Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Яст мэлхийн хурдтай дархлаажуулалт

Манай улс хүн амаа коронавирусийн эсрэг вакцинд хамруулчихсан юм шиг л сүүлийн өдрүүдэд хэт назгайрах боллоо. Дархлаажуулалтыг эхлүүлсэн өнгөрсөн сарын 23-нд Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлснийг мэдээлсэн. Вакцинжуулалтын дөнгөж эхний өдөр тийнхүү сүржин мэдэгдэл хийж, цар тахал ард хоцорсон мэтээр сурталчилснаас өдгөө шинээр илрүүлж буй халдварын тоо өдөрт 30, 40-өөс буурахаа болив.

Тэдний дунд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй тохиолдол ч олшрох боллоо. Иргэд ч вакцин хийгээд эхэлчихсэн гэсэн шиг “Ковид-19”-өөс эмээхээ больж, халдвар хамгааллын дэглэмээ мартав. Гэтэл ачир дээрээ иргэдийг дархлаажуулах вакцины сураг, чимээ огт алга. Оруулж ирсэн цөөн хэдэн тун вакцинаараараа хамгийн эрсдэлтэй бүлэг гэгдэж буй эрүүл мэндийн салбарынхныг ч дархлаажуулж дуусаагүй байна. Ийм байхад бид хэрхэвч тайвширч болохгүй.

Коронавирусийн эсрэг вакцин хийж эхлээд 10 хонох гэж байхад явц нь яст мэлхийн хурдтай байгааг иргэд шүүмжилсэн. Засгийн газар, УОК-ынхон Оксфордын их сургууль, “АстраЗенека” компанийнхны хамтран гарган авсан “AZD-1222” вакцинаас 150-хан мянган тунг оруулж ирчихээд “Ковид-19”-ийг дарчихсан мэт аяглах нь утгагүй. Учир нь олон улсад коронавирусийн III хэв шинжээр хувирсан мутацаар олон хүн халдварлах болжээ. ДЭМБ-аас шинэ мутацын давлагааг Европын орнуудад ирэх дөрөвдүгээр сард, Азид намраас эхэлж болзошгүйг сэрэмжлүүлэв. Дэлхийн хэмжээнд бүтээж буй вакцинууд уг мутацаас хамгаалах, эсэх нь ч тодорхойгүй. Ямартай ч хаалга тогшиж буй одоогийн аюулаас сэргийлж, эдийн засгаа сэргээх ганц арга нь манайд вакцинжуулалт болчихоод буй. Гэтэл албаныхан яагаад алгуурлана вэ.

ЭМЯ-ны өчигдрийн 11.00 цагийн хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам вакцинжуулалттай холбоотой манай сэтгүүлчийн асуултад “Одоогоор 11 120 хүнийг коронавирусийн вакцинд хамруулаад байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын 20 орчим хувь юм. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 орчим хувьд нь халуурах, үе мөч, толгой өвдөх, дотор муухайрах, ядрах, тариулсан хэсэгт хөндүүрлэж, хавдах зэрэг түгээмэл хариу урвал илэрсэн. Эдгээр зовуурь нь аюулгүй бөгөөд 1-2 хоногийн дараа арилна. Ямар нэгэн ноцтой хүндрэл, урвал өөр гараагүй. Вакцинжуулсан хүмүүсийг цахимаар нэгдсэн бүртгэлд оруулж байгаа. Бид эхний ээлжийн вакцинаараа нэн тэргүүнд халдварын голомт, хариу арга хэмжээний багт ажиллаж буй хүмүүсийг дархлаажуулж байна. Бусад бүлгийн хүм амыг вакцинжуулах ажлыг энэ долоо хоногоос эрчимжүүлсэн. Одоогоор нийслэлд 31 багийн 300 гаруй эмч, мэргэжилтнүүд дархлаажуулалтын кампанит ажилд оролцож байна. Эхний ээлжид цөөн хүн хамруулж байгаа учраас Дархлаажуулалтын бүх кабинетаар коронавирусийн вакцин хийхгүй. Өргөн хүрээнд явуулж эхэлмэгц дархлаажуулалтын анхан шатны нэгжүүдийг дайчилна. Эрсдэлт бүлгийнхнийг вакцинжуулах ажлыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хүн хоорондын зай барих, үзлэгт хамруулах, ажиглаж, хянах зэргээр хугацаа зарцуулж буй учраас өдөрт дунджаар 1500-1800 хүнийг хамруулж байна. Вакцины хангалттай холбоотойгоор дархлаажуулах хүн амын бүлгүүдийг эрэмбэлсэн” хэмээн хариулав.

УОК, ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу хүн амын тодорхой хувийг вакцинжуулах ажлыг зохион байгуулна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн дагуу ДЭМБ-аар баталгаажиж, олон улсад ашиглахыг зөвшөөрсөн вакцинаар л хүн амаа дархлаажуулах аж. Гэтэл ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэдхэн хоногийн өмнө ОХУ-аас импортолсон 10 000 тун “Спутник V” вакциныг дархлаажуулалтад ашиглах гэж буй талаар мэдээлэв. Учир нь “Спутник V” болон БНХАУ-ын “Синофарм” компанийн вакциныг манай улс эмийн бүртгэлдээ албан ёсоор оруулсан тул ийн боломжтой гэв. Харин Эрүүл мэндийн сайд Л.Энхболд түүний эл мэдэгдлийг үгүйсгэж, ДЭМБ баталгаажуултал дээрх хоёр вакциныг хэрэглэхгүй хэмээсэн. Тэгвэл О.Дашпагам дарга энэ талаар “Дархлаажуулалтын болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу манайх гадаад, дотоодод бүртгэсэн вакциныг хэрэглэж болно” гэх зэргээр зөрүүтэй мэдээлсээр байна.

Манай улс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хүн амынхаа 60 хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсний 20 хувийг “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй оруулж ирэх болзол хангаад буй. Харин үлдсэн 40 хувийг нь Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилтээр нийлүүлэхээр ажиллаж буйгаа албаныхан хэллээ. Үүнд 226 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан. УОК-ынхон иргэдээ богино хугацаанд вакцинжуулахад онцгой анхаарч буйгаа ч өдөр бүр мэдээлсээр. 21 хоногийн хугацаатай хоёр удаа хийж байж дархлаа тогтох “АстраЗенека”-гийн 150 000 тун вакцинаар 75 000 хүнийг дархлаажуулна. Өдөрт дунджаар 1500 орчим хүнийг үүнд хамруулж байгаа тохиолдолд албаныхны төлөвлөж буй шиг ажил урагшлахгүй нь бололтой. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтыг энэ хурдаар үргэлжлүүлбэл хүн амын 60 хувийг вакцинжуулахад гурван жил гаруйн хугацаа шаардлагатай гэсэн тооцоо бий.

Тэгвэл Засгийн газраас ирэх арваннэгдүгээр сар гэхэд хүн амын 60 хувийг буюу хоёр сая гаруй иргэнийг вакцинжуулж дуусгахаар зорьжээ. Энэ хугацаанд вакцины нөөцийг тасалдуулахгүй гэдгээ ч мэдэгдэв. Харамсалтай нь, тэдний эл амлалт амьдралд төдийлөн буухгүй байгааг вакцинжуулалтын өнөөгийн явц харуулж буй юм. Цаашид уг ажлыг хэрхэн эрчимжүүлэхийг ЭМЯ, ХӨСҮТ-ийнхнөөс тодруулахад “Вакциныг их хэмжээгээр оруулж ирсний дараа” гэж хариулна лээ. Судлаачдын хэлснээр өдөрт дунджаар 15 000 гаруй хүнийг вакцинжуулж байж дээрх зорилтод хүрэх боломжтой гэнэ.
Дэлхийн улс орнууд өдгөө вакцинжуулалтын хурдаараа өрсөлдөж байна. БНЭУ гэхэд л 21 хоногийн дотор таван сая иргэнээ дархлаажуулсан дэлхийн анхны улс болоод буй. Тус улс өнгөрсөн нэгдүгээр сарын 16-наас хүн амаа вакцинд хамруулж эхэлсэн юм байна. Одоогоор 10 гаруй сая хүнд коронавирусийн дархлаа тогтсон гэж мэдээлж буй. Тэд “АстраЗенека”-гийн вакциныг үйлдвэрлэн, 25 улсад нийлүүлэхийн сацуу хүн амаа ийнхүү хурдтай вакцинжуулсаар байна. Тэгвэл АНУ, Британи, Израил улс 24-45 хоногт таван сая иргэнээ дархлаажуулсан амжилтаар Энэтхэгийн дараа бичигдэж буйг олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Тэгвэл БНХАУ өдөрт нэг сая иргэнээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулж буй бөгөөд ирэх зургадугаар сар гэхэд хүн амынхаа 40 хувийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Үүний тулд өдөрт дунджаар зургаан сая гаруй хүнийг вакцинд хамруулах шаардлагатай болсон байна. Өдгөө дэлхийн улс орнуудаас хүн амынхаа 50 орчим хувийг “Ковид-19”-ийн вакцинд хамруулсан үзүүлэлтээрээ Израил тэргүүлж буй. Харин хоёрдугаарт, Британи 23, Бахрейн 15, Чили 12.1, АНУ хүн амынхаа 11.8 хувийг дархлаажуулсан амжилтаар тус тус удаалжээ. Үйлдвэрлэгч орнууд энэ онд “Пфайзер”, “БиоНтех” компанийн “BNT-162b2” вакциныг хоёр тэрбум, “АстраЗенека”-гийн “AZD-1222”-ыг гурван тэрбум, “Модерна”-гийн “MRNA-1273”-аас нэг тэрбум тунг үйлдвэрлэн, бусад улсад борлуулахаар төлөвлөжээ. Өдгөө дэлхийн хэмжээнд 164 вакцин туршиж буй бөгөөд 11 нь эмнэл зүйн туршилтаа давж, үйлдвэрлэхэд бэлэн болсныг ДЭМБ мэдээлэв. Өөрөөр хэлбэл, улс орнууд одооноос вакцины нөөц, хангалтад санаа зовох шаардлагагүй болж буйг дээрх тоо баримт илтгэнэ. Ийм байхад манай эрх баригчид наадам, Цагаан сарыг хориглочихоод, намын баяр, цэнгүүнийг хөгжөөсөн шигээ өдөр хоногуудыг өнгөрүүлсээр байвал хүн амаа вакцинжуулахад хугацаа алдсаар, халдварын тоо нэмэгдсээр байх нь дамжиггүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Яст мэлхийн хурдтай дархлаажуулалт