Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ялагдашгүй ЯЛАЛТУУД

Эзэмшсэн мэргэжил, дурласан салбартаа чин сэтгэлээ зориулж, амжилт гарган, тууштай, хөдөлмөрлөж яваа гурван залуу “Нэр нэгтийн чих нэг” булангийн маань зочин. Энэ удаа жүжигчин Н.Ялалт, SPS сувгийн ерөнхий продюсер, “NBA talk” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ялалт, “Ялалтын парад” радио шоуны хөтлөгч Б.Ялалт нарыг онцоллоо.

Н.Ялалт оюутан ахуйгаасаа орчуулгын кинонд дуу оруулж, СУИС-ийг 1999 онд С.Сугар багшийн удирдлагад төгссөнөөсөө хойш дэлгэцийн урлагаас хөндийрөөгүй. Өдгөө “Нандин фильм” кино компани байгуулж, бие даасан уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр зорьж явна. Ажлын гараагаа “HiFi 98.9” богино долгионы радиогоос эхлүүлсэн Б.Ялалт өдгөө “Улаанбаатар радио 102.5”-аар овоглож буй. Тэрбээр сүүлийн үеийн, шилдэг дуу хөгжмийг бусдаас түрүүлж сонордуулдаг, дуу болон уран бүтээлчтэй нь холбоотой мэдээллийг цогцоор нь хүргэдэг, чадварлаг хөтлөгч. 2006 онд “Eagle” телевизэд ажиллаж байсан залуус “Монголд Америкийн сагсан бөмбөгийг ойртуулъя, өөрсдөө нэвтрүүлгээ хөтөлье” хэмээн санаа нийлснээр өдгөө үзэгчдийн сайн мэдэх “NBA talk” нэвтрүүлгийг олны хүртээл болгосон түүхтэй. Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл Б.Ялалт тус нэвтрүүлгээрээ үзэгчидтэй “уулзаж” байна.

Амьдай зочид ижил асуултад хэрхэн хариулсныг сонирхоорой.

  1. Таны хүүхэд насны хамгийн том мөрөөдөл юу байв. Тэр мөрөөдөлдөө хүрсэн үү?
  2. Та эцэг, эхээ хэзээ хамгийн их баярлуулсан бэ?
  3. Таны аав, ээжийн захиаснаас хамгийн мартагддаггүй нь ямар үг
    байдаг вэ?
  4. Үлгэр дуурайл болгодог хүн тань хэн бэ. Яагаад?
  5. Таны хийсэн хамгийн бахархмаар зүйл юу вэ?
  6. Одоогоос 20 жилийн дараах өөрийгөө төсөөлнө үү?
  7. Алдаа бүхэн сургамж болдог. Өөрөөсөө ичиж, түүнээсээ ухаарал авсан туршлагаасаа ярина уу?
  8. Хэр шударга хүн бэ. Хэлэх гэснээ хэнээс ч эмээхгүй хэлж чаддаг уу. Үүнээсээ болж буруутаж байв уу?
  9. Хамгийн сүүлд хэзээ баярын нулимс унагасан бэ. Яагаад?
  10. Хүн насан туршдаа суралцдаг. Оройтсон ч гэсэн суралцахыг хүсэж буй зүйл тань юу вэ?
  11. Мэргэжил тань таныг ямар зөв дадал, муу зуршилтай болгосон бэ?
  12. Ажил мэргэжлээсээ өөр ямар зүйлийг гаргууд хийдэг бол?
  13. Цаг хугацааг ухраах боломж олдвол өөрчлөх, засахыг хүсдэг зүйл бий юү?
  14. Нэг өдрийн турш өөр хэн нэгний биед “шургах” боломж олджээ. Та хэний амьдралаар нэг өдрийн турш амьдарч үзэхийг хүсэх вэ?
  15. Монголд байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнтэй газар олон. Таны сэтгэлд хоногшсон, очих дуртай ямар газар байдаг вэ?

Н.ЯЛАЛТ: МОНГОЛ ОРНОО МОТОЦИКЛТОЙ ТОЙРОХ МӨРӨӨДӨЛТЭЙ

  1. Амьдрал үзэх тусам хүүхэд насны гэнэн мөрөөдөл биелэгдэшгүй болж алсрах, цаг хугацааны явцад мартагдсан нь бий. Сэтгэлд үлдэж, биелүүлж чадсан нь гэвэл жүжигчин болсон явдал.

2. Мэндлэхдээ хамгийн их баярлуулсан байх. Би аав, ээждээ гурван охиных нь дараа төрсөн анхны хүү нь. Дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн жүжигчний ангид тэнцэхэд, эзэмшсэн мэргэжлээрээ онц төгсөхөд баярласан болов уу.

3. Аав минь аливаад шударга хандахыг зааж, сургасан. Өөрөө ч надад үлгэрлэсээр ирсэн.

4. Хамгийн том үлгэр дуурайл минь аав.

5. Өөрөөрөө бахархах зүйлээ хийж амжаагүй ч байж магад.
Өмнө минь зам, хийж бүтээх эрмэлзэл, боломжууд байна. Харин
өнөөдрийн хувьд мэргэжилдээ үнэнч байж, кино урлагийнхаа төлөө
зүтгэж буйгаараа бахархдаг.

6. Бодож, төлөвлөсөн зүйлүүдээ амжилттай хийж чадвал өнөөдрийнхөөсөө хэд дахин илүү шат ахисан байна.

7. Алдаагаа засах гэж оролдсоор, өөртэйгөө тэмцсээр явна. Зарим тохиолдолд би хурц авир гаргачихдаг. Тэр үедээ бусдад хатуу үг хэлдэг, буруу сэтгэгдэл төрүүлдэг. Энэ ааш авираа засахыг хичээж байгаа. Өөртэйгөө тэмцэх тийм ч амар биш. Алга урвуулахын төдийд өөрчлөгдчихгүй шүү дээ.

8. Буруутах үе бишгүй. Нэг хүний буруу, хайхрамжгүй байдлаас болж кино группийн ажил доголдлоо гэж бодъё. Тийм тохиолдолд би хатуухан үг хэлнэ, шүүмжлэлтэй хандана. Хэлээ хазаад өнгөрч чадахгүй. Гэтэл дараа нь “Ялалт ах муухай ааштай. Ажиллахад төвөгтэй” гээд л яриа гарчихдаг. Уг нь хариуцсан ажлаа л сайн хийчихвэл би аашлаад байхгүй шүү дээ.

9. Охин минь “Аав аа, та миний хамгийн том бэлэг шүү. Танд маш их хайртай” гэж хэлэхэд нулимс гарсан. Охин минь дөрвөн настай.

10. Олон зүйл бий. Гадаад хэлээс авхуулаад мэдлэг, боловсролоо ахиулахыг хүсэж байна.

11. Ямар нэг зүйлд зоривол бүх анхаарлаа тийш нь чиглүүлдэг. Жишээ нь, шинэ уран бүтээлд ажиллахаар болбол бүх зүйлээ зориулдаг. Энэ нь мэргэжлээс минь надад суулгасан хамгийн үнэт чанар.

12. Юм юмны захтай. Гэрийнхээ тавилга, цахилгаан хэрэгслийг өөрөө засчихна, сантехникийн асуудал гарсан ч аргыг нь олчихно. Би гэртээ цахилгаанчин, сантехникч дуудаж үзээгүй.

13. Дэмий биз дээ. Өнгөрсөнд очоод өөрчилчихвөл үзэл бодол, цаашлаад хувь тавилан огт өөр болчихно.

14. Охиныхоо биед орж үзмээр байна. Аав, ээж нь нүдэнд нь хэрхэн харагддаг, охин минь юу хүсэж мөрөөддөг, хэрхэн баярладаг, томчууд өөрийг нь ойлгохгүй үед ямар мэдрэмж төрдгийг биеэрээ мэдэрмээр санагддаг.

15. Монгол орноо экстрим маягаар, мотоцикл унаад бүтэн тойрох мөрөөдөлтэй. Сэтгэлд хоногшсон сайхан газар зөндөө бий.

Б.ЯЛАЛТ: ХЭТ ИХ ХӨГЖИМ СОНСДОГ МИНЬ СУЛ ТАЛ БАЙЖ Ч МАГАД

  1. Багадаа бүжигчин болохыг мөрөөддөг байлаа. “American best dance crew” шоуг үзэх дуртай, Майкл Жексон болон Жанет Жексоны клипүүдэд гардаг бүжигчид шиг болохыг хүсдэг байв. Харамсалтай нь, энэ мөрөөдлөө биелүүлж чадаагүй ээ.

2. 2019 онд ээжийгээ Япон, Өмнөд Солонгосоор аялуулж, далай үзэх мөрөөдлийг нь биелүүлсэн юм. Тэгэхэд их баярласан байх.

3. “Үйлийн үр гэж бий. Тиймээс хэнд ч муу зүйл хийхгүй амьдраарай” гэж ээж минь хэлдэг. Ээжийнхээ захиснаар хэнд ч төвөг удахгүй амьдрахыг хичээдэг.

4. “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлагч Ц.Нацагдорж ахыг үлгэр дуурайл болгодог. Хөгжим, хүмүүжлээс авхуулаад хувийн зохион байгуулалт гээд олон зүйлийг түүнээс суралцсан.

5. Дуртай ажлаа тууштай хийж буйгаараа бахархдаг.

6. Би кофешоптой болохыг хүсдэг. Хүслээ биелүүлэхийн тулд гурван жилийн өмнө баристагаар суралцсан. Бас маш гоё цэцэрлэгтэй зуслангийн байшинтай болохыг хүсдэг. Хүслээ биелүүлж чадвал 20 жилийн дараа зуслангийнхаа цэцэрлэгт нарлаж сууна байх.

7. Арга хэмжээ хөтлөх үед сэтгэл хөдлөлдөө хэт автсанаас хүний нэр, цолыг буруу хэлсэн тохиолдол цөөнгүй. Тийм алдаа хэд хэд гаргасны
дараа их ичиж, засахыг оролдож, ажлаа маш хариуцлагатайгаар хийхийг хичээдэг болсон.

8. Шударга байхыг хичээдэг. Хэлэх гэснээ хэлж л орхидог. Буруутах нь ч бий, зөвдөх нь ч бий.

9. Миний нулимс ойр. Сэтгэл хөдөлгөсөн кино үзээд л уйлчихдаг. Сүүлд найруулагч Жэй Блэйксоны “I care a lot” киног үзэхдээ уйлсан.

10. Хүний нөөцийн чиглэлээр суралцахыг хүсдэг. Байгууллагад хүмүүсийг ажиллуулахын тулд ямар ямар чадвар эзэмшсэн байх, хүмүүстэй хэрхэн харилцах талаар судлах хүсэлтэй.

11. Ажил минь маш хариуцлагатай байхыг шаарддаг. Түүнчлэн бэлтгэлээ маш сайн базааж, цаг барьдаг байх ёстой. Гол нь ажилдаа сэтгэлээ зориулах хэрэгтэй. Хэтэрхий их хөгжим сонсдог минь сул тал байж ч болох юм.

12. Хоол сайн хийчихдэг шүү. Өөр зүйл санаанд орохгүй байна.

13. Өнгөрсөндөө очихыг хүсэхгүй байна.

14. Хэрэв Майкл Жексон амьд байсан бол шууд л түүнийг сонгох байлаа. Би арьс, өнгөөр ялгаварлан гадуурхахад маш их эмзэглэдэг. Майкл Жексон сэтгэлдээ юу мэдэрдэг байсныг мэдэхийг хүсэж байна.

15. Аялах дуртай. Завханы Улаагчны хар нуур надад маш их таалагдсан.

Б.ЯЛАЛТ: ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ АМЬДРАХ ХАМГИЙН САЙХАН

  1. Хүн сонирхолтой, дуртай зүйлээ хийж амьдрах сайхан. Би яг ингэж өөрийн сонирхлоороо амьдарч яваа. АНУ-д очиж ордноос NBA-ийн тоглолт тайлбарлаж, тоглогчтой нь ярилцсан минь нэг мөрөөдлөө биелүүлсэн явдал. Одоо дараагийн мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж байна.

2. Аав минь сэтгэл хөдлөлөө тэр бүр илэрхийлдэггүй, хатуу хүн байлаа. Намайг телевизийн хөтлөгч болсны дараа дүү нартаа “Миний хүү зурагтаар гардаг” гээд бахархаж, гайхуулж ярьсан гэдэг. Энэ тухай нь би бүр сүүлд, аавыгаа өөд болсны дараа сонссон.

3. Аав минь “Хийж буй бүх зүйлдээ эзэн бол. Чиний дараагийн хүн үргэлж бэлэн байдаг” гэж хэлсэн удаатай. Энэ үгийг нь үргэлж санаж явдаг.

4. “Eagle” телевизийн мэдээний албаны дарга байсан П.Баярмагнай ахаас үлгэрлэдэг. Үргэлж эерэг хандлага түгээдэг, биеэ маш гоё авч явдаг хүн.

5. Хэлж мэдэхгүй юм. Өнгөрсөн амьдрал, хийсэн бүтээсэн зүйлээ дүгнэх нас арай болоогүй байна.

6. Амьдрал тогтоод, хүүхдүүд маань томорчихсон, хийх зүйлээ
хийчихсэн байх учраас эхнэртэйгээ хоёулхнаа аялж зугаалаад л явж байна гэж төсөөлдөг.

7. Шууд нэвтрүүлгийн үеэр зөндөө алдаа гаргаж байлаа. Нүүр
улаймаар, камерын өмнө дахин суухад зүрх үхмээр алдаа гар-
гасан нь бий. Алдаанаасаа суралцаад л, өөрийгөө улам сайжруулаад урагшлах хэрэгтэй.

8. Шударга зан бий. Гэхдээ “Би шударга хүн” гээд амандаа орсон болгоныг хэлэх хэрэггүй. Ялангуяа хүний хувийн асуудалд хошуу дүрэх хэрэггүй санагддаг.

9. Хоёр жилийн өмнө хүүгийнхээ үсэглэлийн баяраар нулимс унагасан санагдаж байна.

10. Одоо байгаа минь хангалтгүй. Өөрийгөө бүх талаар улам хөгжүүлмээр байна. Бүр хэд дахин. Энэ талаар төлөвлөсөн зүйл бий.

11. Олны өмнө гардаг ажил хийдэг учраас биеэ хаана ч зөв авч явах шаардлагатай. Сүүлийн хоёр жил орой эрт унтаж, өглөө дасгал хийж байна. Өглөө эрт дасгал хийсэн хүн тэр өдрийг маш эрч хүчтэй, үр бүтээлтэй өнгөрүүлдэг.

12. Сайн аав, сайн хань байхыг хичээдэг.

13. Оюутан цагтаа эргэж очихыг хүсэж байна. Тэгвэл илүү хичээж сурах байсан.

14. Сагсан бөмбөгчин Леброн Жэймсийн биед орохыг хүсэж байна.

15. Хөвсгөл нуурын эрэгт гурван удаа очиж амарсан. Тэнд маш тайван байж, сайхан амарч чаддаг нь таалагддаг.

1
Савж уналааСавж уналаа
1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.