Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Японы гишүүд хямд “Crown”, манайхан хамгийн үнэтэй “Land Cruiser” унадаг

 УИХ-ын дарга Д.Дэмбэрэл саяхан Япон улсад айлчлаад, ганзага дүүрэн олзтой ирэв. Сурвалжлагч бидний нүдэнд Японы зарим зүйл сонирхолтой, авууштай санагдлаа. Тэдний Парламент Зөвлөхүүдийн, Төлөөлөгчдийн гэсэн хоёр танхимтай. Парламентын ордон нь манайхтай харьцуулахын аргагүй аварга байгууламж. Бараг 20-иод давхар гишүүдийнх нь ажлын өрөө харин замынхаа нөгөө талд юм. Хуралдааны танхим, ажлын өрөө хоёр нь газар доогуур холбогддог. Хамгийн сонирхолтой нь бид нар гурван хотоор орохдоо “Land Cruiser” машин үйлдвэрлэдэг улсад нь бараг л олж харсангүй. Ердөө хоёртой таарсан гээд бод доо. Япончуудад ийм үнэтэй, тансаг машин унах хэрэгцээ ч байдаггүй гэнэ. Монголынх шиг саад бартаатай зам тэнд алга. Бүх аймаг, сум нь хурдны замаар холбогдсон учраас шатахуун бага зарцуулдаг, хямдхан ямар ч жижиг машинаар хаашаа ч зорчсон асуудал үүсдэггүй аж. Парламентынх нь гишүүд ч ийм сэтгэлгээтэй. Манайхны дундаж амьдрал тай иргэдийн унадаг “Crown” нэртэй “Toyota”- гийн суудлын жижиг тэргийг тэндхийн Парламентын гишүүд нь алба, аминыхаа хэрэгцээнд унадаг юм билээ. Парламентынх нь үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчид ч дураараа дургиад байдаггүй.

Яг л гишүүд шигээ зөвхөн өөрт нь зааж өгсөн суудлаас л ажлаа хийдэг гэсэн. УИХ-ын дарга япончуудын хувьд их хүндтэй зочных нь нэг байв. Гэтэл айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид жирийн л нэг машин хөлөглөж, цуваанд нь ямар ч хамгаалалт энэ тэр эд гаргаж өгөөгүй нь эхлээд гайхал төрүүлж орхисон юм. Манайд төрийн өндөр хэмжээний зочид ирвэл зам хааж иргэдийг бухимдуулна. Бөөн түгжрэл үүсгэхээр машинтай, машингүй зорчигчид бухимдахаас аргагүйд хүрнэ. Харин Японд тийм зүйл огт үгүй юм байна.

Үндсэн хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг шиг Японы талын урьсан эрхэм хүндтэй зочин буюу манай УИХ-ын дарга замын хөдөлгөөнд оролцохдоо наран улсын иргэдээс илүү эрх дарх огт эдэлсэнгүй. Замын улаан гэрэл асангуут явган зорчигчдыг ногоон гэрлээр заавал гаргана. Энгийн хүний нүдээр харахад энэ нь их таатай, тэгээд Монголд авууштай санагдлаа. Бас Парламентын засаглалтай Монгол Улс Парламентынхаа ордныг түргэн бариад авах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж явав. Тэдний Парламент, Засгийн газар тусдаа байртай. Гишүүдийнх нь хуралдааны танхим албаны өрөө нь ч нэг замын хоёр талд байгаа нь аюулгүй байдал, ажил явуулах талаасаа их зохимжтой санагдлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.