Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.ДЭЛГЭРМӨРӨН: “Тоонот”-ыг дэмждэг сонсогчдодоо талархаад баршгүй

Орчин үеийн хөгжим, тэр дундаа хип хопт дурлагсад “Тоонот” нэрийг андахгүй болсон биз ээ. Тус студитэй хамтран ажиллаагүй хип хоп хамтлаг, реппер бараг үгүй. Хит болсон олон дуу энэ студиэс “мэндэлсэн”. “Тоонот” студи гурван жилийн өмнөөс шинэ, залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж буй. Тухайлбал, хөгжмийн найруулагч, продюсер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн) зэрэг уран бүтээлчээр эгнээгээ тэлж байгаа. Студийн хөгжмийн найруулагч, продюсер Э.Дэлгэрм өрөнтэй цөөн хором ярилцлаа.

-Та сэтгүүлч мэргэжилтэй юм билээ. Хэзээнээс хөгжим, тэр дундаа хип хоп сонирхох болов?

-Багасаа сонирхсон. Харин сэтгүүлч мэргэжлийг дунд сургуульд байхдаа богино долгионы радио, телевизэд ажилладаг байсан учраас ойр санагдаж, эзэмшсэн юм.

-Хөгжмийн энэ урсгалын юу нь онцгой санагдсан юм бол?

-Цөөн үгээр хэлбэл, залуусын эрх чөлөөг илэрхийлэх үйц урсгал болохоор таалагддаг.

-Та “Eternal” гэх хамтлагтай байсан. Хамтлагийнхаа талаар ярина уу. Тэр үеэс хөгжмийн салбарт ажиллахаар шийдсэн үү?

-Багын найзуудтайгаа хамтлаг байгуулж, хип хоп урсгалаар дуу зохиодог байлаа. Хамтлаг тарсан ч хөгжмөөс холдоогүй.

-Хип хоп хөгжим сонирхогчид таныг “Дуал зэт” студид ажиллаж байснаар тань мэднэ. Тэнд хэр удаан ажиллав?

-Тус студийн захирал Н.Золжаргал ах санал тавьснаар 2013 оноос хамтарсан. 2016 он хүртэл тэнд ажиллахдаа Монголын хөгжмийн ертөнц өд өөр өөрсдийн онцлогоор туурвидаг олонх уран бүтээлчтэй хамтарч ажилласан.

-“Тоонот”-оо хэрхэн байгуулав?

-2016 оноос л бие даасан студи байгуулахаар бодсон ч нөхцөл нь бүрдэхгүй явсаар 2018 онд реппер Desant, OZ-trip найзтайгаа ярилцаж, хамтран студиэ босгосон юм.

-“Тоонот” одоо хэчнээн уран бүтээлчтэй вэ. Ямар шалгуураар уран бүтээлчдийг сонгож, хамтардаг юм бэ?

-Реппер Desant, OZ-trip, Bilgang, дуучин Jason нараас гадна хэд хэдэн шинэ уран бүтээлчээр “бүл нэмсэн”. Мэдээж ур чадвараас гадна манай “гэр бүл”-д нэгдэж чадах, эсэхийг шалгаж байж хамтардаг.

-Реп хийх сонирхолтой залуус олон ч уран бүтээлээ тууштай үргэлжлүүлж чаддаг нь ховор. Үүнд юу нөлөөлдөг бол?

-Тууштай зан дутдаг байх. Олонх нь шантардаг болов уу. Гаргасан жаахан амжилтдаа бардаж, залхуурдаг нь ч бий. Хатуухан хэлэхэд гаднын нөлөө бус, өөрсдийнх нь хичээл зүтгэл дутдаг.

-Гурван жилийн хугацаанд “Тоонот”-ынхон хамтарсан гурван цомог, тэр тооны тоглолт зохион байгуулсан. Ямар онцлогтой уран бүтээл үүд гаргахаар зорив. Тэр зорилгодоо хүрч чадсан уу?

-Бид өөрсдийгөө хөгжүүлж ажиллахыг эрмэлздэг. Мэдээж уран бүтээл чанартайгаас гадна цаг үеэ мэдэрсэн байх шаардлагатай. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд “Toonot Vol.1”, “Toonot Vol.2”, реппер Desant, Ka нарын хамтарсан “Money moves” цомгийг гаргасан. Одоогоор “Toonot Vol.3” цомгийн ажил үргэлжилж байна. Мөн уран бүтээлчдийн бие даасан цомгуудыг ар араас нь гаргана.

-Өнгөрсөн жил танай студиэс “цацсан” бүх дуу хит болсон. Уран бүтээл дээрээ хэрхэн ажилладаг вэ?

-Бид өөрсдийн хүссэнээрээ л туурвидаг. Хит болох, эсэх нь сонсогчдын таалал шүү дээ. “Тоонот”- ыг дэмждэг сонсогчдодоо талархаад баршг үй.

-Цаг үеэ дагаад залуусын сэтгэлгээ өөрчл өгдөж байна. Үүнийг мэдэрч, уран бүтээлдээ тусгахын тулд судалгаа хийдэг байж таарна. Хэрхэн судалдаг вэ?

-Залуус их мэдрэмжтэй, бас мэдээлэлтэй болсон. Бид судалгаа гэхээс илүү өөрсдийн мэдрэмжийг хөгжимдөө хөрвүүлж, түүнийгээ сонсогчдод хүргэхийг зорьдог. Энэ нь сонсогчдод илүү хүрдэг.

Бэлтгэсэн: А.Тайшир

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.