Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эх орны дайны ялалтын 65 жилийн ойд Ерөнхийлөгч оролцлоо

 Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай ч Зөвлөлтийн ард түмний гайхамшигт ялалтаар төгссөн Аугаа их Эх орны дайны ялалтын 65 жилийн ойн баярыг ОХУ, тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Зөвлөлтийн холбоотон байсан улсын хамт өчигдөр тэмдэглэлээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцов. ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар уг арга хэмжээнд манай Ерөнхийлөгчөөс гадна БНХАУын дарга Ху Жинтао, ХБНГУ-ын Канцлер А.Меркель, БНФУ-ын Ерөнхий Сайд Франсуа Фиёон, Израилийн Ерөнхийлөгч Ш.Перес зэрэг дэлхийн 30 орны удирдлага Москвад хүрэлцэн очив.

Гурван тивийн 61 улсыг хамарч, 50 гаруй сая хүний аминд хүрсэн дэлхийн II дайнд Зөвлөлтийн ард түмэн 26 сая 600 мянган хүнээ алдсан байна. Ямар үнэ цэнээр ялалт олдсоныг мартаагүй, мартах ч учиргүй гэдгийг жил бүрийн энэ өдөр ОХУ-ын ард түмэн дэлхийд харуулдаг. Германы фашистууд ЗХУ-д халдсан эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний хийсэн тэмцэлд Монгол Улс нэгдэн орсон. Эх орны дайнд холбоотнууд ялалт байгуулахад Монголын ард түмний зүгээс үзүүлсэн эд материалын туслалцаа нь эдийн засгийн төдийгүй, сэтгэл санааны хувьд асар их дэмжлэг болсныг Оросын ард түмэн мартаагүйг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь мэдээлж буй. Монголын ард түмний түүхэн гавьяаг мөнхөлсөн Поклонная уулан дахь Аугаа их Эх орны дайны ялалтын Төв музейгээр Ерөнхийлөгч зочилсон байна. Дэлхийн II дайны тухай өгүүлсэн ховор нандин үзмэр, баримттай, манай гариг дээрх хамгийн том уг музейд дайн зарласан өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22- ны өдөр хуралдсан МАХН-ын Төв Хорооны болон БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоол хадгалагдаж байдаг.

Дайны хүнд өдрүүдэд манай ард түмнээс 15 мянган нэхий дээл, эсгий гутал, бээлий илгээсний дурсгал болгож шилэн хоргонд хагас богино нэхий дээлийг хадгалжээ. Аугаа их Эх орны дайны ялалтын баярын ёслолын ажиллагаанд ОХУ-ын Төрийн тэргүүний урилгаар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 8-нд дайнд оролцож явсан ахмад дайчидтай уулзсан байна. Энэ өдөр Москва дахь Элчин сайдын яамны байранд Халх голын дайн, Эх орны дайнуудад оролцож явсан Орос, Монголын ахмад дайчид, баатрууд, хоёр орны найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд дайны болон энхийн цагт онцгой үүрэг гүйцэтгэж явсан зүтгэлтнүүд, одоогийн ОХУ-ын Зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнууд ирсэн байв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялалтын баярын мэнд хүргэж “Хойч үе биднийхээ төлөө амь биеэ үл хайрлан тулалдсан Та бүхнийхээ гарыг атган, мэхийн ёслох гэж би алс холоос ирлээ. Энэ өдрийг дэлхийн II дайнд оролцсон бүх орны ард түмний нэгэн адил Монголын ард түмэн бахархан тэмдэглэдэг билээ. Миний эх орны 2.7 сая халуун зүрх дайнд амиа алдсан 27 сая Зөвлөлтийн баатрыг мартаагүй, мартах ч учиргүй юм” гэлээ.

Мөн ОХУ-ын зарим иргэн, эх орны дайн болон 1939 оны Халхын голын байлдаанд оролцсон “Монголын анд нөхөр” нийгэмлэгийн гишүүн, ЗХУ-ын сансрын нисэгч, хошууч генерал Л.А.Жанибеков, хошууч генерал Г.Т.Панкратов нарыг “Алтангадас” одонгоор, ОХУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, хурандаа генерал А.Н.Постников, ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны алс дорнодын орнуудтай харилцах хэлтсийн дарга В.П.Бойко нарын хүмүүсийг “Найрамдал” медалиар шагнав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.