Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭХ ОРОНДОО ИРЭХИЙГ ХҮСДЭГ Ч ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА НАДАД БИЙ

“Дуучин Б.Амархүү кино урлагт хүч сорих нь” гэсэн мэдээлэл “Херо” энтертайнментийн шинэ уран бүтээлийн гол сурталчилгаа болсон гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч “Татар ажиллагаа”- тай холбоотой мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сараас хойш сонин хэвлэлийн хуудаснаас салаагүй биз. Ирэх сарын 10- нд нээлтээ хийх киноны зургийг хэдийнэ аваад дуусчихаж. Өнгөрөгч долоо хоногт Буриадын гавьяат жүжигчин Б.Амархүү киноныхоо дууг бичүүлж, түүнийгээ дүрсжүүлэхээр хоёр хоногийн хугацаатай ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

Дэндүү шахуу цагийн хуваарьтай түүнийг “отож”, зураг авалтынх нь сиймхийгээр уулзана гэсэн төлөвлөгөөтэй “Найрамдал” зуслангийн зүг хөлгийн жолоо заллаа. Биднийг очиход …Хэсэгхэн зовлонгийн салхинд Хэзээ ч чи намайг орхихгүй Хэцүүхэн амьдралын бартааг хамт туулахдаа Хэрхэвч гараас минь тавихгүйг чинь… хэмээн Б.Амархүүгийн дуу цууриатна. Дуучин Д.Батсүхтэй хамтран дуулсан шинэ уран бүтээлийн клип үзэгчдийн хүртээл болохоор дуншиж буй нь энэ. Тэрбээр 36 цагийн хугацаатай эх орондоо саатаж байгаа тул нар жаргахаас өмнө клипний зургаа авч дуусгахаар шамдаж байгаа залуусын ажлын цагаас хумслахыг хүссэнгүй. Өдөржин хүлээлээ. Орой 22.00 цагийн үед клипний зураг авах ажил дуусаж, арайхийн бидэнд ярилцах боломж олдсон.

“Өнөөдөр нэлээд шахуу цагийн хуваарьтай байгаа харагдлаа. Хэзээ буцах гэж байна вэ” гэсэн асуултад минь бугуйн цагаа харснаа “Яг 10 цагийн дараа ниснэ дээ” хэмээн хариулснаар бидний ярилцлага эхэллээ.

-Шинэ уран бүтээлийнхээ тухай сонирхуулаач.

-“Херо” энтертайнментийн хамт олны бүтээсэн “Татар ажиллагаа” инээдмийн киноны ажил дуусаж, нээлтээ хийхэд бэлэн болчихлоо. Ирэх сарын 10-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Сайхан хамт олон, чадварлаг уран бүтээлчдээс бүрдсэн баг ажилласан тул “Татар ажиллагаа”-г энэ оны хамгийн шилдэг уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Одоо бидэнд үзэгчдийн дүгнэлтийг хүлээх л үлдлээ.

-Энэ кинонд ямар дүр бүтээсэн бэ?

-Ядруухан айлын зовлон үзсэн залуугийн дүрд тоглосон.

-Зан араншингийн хувьд ямар залуу вэ?

-Надаас “Бүтээж байгаа дүр чинь тантай адилхан уу” гэж их олон хүн асуусан. Амьдралын зовлон жаргал, хатуу ширүүнийг амссан 33 настай залуу байгаа юм. Гэтэл би дөнгөж 23 настай. Тиймээс зан араншин төдийгүй амьдралын туршлага, өссөн орчин гээд бүхий л зүйлээрээ надаас огт өөр хүн.

-Тэгвэл танаас багагүй ур чадвар шаардсан байх нь ээ?

-Оногдсон дүрээ сайн гаргаж чадсан эсэхээ хэлж мэдэхгүй байна. Түүнийг үзэгчид дүгнэх биз. Энүүхэндээ л гэж өөрийгөө магтахад найруулагч Б.Баатар намайг их сайн жүжиглэж байна гэж магтсан. Гэхдээ ингэж магтаал сонсож байгаа нь миний мундгийнх биш. Киноны багийнхан маань их чадварлаг, сайхан хүмүүс байсан болохоор намайг аваад явчихсан. Жүжигчин Г.Эрдэнэбилэг ах гэхэд л байнга надад тусалж, зааж зөвлөж байсан. Дэлгэцнээ сайн найзуудын дүрд тоглосон шигээ бодит амьдралд ч сайхан ах дүүс, найз нөхөд болж чадсан.

-Энэ таны тоглож байгаа анхны кино юу?

-Тийм ээ.

-Кинонд тоглоход бэрхшээлтэй зүйл хэр их гарсан бэ?

-Монголоор сайн уншиж чаддаггүй тул кино зохиолтойгоо танилцахад хүндрэлтэй байсан. Тэр бүрт Эби ах “Яасан. Юу ойлгохгүй байна, миний дүү” гээд л гүйгээд ирдэг. Бусдаар төдийлэн бэрхшээл тулгараагүй гэж хэлж болно. Харин ч кинонд тоглосныхоо ачаар Монголд байгаагүйгээрээ удаж, сар гаруй болсон. Монгол хэлээр ч харьцангуй сайн ярьдаг болсон байгаа биз. Би дуулахын зэрэгцээ ая зохиодог. Үүнээс өмнө дандаа л орос хэв маяг ханхалсан дуу бичдэг байсан бол Монголд удаан хугацаанд байж, монгол уран бүтээлчидтэй хамтран ажилласныхаа ачаар монгол дууны онцлог, хэв маяг, хэмнэлийг одоо л мэдэрч, ойлгож эхэлж байна. Нөгөөтэйгүүр кино үзэж суухад зарим жүжигчид сайн жүжиглэх гэж дэндүү их хичээсэн нь хэт хиймэл, хуурай болчихсон харагддаг. Харин би жүжиглэх гэж хичээлгүй аль болох энгийн байхыг чухалчилсан.

-Таны урын санд монгол хэлээр дуулсан дуу олон бий юү?

-Цөөн хэд бий. Харин энэ жил зөвхөн монголчууддаа зориулсан цомог гаргахаар төлөвлөж байна. Киноны нээлтийн үеэр үзэгч, сонсогчдодоо давхар бэлэг барья гэж бодсон ч амжсангүй. Гэхдээ энэ ондоо багтаж цомгоо худалдаанд гаргана аа. Элэг нэгтнүүддээ барих шинэ оны бэлэг ч байж болох юм.

-Киноныхоо нээлтийн үеэр ирэх үү?

-Ирж амжих эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Ирэхийг их хүсэж байна. Ямартай ч ажлаа зохицуулахыг хичээнэ дээ. Ирэх сард хамтлагийн маань (“Премьер министр” хамтлаг) тоглолт Испанид болох юм. Тиймээс киноны нээлтийн үеэр ажил ихтэй л байх болов уу.

-Испанид танай хамтлагийн бие даасан тоглолт болох юм уу?

-Тийм ээ. Бид өнгөрсөн 2009 онд АНУ-д тоглолт хийсэн нь үзэгчдийн сэтгэлд нийцэж, Испанид тоглох урилга хүлээн авсан.

-Гаднын орнуудад монгол дуучин гэдгээ зарлахад үзэгчид хэрхэн хүлээж авч байна вэ?

-Гадаадын үзэгчид Монголыг сайн мэддэг юм билээ. Ялан гуяа “Чингис” гэхээр анддаггүй. Гэхдээ нөгөө сайн мэддэг “Чингисийн Монгол” нь орчин үеийн дуу дуулахаар их гайхаж хүлээн авдаг.

– М о н г о л ы н сонсогчид Б.Амархүүг дуучных нь хувьд сайн мэддэг ч, хувь хүнийх нь хувьд төдийлэн мэдэхгүй. Та өөрийнхөө зан араншинг хэрхэн тодорхойлох вэ?

-Би уг нь өөрийгөө их тайван хүн гэж боддог. Гэхдээ ээж минь “Монгол хүний цусанд байдаг омголон, хурц ширүүн зан чамд байдаг. Яг аавыгаа дуурайсан” гэж хэлдэг юм. Орос хүнтэй харьцуулахад үе үе түргэн цочмог зан гаргадаг ч, өөрийгөө их тайван л гэж дүгнэдэг шүү. Клипний зураг авахуулах үеэр л тэр дууныхаа алдаа оноог дүгнэн, түүнийгээ хичээнгүйлэн цаасан дээр бичиж, ажил хэрэгч, аливаад нямбай хариуцлагатай ханддаг гэдгээ харуулсан. Харин биднийг ярилцах үеэр гарын үсэг зуруулахаар ирсэн бүсгүйд “Би сонинд ярилцлага өгч байна” гэж хариулсан нь энэ байдлаа баталчих шиг л болов.

-Амархүү шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

-Би “Шүүмжлэл хүнийг хурцалдаг” гэж үздэг. Тиймээс бусдын шүүмжлэлийг сонсож хэрэгтэйг нь тусгаж аван, алдаа дутагдлаа засахыг чухалчилдаг. Ялангуяа найз нөхдийнхөө шүүмжлэлийг байнга хүлээж авдаг. “Народный артист”-ын ялагч болоод удаагүй байхад найзууд маань намайг “Их өөрчлөгдсөн. Олны танил болоод биеэ тоож байна” гэж шүүмжилж билээ. Тэр нь намайг бухимдуулах биш, харин ч “Үнэхээр би биеэ тоож байна уу” гэж өөртөө дүгнэлт хийхэд хүргэсэн. Би ер нь бялдууч хүнд дургүй. Тиймээс ч жинхэнэ найз гэдэг чамайг алдаа гаргаад бүдрэх үед “Ийм юм хүн бүрт л тохиолддог. Санаа зоволтгүй” гэж аргадах биш, “Хохь нь. Чиний л буруу шүү дээ” гээд хатуухан хэлчихдэг байх ёстой гэж боддог.

-Амархүү амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Ээж минь надад “Ямар ч сайн хүнд дутагдалтай тал бий. Сул талыг нь шүүмжлэх биш, сайн талыг нь харж сур. Үүний адил ямар ч муу хүнд давуу тал, сайн чанар бий. Түүнийг нь л олж хар” гэж сургадаг байсан. Тиймээс би хүмүүстэй харилцахдаа энэ зарчмыг баримталдаг.

-Олонх хүн “Бусдын итгэлийг алдах вий” гэж эмээдэг. Харин та юунаас айдаг вэ?

-Урагш гишгэж байгаа алхам бүр тань зөв байвал бусдын итгэлийг алдах, эсвэл намайг хүмүүс буруугаар ойлгох болов уу гэж айх хэрэггүй болох байх. Тиймээс би зөв хүн байж, үйлдэл бүрээ зөв байлгахыг л хичээдэг. Аливаа шийдвэр гаргахдаа их олон талаас нь боддог. Монголчууд “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шүү дээ. Яг л тэр зарчмыг баримталдаг.

-Киноны зураг авч байх үеэр таныг хэд хэдэн удаа ирж, буцсан гэж байсан.

-Хоёр ч удаа Монголд ирж, сар гаруй байж байгаад буцсан. Энэ гурав дахь нь.

-Монголд ирэхэд ер нь ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Ер нь ямар ч уран бүтээлч ачаалал ихтэй ажилладаг болохоор замд явахад их ядардаг. Харин би эх орондоо ирэх дуртай. Энд ирээд ан хийгээд, хөдөө агаарт гараад буцах юу юунаас илүү сайхан амралт болдог. Монголчууд эртнээс л төрсөн газраа очиж хөрвөөвөл өвчин эмгэг эдгэж, эрч хүч авдаг гэлцдэг байсан. Түүний адил би Монголд ирэхээрээ ажиллах урам зориг, эрч хүчээр цэнэглэгддэг.

-“Эх орондоо амьдаръя” гэсэн бодол төрдөг үү?

-Эх орондоо амьдрахыг их хүсдэг. Гэхдээ надад эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж бий. Хэрэв би монгол хүн биш байсан бол “Народный артист” уралдаанд түрүүлэхгүй байсан гэж боддог юм. Эх орны минь заяа түшиж, тэр том тэмцээнд амжилт гарган, өнөөгийн өндөрлөгт хүрчихээд байгаа тул одоо би хариуг нь барих ёстой. Тиймээс залуу, ихийг хийж бүтээх чадалтай байгаа үедээ өөрийн чадах хэрээр дэлхий дахинд Монгол орноо сурталчлахыг хүсэж байна. Үүний тулд шаргуу хөдөлмөрлөж, ихийг хийж бүтээх хэрэгтэй. Хэрэв би Монголдоо амьдарч, зөвхөн монголчууддаа зориулан уран бүтээл туурвиад байвал энэ үүргээ биелүүлж чадахгүй. Тиймээс ойрын хэдэн жилдээ Москвад байх болов уу. Гэхдээ зорилгодоо хүрч, тэтгэвэрт гарах цаг болоход эх орондоо ирж амьдарна аа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.