Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЮСМАДИ ЮСОФФ: БИД МОНГОЛЧУУДААС УУЧЛАЛТ ГУЙЖ “MAAF” ГЭЖ ХЭЛЭХ ЁСТОЙ

Манай улсад болж буй Ази, Номхон далайн улс орнуудын Парламентын чуулганд оролцохоор Малайз улсаас хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид иржээ. Тус улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа хэрцгийгээр алагдсанаас хойш хоёр улсын харилцаа хөндийрсөн нь үнэн. Энэхүү гэмт хэрэгт Малайзын одоогийн Ерөнхий сайд, тус улсын Батлан хамгаалахын болон цагдаагийн зарим дээд албан тушаалтнууд холбогдсоныг бид мэднэ.

Хэрэг гарснаас хойш тус улсаас ийм дээд хэмжээний төлөөлөгч Монголд ирсэнгүй. Малайзын Засгийн газар монгол бүсгүйн амийг хөнөөснийхөө төлөө “Уучлаарай” гэдэг үгийг хэлэлгүй өдий хүрлээ. Уулзахгүй гэсэн хүнтэйгээ гурав учирдаг гэдэг. Тэднээс үг сонсох боломж олдлоо.

Гэхдээ энэ сэдвээр ярихаас, Монголын сэтгүүлчидтэй уулзахаас Малайзын төлөөлөгчид илт булзаж байна. С.Оюун гишүүний туслалцаатайгаар Малайзын Парламентын гишүүн, хуульч Юсмади Юсоффтой товчхон ярилцлаа. Энэ дашрамд С.Оюун гишүүнд талархлаа илэрхийлье.

-Та Монголд анх удаа ирж байна уу?

-Тийм ээ?

-Гадны хүнээс үг сонс гэдэг. Манай орны талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш гайхалтай, тэр чигээрээ гайхашрал юм. Яагаад вэ? гэвэл, ийм эрс тэс цаг ууртай, улс орон, ард түмнийг захирч, дэлхийг эзэлж явсан Чингис хааны тухайд олон зүйл бодогдож байна. Өчигдөр шөнө бид танай загварын шоуг үзлээ. Эртний монгол дайчдын өмсөж байсан хувцас, эдлэл хөө хуягийг хараад Чингис хаан яг л ийм байсан байх даа гэж төсөөлж суулаа.

-Одоо цагийн Монголын тухайд…

-Танай оронд маш олон талын чадамж, бололцоо байгаа нь шууд мэдрэгдэж байна. Тухайлбал, УИХын гишүүн С.Оюун хатагтайтай уулзаад ямар өргөн мэдлэгтэй, туршлагатай улстөрч болохыг нь бахадлаа. Ийм лидерүүд Монголд олон байгаа гэдэгт итгэж байна. Чадварлаг улстөрч, удирдагчидтай, байгалийн асар баялаг нөөцтэй улс орон богино хугацаанд цэцэглэн хөгжих нь ойлгомжтой.

-Монголд хамгийн хүйтэн цаг үеэр Та иржээ. Даарахгүй байна уу?

-Бага зэрэг. Манай Парламентаас Монголд болох чуулганд оролцуулахаар томилох үед вэбсайтаас танай орны цаг уурын мэдээг хараад амьд үлдэж чадах болов уу гэж бодсон. (инээв) Учир нь Малайз халуун орон шүү дээ.

-Таныг Малайзын парламент дахь сөрөг хүчний төлөөлөл гэж сонслоо.

-Тийм ээ! Би Малайзын Ардын шүүхийн намаас парламентад сонгогдсон. Намынхаа гадаад харилцааны асуудал эрхэлсэн дарга.

-Эрхэм Юсофф! Завсарлага дуу сах гэж байгаа. Танаас гол зүйлээ асууя. Малай хэлэнд “Уучлаарай” гэдэг үг бодвол байдаг байх тийм үү?

-Мэдээж. Малай хэлээр уучлаарай гэдгийг “Maaf” гэдэг юм.

-Яагаад ингэж асуув аа? гэхээр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад хэрцгийгээр алагдсан. Түүнийг хөнөөсөн гэмт хэрэгт танай эрх баригч намын тэргүүн, одоогийн Ерөнхий сайдын нэр холбогддог. Энэ аймшигт хэрэг гараад удсан ч өдий болтол Малайзын Засгийн газар тэр эмэгтэйн зовж шаналсан ар гэрийнхэн, Монголын ард түмэнд эмгэнэл илэрхийлж уучлалт гуйдаггүйн учир юу юм бол? Яагаад “Maaf” гэдэг үгээ хэлдэггүй юм бэ?

-Энэ хэрэг гарах үед би Парламентад сонгогдоогүй байсан. Цэвэр улс төрийн зорилготой, тэр тусмаа манай эрх баригч намын дээд төвшний улстөрчид, Малайзын одоогийн Ерөнхий сайдын нэр холбогдсон аймшигт хэрэг гарсныг би мэддэг. Хэрэг одоо ч хяналтын шатандаа байгаа. Шүүхийн эцсийн шийдвэр гар тал хэн нэгийг буруутай гэж би хэлж чадахгүй. Ерөнхий сайдыг энэ хэрэгт холбоотой гэдгийг хараахан нотлоогүй байна. Би өөрөө хуульч мэргэжилтэй. Эцсийн эцэст эл хэргийг үйлдсэн хүмүүст гэм зэм онооно, хууль шударгаар үйлчилнэ гэдэгт итгэдэг. Хууль тэгш бус үйлчилдэг явдал Малайзад бий.

Үүнд сэтгэл эмзэглэж явдаг. Цагдаагийн дээд тушаалын хоёр офицер эл хэрэгт холбогдож шийтгэгдсэн шүү дээ. Ер нь хэн ч бай, гэмт хэрэг хийсэн л бол шударга шүүлтээс бултах газаргүй байх ёстой. Та яагаад Малайзын эрх баригчид “Maaf” гэж хэлэхгүй байна вэ гэж асуулаа. Тийм ээ, зөвхөн “Maaf” гэж хэлэх хангалтгүй.

Энэ хэрэг гарахаас өмнө Монгол, Малайзын харилцаанд ямар нэгэн “проблем” байсангүй. Гэтэл хэргийн дараагаас хоёр орны харилцаанд хүртэл өөрчлөлт орсон. Тиймээс урь дынх шиг хоёр орны хооронд сайхан харилцаа, илтгэлцлийг дахин бий болгох хэрэгтэй. Монголын ард түмний төдийгүй, дэлхий нийтийн өмнө Малайз эх орныхоо, ард түмнийхээ нэрийг цэвэрлэж авахын тулд бид “Уучлаарай” гэж хэлээд зогсохгүй, Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн гол эздийг олж тогтоон, шийтгэл хүлээлгэх ёстой юм.

Би Малайзын Засгийн газар, хууль, шүү хийнхнээс шударга байхыг шаардах болно. Үүнд минь итгээрэй. Та бүхний мессежийг Ерөнхий сайдад дамжуулна. Хэрвээ надад Ш.Алтантуяагийн ар гэрийнхэнтэй нь уулзах бололцоо олдох аваас “Уучлаарай” гэдэг үгийг заавал хэлэх болно. Хувийнхаа зүгээс Монголын ард түмэнд хандаж “Уучлаарай” гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлье.

-Хэрэв хэн нэгэн малай эмэгтэй Монголд амь насаа алдсан бол танай Засгийн газар яаж хандах байсан бол?

-Засгийн газраа төлөөлж ярих нь миний хувьд боломжгүй. Яагаад гэвэл би Засгийн газрын сөрөг хүчний төлөөлөгч. Гэхдээ хуульч хүнийхээ хувьд малай ч бай, монгол ч бай, яс үндэс, хүйс харгалзахгүйгээр гэмт хэрэг л бол гэмт хэрэг. Энд ямар нэгэн ялгаварлал байх ёсгүй гэж үздэг. Гэмт хэрэгт холбогдож хариуцлага хүлээх ёстой л бол хууль алагчлалгүй үйлчлэх болно.

Эдүгээ малайчуудыг маш хэрцгий ард түмэн гэх буруу ойлголт дэлхий дахинд түгэх бий гэдгээс би эмээдэг. Тийм ээ! Бид монголчуудаас уучлалт гуйж “Maaf” гэж хэлэх ёстой.

-Энэ үгний төлөө танд талархъя. Буцаж очиход чинь хориотой сэдвээр ярилаа гэх дарамт эрх баригчдынхаа зүгээс ирнэ гэж эмээхгүй байна уу?

-Магадгүй. Гэхдээ эмээх юм алга.

Ш.ДАВААДОРЖ, П.ШИНЭБАЯР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.