулгайн хэрэг учраас цагдаагийнхан шалгаж байгаа. Манайх улсын нууцад хамаарах баримт сэлт гэдэг нь батлагдвал шалгах болно” гэсэн мэдээлэл өглөө.

Бидэнд олдсон мэдээллээр Б.Алтан-Очир нь Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн төвийн Бүртгэл тооцооны хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд АМГ-ынхантай холбоотой хэрэгт шалгагдаж байсан нэгэн аж.

Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.