Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ялалтын баяраа тэмдэглэв

Өчигдөр Оросын нийслэл Москва хотын Улаан талбайд дэлхийн II дайнд ялсны 65 жилийн ойн ёслолын парад болов.
Москвагийн цэргийн тойргийн командлагч хурандаа генерал Валерий Герамисов, Оросын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков нар баярын жагсаалд оролцож буй цэргүүдэд ялалтын баярын мэнд хүргэсний дараа Оросын Ерөнхийлөгч Дмитрий баярыг нээж үг хэлэв.
“Та бүхэнд ялалтын баярын мэнд хүргэе. Оросын ард түмэн эх орны төлөө дайнд амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдыг хэзээ ч мартах ёсгүй. Энэ дайн биднийг хүчирхэг улстай болгосон. Бид зөвхөн цэрэг, техникээр ялаад зогсоогүй, ёс суртахууны хувьд ч ялалт байгуулсан” гэж Оросын төрийн тэргүүн мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр дэлхийн өмнө тулгарсан шинэ сорилтууд болон заналхийллийг даван туулахад улс орнууд хамтран нэгдэж, дэлхийн II дайнтай адил хэрэг явдал гарахаас сэргийлэхийг уриалжээ.
Үүний дараа Оросын зэвсэгт хүчний бүх анги нэгтгэлийн төлөөлөл, дэлхийн II дайнд оролцсон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд- Азербайжан, Армян, Беларусь, Казахстан, Киргиз, Тажикстан, Туркмен, Украин, Молдавын болон АНУ, Франц, Их Британи, Польшийн зэвсэгт хүчний цэргүүд ялалтын баярт уригдан ирсэн төрийн тэргүүн нарын өмнө жагсан явжээ. Ялалтын баярын жагсаалд 10500 цэрэг, цэргийн 150 гаруй техник хэрэгсэл оролцжээ. Түүнчлэн Улаан талбайн дээгүүр нийт 165 нисэх онгоц нисч, ойн баярын 65 гэсэн тоо агаарт дүрслэн харуулсан байна.
Ням гарагт Москва хотноо болсон дэлхийн II дайнд ялсны 65 жилийн ойн арга хэмжээнд Хятадын Ерөнхийлөгч Ху Жиньтао, Германы Канцлер Ангела Меркель зэрэг гадаадын 20 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцсоноос гадна 24 орны 200 гаруй ахмад дайчин тус арга хэмжээнд оролцжээ. АНУ, Их Британи, Польш, Францын цэргүүд ялалтын баярт анх удаа оролцсон байна. Баярын жагсаалын дараа төр, засгийн тэргүүн нар болон гадаадын ахмад дайчид Кремлийн ойролцоох Александровский цэцэрлэгт хүрээлэнд байрлах нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн булшинд цэцэг өргөжээ.
Ялалтын баярыг Оросын 36 хотод тэмдэглэхэд нийт 102 мянган цэргийн албан хаагч оролцсоныг дэлхийн II дайны 200 мянган ахмад дайчин үзэж сонирхсон байна.
Зөвлөлтийн зэвсэгт хүчний дээд командлагч Иосиф Сталины тушаалаар 1945 оны зургадугаар сарын 24-нд Улаан талбайд ялалтын баярын жагсаалыг анх хийж байжээ. Дэлхийн II дайнд Зөвлөлтийн 26,6 сая хүн амь үрэгдсэний 8668400 нь цэргийн албан хаагч байсан гэсэн тооцоо гарчээ. С.Отгонбаяр

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.